Банкны тухай хуульд орсон өөрчлөлтийн дагуу энэ оны зургаадугаар сарын 30 гэхэд арилжааны банкууд хөрөнгийн зах зээл дээр IPO гаргах ёстой. IPO гэдэг нь хувьцаагаа олон нийтэд анх удаа санал болгох гэсэн үг.
Сүүлчийн 30 жилд томоохон өөрчлөлт хийгээгүй байсан банк санхүүгийн салбарт 2016 оноос хойш дорвитойхон шинэчлэл хийж эхэлсэн юм. 2020 оны эхээр Банкны салбарын шинэтгэлийн хөтөлбөрийг Монголбанкнаас баталсан. Хөтөлбөрийн хүрээнд хууль эрх зүйн орчинг шинэчлэв. Гэсэн хэдий ч, банкны засаглалын нээлттэй, ил тод байдлыг олон улсын түвшинд яаж хүргэх вэ гэх асуудал зүй ёсоор гарч иржээ.
Энэ асуудал яагаад гарч ирэв гэвэл сүүлчийн 30 жилд үйл ажиллагаагаа явуулж байсан 35 банкнаас одоо ердөө 11 банк л үлджээ. Дампуурсан банкуудыг шинжилж үзэхэд банк эзэмшигч эзэн өөрийнхөө харилцаа холбоо бүхий компаниудад зээл олгосноос болсон байна. Уг зээлүүд нь төлөгдөөгүй, чанаргүй зээл болсноор банкууд ийнхүү олноор дампуурчээ. Өөрөөр хэлбэл тухайн банкны засаглал сул байсантай холбоотой. Үүнээс сэргийлэх гарц гаргалгаа бол аливаа банкийг олон нийтийн компани болгох.
Үүнийг шийдэх зорилгоор Банкны салбарын шинэтгэлийн хөтөлбөрийн хүрээнд банкуудыг IPO хийлгэх, хувь эзэмшлийн төвлөрлийг бууруулах зорилт тавьсан байна. Ингээд Банкны тухай хуульд 2021 оны нэгдүгээр сарын 28-нд нэмэлт өөрчлөлт оруулснаар банкнуудын IPO хийх хуулийн хугацааг зааж өгчээ. Үүний дагуу 2022 оны зургаадугаар сарын 30-ны дотор банкны системийн нөлөө бүхий таван банк зах зээлд нээлттэй болно. Өөрөөр хэлбэл ХХК биш ХК-ийн хэлбэр рүү шилжих юм.
Одоогийн байдлаар IPO-г хугацаандаа гаргана гэдгээ мэдэгдсэн банкууд холбогдох материал, хүсэлтээ Монголбанк болон СЗХ-д эхнээсээ ирүүлээд эхэлжээ. Монголбанк арилжааны банкуудийг хянадаг хэдий ч, арилжааны банкууд хувьцаагаа хөрөнгийн зах зээл дээр гаргах тул хоёр талаас зөвшөөрөл өгөх юм байна.
Банкууд хувьцаагаа гаргаад эхэлсэн бол мөнгө “босгох” ажил нэг их асуудалгүй бололтой. Тухайлбал, өнгөрсөн арванхоёрдугаар сард Богд банк IPO хийснээрээ хэдийн 30 тэрбум төгрөгийг хөрөнгийн зах зээл дээрээс “халаасалж” чаджээ. Богд банк гэснээс банкны системд нөлөө бүхий таван банкнаас бусад банк IPO гаргах эсэхээ өөрсдөө шийдэх юм. Харин Богд банкны хувьд биржээс мөнгө татан хөрөнгөө нэмэгдүүлэх, ил тод байдлаа сайжруулах зорилгоор IPO хийсэн нь энэ.
Харин одоогийн нөхцөл байдалд IPO гаргах таван банк мөнгө "халаасалж" чадах эсэх нь асуудалтай байна.
Тэр юу вэ гэвэл эдийн засгийн нөхцөл байдал хүнд үед нийт 700-800 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг богино хугацаанд олон банк босгож чадах уу? гэдэг асуудал. Ер нь бол олон улсын ч тэр, монголын ч тэр зах зээлд IPO гаргах нь 100 хувь баталгаатай биш гэдгийг холбогдох мэргэжилтнүүд хэлдэг юм билээ. Тэгэхээр хөрөнгө оруулагч нарын зүгээс IPO гаргах компанид хэр итгэж, сонирхож хувьцааг нь авах, мөн банкууд өөрсдөө ямар менежмент хийхээс компанийх нь хувь заяа шалтгаалах нь.
Банкууд өөр өөрсдийн тусгай төлөвлөгөөтэй. ХААН банкны хувьд ажилтнууддаа хувьцаанаасаа зарна гэдгээ олон нийтэд мэдээлчихсэн. Түүнчлэн "ийм хэмжээгээр гаргах гэж байгаа манай хувьцаанд та нар оролцох уу” гээд томоохон компаниудтай гэрээ хэлцэл хийгээд явж байгаа банк ч байна.
Мэргэжлийн хүний үг ч гэсэн “аль болох олон хүнээс мөнгө татвал амжилттай болно” гэж дүгнэж байна билээ.
Хувьцаагаа олон нийтэд санал болгохын тулд банкууд андеррайтер буюу мэргэжлийн үйлчилгээ үзүүлдэг компанитай хамтран ажилладаг. Андеррейтар компаниуд тухайн банкны 5, 10 жилийн бизнес төлөвлөгөө, ашиг орлого гэх мэт бүх зүйлийг нь тооцон нэгж хувьцааны үнэлгээг тодорхойлж өгнө. Үүний дагуу банкууд хувьцаагаа ийм үнээр зарна хэмээн олон нийтэд санал болгодог байна.
Ямартай ч банкууд хөрөнгийн зах зээл дээр хувьцаагаа амжилттай зарахын төлөөх ширүүхэн тэмцэл дунд завгүй явна.
Эцэст нь хэлэхэд энэ бүхэн санхүүгийн болон хөрөнгийн зах зээлийн хөгжилд эерэг нөлөө үзүүлэх нь дамжиггүй. Учир нь авах бүтээгдэхүүн цөөхөнтэй хөрөнгийн зах зээл сонголттой болж байна. Олон нийтийн эзэмшил бүхий компанийн эзэн хүмүүст өөрийн дураар зээл өгч чадахгүй. Банкууд хяналттай, үйл ажиллагаа нь ил тод, чанга аудиттай, тогтвортой байдалтай болно. Дотоод засаглалд нь ч өөрчлөлт орж, тайлангаа улирал бүр Хөрөнгийн биржид өгөх юм. Гэхдээ нэг сул тал байна аа.
Зөвхөн эзэн шийдвэр гаргадаг байсан бол ТУЗ-аараа хуралдан ливаа асуудлаар шийдвэр гаргах болох тул компанийн шийдвэр гаргах порцесс л нэлээд удах нь.