ТҮГЭЭМЭЛ ХӨГЖИЛ ТӨВ: Завгүй өнгөрүүлсэн нэг сарын тэмдэглэл
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТҮГЭЭМЭЛ ХӨГЖИЛ ТӨВ: Завгүй өнгөрүүлсэн нэг сарын тэмдэглэл

- ИРГЭНИЙ НИЙГМИЙН МЭДЭЭ -

/2022.3.14/ Түгээмэл Хөгжил төв нь 2010 онд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн үүсгэл санаачлагаар байгууллагдсан. Хөгжлийн бэрхшээлтэй хүний хүндрэл хэлбэрээс үл хамааран бие даасан, эрхэм зэрэгтэй, эрх тэгш амьдрах боломж бүхий хүн бүрт хүртээмжтэй нийгмийг бий болгох зорилготой ажилладаг Төрийн бус байгууллага юм.

Энэ төрийн бус байгууллагын өнгөрөгч хоёрдугаар сарын үйл ажиллагааны тэмдэглэлийг та бүхэнд хүргэж байна.

ЯПОНЫ БИЕ ДААН АМЬДРАХ ТӨВҮҮДТЭЙ ОНЛАЙН СУРГАЛТ
ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА

Япон улсын “Human care” БДА төв, “Hino” БДА төв болон “Minаmi tama” БДА төвүүд хамтран 2021 оны зургаадугаар сараас 2022 оны гуравдугаар сар хүртэл нийт 10 сарын хугацаатай Peer counseling уулзалтыг чиглүүлэн явуулах зөвлөгч бэлтгэх онлайн сургалтыг зохион байгуулж байна.

Уг сургалтад Түгээмэл Хөгжил төвийн 10 ажилтан хамрагдаж хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс хоорондоо ярилцлага хийх, peer counseling хийх аргачлал, бүлгийн болон ганцаарчилсан уулзалтын онцлог ялгаа, цаг хуваарилах, уулзалтын дүрэм журам зэрэг сэдвүүдээр зохион байгуулагдаж байна.

“ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮНИЙГ БИЕ ДААН АМЬДРАХАД НЬ ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ ХӨДӨЛМӨРТ БЭЛТГЭХ, ЧИГЛЭЛЭЭР СУДАЛГАА ШИНЖИЛГЭЭ ХИЙХ” ТӨСӨЛ

ХНХЯ, ХБХХЕГ Түгээмэл Хөгжил төвтэй хамтран Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг бие даан амьдрахад нь дэмжих хувийн туслахын загвар төслийг 2021оны 11-дүгээр сарын 25-аас 2022 оны 01-дүгээр сар хүртэл 2 сарын хугацаатай амжилттай хэрэгжүүлж дууслаа.

Уг төсөлд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн онцлог бүрийн төлөөлөл болсон 35 хүнийг төсөлд хамруулж, хэрэгцээ шаардлагыг нь тодорхойлон, нөхцөл байдлын үнэлгээ хийж гэрээ байгуулсны дараа хувийн туслахын үйлчилгээг үзүүлэн ажиллалаа.

Төслөөр хувийн туслахын үйлчилгээ үзүүлэхээс гадна Peer counseling зөвлөлдөөн зохион байгуулах хувийн туслах ажилтан бэлтгэх журмын хэрэгжилтийг сайжруулах мөн судалгааны ажлуудыг хийж хэрэгжүүллээ. Төслийн хүрээнд 100 оюутан залуусыг бэлтгэн цагийн ажлаар ханган ажиллав.

ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГЫН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛЭХ
ТӨСЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЛЭЭ

Түгээмэл Хөгжил төв Азийн сангийн дэмжлэгээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төрийн бус байгууллагуудын оролцоог нэмэгдүүлэх, чадавхжуулах төслийг 2 сарын хугацаатай амжилттай хэрэгжүүлж дууслаа.

Төслийн хүрээнд Улаанбаатар хотын болон хөдөө орон нутгийн 30 хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ТББ-д чадавхжуулах төслийг өнгөрсөн оны 11 сараас эхлэн хэрэгжүүлэв. Төслөөр ТББ-д хийсэн чадавхын судалгааг хийж тэндээсээ 15 байгууллагыг сонгон авч ХБИ-ын ТББ-ын нийгмийн оролцоог нэмэгдүүлэх хамтын ажиллагааг сайжруулах 2 өдрийн сургалтыг хийсэн.

Нийслэлийн Баянгол, Сонгино хайрхан дүүргийн нэг нэг хороон дээр дэд бүтцийн үнэлгээ хийж, хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулж угтах үйлчилгээний ажилтан дуудах дуудлагын хонх суурилуулахаас гадна хонх суурилуулсан 2 хорооны ажилчдад хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй хэрхэн харилцах арга техникийн талаар сургалтыг зохион байгуулав. Мөн төслийн хүрээнд сонгуульд хөгжлийн бэрхшээлтэй хүн оролцоход хэрхэн дэмжлэг үзүүлэх талаар анхны товч гарын авлагыг хийж хамтран ажилласан байгууллагууддаа хүргүүлэв.

Гарын авлагыг ЭНД ДАРЖ үзнэ үү.

“ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮМҮҮСИЙН ЦАХИМ ХЭРЭГЛЭЭНИЙ УР ЧАДВАРЫГ НЭМЭГДҮҮЛЭХ, ОНЛАЙНААР ДАМЖУУЛАН СУРГАЛТ, ЗӨВЛӨГӨӨ ӨГӨХ ТӨСӨЛ” ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Түгээмэл Хөгжил төв Австрали улсын элчин сайдын яамны санхүүжилттэй “Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн цахим хэрэглээний ур чадварыг нэмэгдүүлэх, онлайнаар дамжуулан сургалт, зөвлөгөө өгөх төсөл 2021.11-2022.5 сарын хооронд хэрэгжүүлж байна.

Энэхүү төсөлд Улаанбаатар болон орон нутгийн 18-36 насны 20 хөгжлийн бэрхшээлтэй иргэд 6 сарын турш цахимаар оролцож байгаагаараа онцлог юм. Төслийн хүрээнд Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг чадваржуулах, цахим сүлжээний зөв ашиглалт, хэрэглээг дэмжих, компьютерын хэрэглээний анхан шатны сургалтууд болон zoom meeting, Gmail, Teams meeting ашиглах сургалт мөн дэд бүтцийн хүртээмжтэй орчинд үнэлгээ хийх хөдөлмөр эрхлэлтэд бэлтгэх эрэг ажлууд төслийн хүрээнд хийгдэнэ.

Мөн төсөлд идэвхтэй хамрагдсан, цаашид хөдөлмөр эрхлэх сонирхолтой хөгжлийн бэрхшээлтэй 3 хүнийг сонгон авч чадварыг нэмэгдүүлэх, сошиал контент, график, дизайн бэлтгэх мэргэжлийн сургалтад хамруулж ажлын байрт зуучлах зэрэг ажлуудыг зохион байгуулах юм.

ОЛОН УЛСЫН ТЭРГЭНЦРИЙН ӨДӨР
(INTERNATIONAL WHEELCHAIR DAY)

Жил бүрийн 3-р сарын 1-ний өдрийг олон улсын тэргэнцрийн өдөр (International Wheelchair Day) буюу тэргэнцэртэй иргэдийн амьдралд эерэг нөлөө үзүүлэх, тэдний өдөр тутмын нийгмийн оролцоог нэмэгдүүлэхэд саадгүй байдал, хүртээмжийг сайжруулах эрхийн өдөр болгон тэмдэглэдэг.

Анх 2008 оноос эхэлсэн энэхүү тэмдэглэлт өдрийг Австрали, Непал, Сенегал, Өмнөд Африк, Бангладеш, Пакистан, Нэгдсэн Вант Улс, Америкийн Нэгдсэн Улсууд жил бүр уламжлал болгон тэмдэглэж иржээ. Монгол улс ч гэсэн энэ өдрийг тэргэнцэртэй иргэдийн нийгмийн оролцоог нэмэгдүүлэх, хэрэгцээ шаардлагыг таниулах, хүртээмжтэй нийгмийг бий болгох уриан доор тэмдэглэж ирсэн.

2022 оны “International Wheelchair Day”-ийг орчны хүртээмжийг нэмэгдүүлж, хүн бүрийн оролцоог хангасан нийгмийг бий болгоё уриатайгаар Түгээмэл Хөгжил төвийнхөн нөлөөллийн алхалт зохион байгууллаа. Тэргэнцэртэй төдийгүй дугуйт хэрэгсэл ашигладаг хүн бүхэнд энэ өдөр чухал бөгөөд амьдарч байгаа орчин нөхцөлөө бүх хүнд хүртээмжтэй, хүнлэг, энэрэнгүй нийгмийн төлөө дуу хоолойгоо хүргэх нь тус өдрийг зорилго агуулагддаг. ️

Алхалтад Түгээмэл Хөгжил төвийн гишүүд, ажилтан, цагийн хувийн туслах ажилтнууд, Идэрх их сургуулийн нийгмийн ажилтны ангийн оюутнууд, Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн сэтгэл зүйн ангийн оюутнууд, Солонго оюуны бэрхшээлтэй хүмүүсийн ТББ, Иргэн төсөл төгсөгчдийн холбооны сайн дурын залуус нийлсэн 50 гаруй хүний бүрэлдэхүүнтэй алхалтыг зохион байгууллаа.

Хүн бүрд ээлтэй нийгмийн төлөө хамтдаа видеог ЭНД ДАРЖ үзнэ үү.

ТЭГШ БОЛОМЖ ТӨСӨЛ ХЭРЭГЖИЖ БАЙНА

JCI Централ салбар байгууллагаас санаачлан явуулж буй Тэгш боломж төслийн Buddy хөтөлбөрт Түгээмэл Хөгжил төвийн залуус оролцож байна. Төслийн хүрээнд Түгээмэл хөгжил төвийн гишүүдээс 15 тэргэнцэртэй хүн, JCI байгууллагаас 15 хүн тус тус оролцож 8 сарын хугацаатай хоорондоо нөхөрлөх, олон нийтийн үйл ажиллагаа зохион байгуулах юм.

Түгээмэл хөгжил төвөөс мэдээллээ. Та бүхэн тус төвтэй 7601 5800 дугаарын утсаар холбогдоорой.

Нийт 92 тохиолдол бүртгэгдсэнээс 60 нь нийслэлд бүртгэгджээ
Нийт 92 тохиолдол бүртгэгдсэнээс 60 нь нийслэлд бүртгэгджээ
 
Ханги-Мандалын боомтоор 8-аас доош суудалтай автомашинаар хил нэвтрэх боломжтой боллоо
Ханги-Мандалын боомтоор 8-аас доош суудалтай автомашинаар хил нэвтрэх боломжтой боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.