Манай валютын нөөц 7-8 сарын хэрэгцээг хангахаар байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Манай валютын нөөц 7-8 сарын хэрэгцээг хангахаар байна

-2022 он гарснаас хойших хугацаанд гадаад валютын нөөц тасралтгүй буурсаар байна-

Монголбанкны үндсэн зорилт нь үндэсний мөнгөн тэмдэгт-Төгрөгийн тогтвортой байдлыг хангахад оршдог. Мөн Монголбанк нь хуулийнхаа дагуу Монгол Улсын гадаад валютын нөөцийг удирдаж, эзэмшдэг билээ. Гадаад валютын албан нөөц гэдэг нь Монгол Улсад орж, гарч буй валютын урсгал зөрүүгээр тодорхойлогддог байна. Иймийн тулд аль болох ахиу ам.доллар олж ирж, гадагшаа бараа, бүтээгдэхүүн ихээр экспортлох тусам валютын нөөц өсдөг. Харин эсрэгээрээ гадагшаа бараа, бүтээгдэхүүн бага экспортолж, гаднаас илүү их бүтээгдэхүүн импортлох нь нийт нөөцийг багасгах нөлөөтэй юм.

Монголбанкны албан ёсны мэдээллээр гадаад валютын албан нөөц 2022 оны нэгдүгээр сарын байдлаар 3.9 тэрбум ам.доллартай тэнцэж байна. Энэ нь өмнөх сараасаа 300 орчим сая ам.доллараар буурсан үзүүлэлт юм.

Эх сурвалж: Монголбанк

2022 он гарснаас хойших хугацаанд гадаад валютын нөөц тасралтгүй буурсаар байгаа аж. Сүүлийн үеийн мэдээгээр гадаад валютын нөөц 3.2 тэрбум ам.долларт хүрч, гурван сарын дотор нэг тэрбум орчим ам.доллараар хорогдсон гэх мэдээлэл ч байгаа.

Тэгвэл гадаад валютын албан нөөц буурах нь ямар сөрөг нөлөөтэй вэ?

Товчхоноор хэлбэл, гадаад валютын нөөц их байх нь валютаар төлбөр тооцоо хийх чадамж нэмэгдэж байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, валютын зах дээр ам.доллар элбэгшиж, тэр хэрээр төгрөгийн ханшид эерэгээр нөлөөлдөг байна. Харин эсрэгээрээ валютын нөөц багассанаар ханшид сөргөөр нөлөөлөх нэг шалтгаан болдог. Валютын ханш гэдэг зүйл эрэлт, нийлүүлэлтийн хуулиараа тодорхойлогддог аж. Эрэлт гэдэг нь нь манай улсын гадагш төлж байгаа валют. Харин нийлүүлэлт нь гадаад валютын албан нөөц буюу Монгол Улсад орж ирж буй валютын урсгал юм. Энэ утгаараа гадаад валютын албан нөөц аливаа улсын эдийн засгийн өрсөлдөх чадвар, гадагш хэр их бүтээгдэхүүн экспортолж, валют олж ирдэг вэ гэдгийг илэрхийлж байдаг. Тиймээс гадаад валютын нөөц нэмэгдэх эсэх нь Засгийн газрын бодлогын түвшинд эдийн засгаа хэрхэн “солонгоруулж”, өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх вэ гэдэг бодлогоос л хамаардаг.

Өнөөгийн нөхцөлд бол урд хөрш “тэг ковид” бодлогоос үүдэлтэй хилийн хязгаарлалт тогтоосон. Хойд хөршийн дайны нөхцөл байдлаас үүдэлтэйгээр манай улсын гадаад нөхцөл байдал ихээхэн таагүй болоод байна. Үүнтэй холбоотойгоор манай улсад орж ирэх валютын урсгал татарч байгаа хэдий ч, нөгөө талаараа дотоодын эдийн засгийн идэвхжилтэй холбоотойгоор валютын эрэлт өндөр хэвээр байгаа аж. Валютын урсгал татарсан энэ үед Монголбанк эрэлтийг хангах зорилгоор валютын дуудлага худалдаагаар банкуудад ам.доллар нийлүүлсээр байна.

Монголбанкны албан сайтаас харвал он гарснаас хойш Монголбанк валютын дуудлага худалдаагаар банкуудад 1.5 тэрбум ам.доллар нийлүүлсэн байгаа нь эрэлт өндөр, нийлүүлэлт бага байгааг илтгэх нэг том үзүүлэлт юм. Он гарснаас хойш ам.долларын төгрөгтэй харьцах ханш аажмаар чангарсаар байгаа. Албан ёсны статистикаас харвал ам.долларын ханш төгрөгийн эсрэг сүүлчийн гурван сар орчмын хугацаанд 1.5 хувиар сулраад байна. Үүнийг Монголбанкны зүгээс огцом хэлбэлзэл гэж үзэхгүй байгаагаа мэдэгдсэн бөгөөд цаашдаа ханш тогтворжих боломжтой гэдгийг онцолж байгаа.

Нөгөөтэйгүүр Монголбанкны зүгээс манай улсын гадаад валютын нөөц одоогоор импортын 7-8 сарын хэрэгцээг хангахуйц түвшинд байгааг мэдээлсэн. Олон улсад мөрдөгддөг түгээмэл зөвлөмжөөр бол аливаа улс орон дор хаяж, импортынхоо гурван сарын хэрэгцээг хангахуйц түвшинд гадаад валютын нөөцөө хуримтлуулж байх ёстой. Үүнээс доошилбол, эдийн засаг, санхүүгийн тогтвортой байдал, цаашилбал үндэсний аюулгүй байдалд ч сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй. Энэ агуулгаар харвал, манай улсын гадаад валютын нөөц эрсдэлтэй түвшин болох гурван сарын хэрэгцээг хангахуйц түвшнөөс 2.5 дахин их байна. Гэхдээ тайвширч хараахан болохгүй. Экспортын гарцаа нээж, валютын урсгалаа нэмэгдүүлэхгүй бол Монгол Улсын гадаад валютын нөөц хязгаарлагдмал бөгөөд хэрвээ нөөцөө шавхчихвал, ханш огцом дээшээ “харваж”, жинхэнэ утгаараа эдийн засаг, санхүүгийн гүн хямралд орох эрсдэл бий. Үүнээс сэргийлэхийн тулд Засгийн газрын түвшинд хил, гаалийн асуудлаа бүрэн шийдэж, томоохон төслүүдээ хөдөлгөж, доллар ахиухан олж ирэх л шаардлагатай байна даа.

“ОПЕК“, “ОПЕК+“ газрын тосны олборлолтоо нэмэгдүүлэхээс татгалзлаа
“ОПЕК“, “ОПЕК+“ газрын тосны олборлолтоо нэмэгдүүлэхээс татгалзлаа
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.