МӨСНИЙ БАЯР: Цэнгэгээс цэнгэг, Цэврээс цэвэр
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

МӨСНИЙ БАЯР: Цэнгэгээс цэнгэг, Цэврээс цэвэр

Цар тахлын улмаас хоёр жил өнжсөний эцэст "Хөх сувд-2022" мөсний баяр энэ жил 20 дахь жилдээ зохион байгуулагдлаа. Энэхүү баяр мөс нимгэн байсны улмаас 2014 онд мөн өнжиж байсан удаатай.

Анх 1999 онд Хөвсгөлийн тусгай хамгаалалттай газрын байгаль орчны байцаагчаар ажиллаж байсан Д.Лхагвацогтын санаачилгаар тус баярыг зохион байгуулж байжээ. Тухайн үед Хөвсгөл нуурыг хамгаалах, өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, мөн ашиглагдахаа больсон морин чарганы өв уламжлалыг дахин сэргээх зорилгоор анх 8 морин чарга, 13 тэшүүрчинтэйгээр зохион байгуулж байсан аж. Түүнчлэн тухайн үед 100 гаруй хүн ирж үзэж байжээ. Үүнээс хойш тус баярыг тасралтгүй тэмдэглэн жилээс жилд цар хүрээ нь өргөжин тэлж байгааг зохион байгуулагчид хэлж байв.

Ташрамд дурдахад Д.Лхагвацогт нь жүжигчин Л.Сөрөлтийн аав юм.

Өглөө эрт биднийг очиход баярын үйл ажиллагааны нээлт болж байв. Өмнө нь Хөвсгөл нуур дээгүүр хөлөг онгоцоор л явж байснаас ийнхүү автомашинтайгаа мөсөн дээр нь зорчино гэдэг бага зэргийн айдастай хэрнээ цоо шинэ мэдрэмж байлаа хэмээн хамт явж буй багийнхан маань ярьж байсан юм.

Хөвсгөл аймгийн засаг дарга Ш.Идэрбаясгалан

Өнөөдрийн арга хэмжээнд БОАЖ-ын дэд сайд, Хөвсгөл аймгийн засаг дарга болон бусад холбогдох албаны хүмүүс хүрэлцэн ирсэн байлаа. Үйл ажиллагааг нээж Хөвсгөл аймгийн засаг дарга Ш.Идэрбаясгалан үг хэлсэн юм.

Цар тахлын улмаас иргэд хоёр жил гэрээсээ гараагүй, хөл хориотой байсан учир агаар салхинд гарах хүмүүсийн тоо нэмэгджээ. Үүнтэй холбоотойгоор энэ жил л гэхэд Хөвсгөл нуурын 2-3 жуулчны бааз тасралтгүй ажилласан байна. Засаг дарга Ш.Идэрбаясгалан

"Энэ өвөл ажилласан баазуудын удирдлагуудтай уулзаж ярилцахад зар сурталчилгаагаа зөв хийж чадвал өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлж гадна дотны жуулчдын тоог нэмэх боломжтойг хэлж байсан. Энэхүү баярын хамгийн гол онцлог нь мөсөн дээр зохиогддогоороо бусад баяраас ялгаатай юм" хэмээн ярьсан юм.

Энэ жилийн мөсний баярт 40 орчим сая төгрөг зарцуулахаар төлөвлөсөн талаар зохион байгуулагчид хэлж байлаа. Гэхдээ төлөвлөснөөс илүү нэмэлт зардал гарах магадлалтай учир энэ тоо өсөх боломжтой гэсэн юм. Мөн зохион байгуулагчдын зүгээс 30 орчим мянган хүн ирэх урьдчилсан тооцоог гаргасан байв.

Сүүлийн хоёр жил болоогүй учир энэ жил мөсний баярт ирэх хүний тоо өмнөх жилүүдээс ч илүү тэлсэн болохыг нутгийн иргэд хэлж байлаа. Тиймээс баярт ирсэн хүмүүсийг чиглүүлэх “хөтөч” гэсэн бичигтэй цэнхэр, ногоон өнгийн хантааз өмссөн ахлах ангийн хүүхдүүд хаа сайгүй зогсоно. Энэ нь үйл ажиллагааны бас нэгэн онцлог гэж хэлж болохоор байсан юм.

Мөрөн хотын 10, 11 дүгээр ангийнхан өнөөдрийн үйл ажиллагаанд нэгдэж оролцогчдод мөсний баярын тухай ерөнхий мэдээлэл, зохион байгуулагдаж буй тэмцээний байршлын талаар зааж, зөвлөж байв. Үүнээс гадна оролцогчдыг хог хаяхаас сэргийлж, шаардлага тавих нь тэдний үүрэг ажээ.

Энэ жилийн "Хөх сувд-2022" "Цэнгэгээс цэнгэг, Цэврээс цэвэр" уриан дор зохион байгуулагдаж байгаа юм.

Мөрөн хотын ЕБС-ийн ахлах ангийнхан

Мөсний баярт ихэвчлэн нутгийн уугуул иргэд болох Хөвсгөл аймгийнхан болон Улаанбаатар хотоос зорьж ирсэн хүн олон байлаа. Харин гаднынхан хааяа нэг үзэгдэх аж. Цар тахлын улмаас гадаадын аялал жуулчлал бүрэн зогсож эсрэгээрээ дотоодын жуулчдын тоо эрс нэмэгдсэн талаар Хөвсгөл аймгийн засаг дарга хэлж байсан юм.

Улаанбаатар хотоос оролцогч Ц.Содгэрэл нөхрийн хамт

Улаанбаатар хотоос мөсний баярт оролцогч Ц.Содгэрэл,

"Анх удаа оролцож байгаа болоод ч тэр үү байгаль, цаг агаар гээд бүх зүйл нь өвөрмөц санагдаж байна. Мөн цагдаа нар автомашины хөдөлгөөнийг зохицуулж, иргэдийн аюулгүй байдлыг хангаж байгаа учир зохион байгуулалт маш сайн байна. Үүнээс гадна баярт ирсэн хүмүүс үндэсний хувцсаараа гангарч ирсэн нь их таалагдлаа" хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм.

Түүнчлэн түүний хувьд цаашид анхаарвал зохимжтой санагдсан зүйлсийн талаар санаа бодлоо хуваалцсан юм.

Тэрбээр, "жуулчны бааз, гэрүүдийн тоог нэмэгдүүлэх хэрэгтэй. Ирэхээсээ хэд хоногийн өмнө гэр, буудал захиалах гэсэн ч бүгд дүүрчихсэн байсан учир жаахан хүндрэлтэй байсан" гэж байлаа.

Мөсний баяр бол нэг талаараа үр хойчдоо өв уламжлалаа танин мэдүүлэх нөгөө талаар орон нутгийн иргэдийн орлогыг дэмжих ач холбогдолтой юм. Тиймээс ч нутгийн брэнд болох загасан хуушуур, сармай дээлт, цаа буга, үхрийн эврээр хийсэн аяга, бүрээ зэрэг бэлэг дурсгалын зүйл олны анхаарлыг татна.

Үүний дотор морин чаргаар "халтуур" хийх нь нэлээд сонирхолтой. Баяр болж буй газраас ойролцоогоор 500 метрийн зайтай машины зогсоолын талбай байх учир энэ хооронд оролцогчид морин чарга хөлсөлж очих газартаа хүрнэ.

Сонирхуулахад энэ хоёрын хооронд 5 мянган төгрөг гэх бөгөөд Хүслийн хад, Сүхбаатар” хөлөг онгоц зэрэг хол газар руу явахад нэг хүний 20 мянган төгрөг аж.

Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын иргэн Д.Гэндэнгончиг

Ийнхүү мөсний баяр дээр явж байхад дахтай морин чарганы уралдаанд оролцохоор Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумаас зорьж ирсэн настантай таарлаа. Түүний нэрийг Дамдинсүрэнгийн Гэндэнгончиг гэх бөгөөд энэ жил 70 хүрч байгаа хэмээн найрсгаар инээн бидэнд морин чарганы талаар хуучилсан юм.

Түүний хэлснээр морин чаргыг өвөл зунгүй ахуйн хэрэглээндээ ашигладаг ажээ. Өвөл нь чарга чирч мөсөн дээр тээвэр хийдэг бол зун нь морин тэрэг хийдэг хэмээсэн юм.

Гэндэнгончиг гуай хоёр жил өнжсөний эцэст зохион байгуулагдаж буй мөсний баяраа улам өргөжиж байгаад баяртай байгаагаа хэлж байсан юм. Тэрбээр энэ баярт жил бүр оролцдог бөгөөд 3,4 хоног мориор явж өнөөдөр ирсэн байна.

"Хөх сувд-2022" хоёр өдөр зохион байгуулагдах тул бусад орон нутгаас зорин ирэх машины цуваа тасрахгүй байлаа. Зохион байгуулагчид эхний өдөр 20 мянга гаруй зочин ирж ороцолцож байгааг хэлсэн юм. Тиймээс олон хүний тоогоор нэг удаагийн цаасан аяга, чихрийн цаас, ундааны сав хаягдал их гарч байв.

Харамсалтай 00-ын хажууд баяр болж буй газраас 200-300 метрийн зайд ганцхан хогийн сав байршуулсан нь хүртээмжийн хувьд хүндрэлтэй байсан юм. Мөн зарим хүмүүс 00-ын асуудлыг бүрэн шийдэж, нэмэгдүүлэх хэрэгтэйг хэлж байв.

Харин жилээс жилд асуудал болдог олон тээврийн хэрэгслийг зохион байгуулалтад оруулж, цагдаа нар хөдөлгөөнийг нь зохицуулж байгаа нь энэ жилийн баярын онцлох үйл явдал байлаа.

Хятад улс долоон шинэ хиймэл дагуул хөөргөлөө
Хятад улс долоон шинэ хиймэл дагуул хөөргөлөө
 
Нийслэлийн төсөвт 2025 онд 3,856.3 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээр баталлаа
Нийслэлийн төсөвт 2025 онд 3,856.3 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээр баталлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.