/2022.01.27/: Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ өнөөдөр аялал жуулчлал, зочлох үйлчилгээний мэргэжлийн холбоодын удирдлагуудтай уулзлаа.
Уулзалтаар тус салбарынхны өмнө тулгамдаад буй асуудал, гарц шийдлүүд дээр нэгдсэн ойлголтод хүрэх, цаашид авч хэрэгжүүлэх ажил, арга хэмжээнүүдийн талаар харилцан санал солилцсон юм. Уг арга хэмжээнд Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд Г.Түвдэндорж, Төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулга нарын албаны хүмүүсээс гадна Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк, Монголын худалдаа аж үйлдвэрийн танхим, Монголын аялал жуулчлалын холбоо, Монголын аялал жуулчлалын боловсрол, хөгжлийн нийгэмлэг, Монголын жуулчны баазуудын холбоо, Улаанбаатар аялал жуулчлалын холбоо зэрэг 30 орчим байгууллага, мэргэжлийн холбоодын төлөөлөл оролцов.
Уулзалтын эхэнд сайд Б.Бат-Эрдэнэ үүрэгт ажлаа хүлээж аваад анхны уулзалтаа аялал жуулчлалын мэргэжлийн холбоодын удирдлагуудтай хийж байгаагаа онцлоод манай улсын хувьд аялал жуулчлалын салбар нь уул уурхайн салбарын дараагаар хөрөнгө оруулалтыг хамгийн ихээр татах боломжит салбар болохыг хэлсэн юм. Мэргэжлийн холбоодын удирдлагуудын зүгээс цар тахлын нөлөөгөөр хамгийн их хохирсон гэдгээ дуулгаад хууль, эрх зүй, төсөв, хүний нөөц, тусгай зөвшөөрөл олголт, олон улсын хамтын ажиллагаа, цар тахлын нөхцөл байдалд Монгол Улсад гадаадын жуулчид ирж байгаа үед журам нь тодорхой байх, аялал жуулчлын салбарын эрх зүйн байдлыг сайжруулах зэрэг асуудлаар байр сууриа илэрхийлж байв.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ уулзалтын төгсгөлд хэлсэн үгэндээ “Манай салбарт нэг хүний бодлого явах ёсгүй. Мэргэжлийн экспертүүдийн боловсруулсан бодлого явах ёстой гэж үзэж байгаа. Бүгдээрээ хамтраад шаардлагатай эрх зүйн шинэчлэлүүдээ хийе. Аялал жуулчлалын салбарынхаа бодлогыг тодорхойлоод, хаалгаа нээгээд, гэрлээ асаая. Үүний тулд та бүхний дэмжлэг, бидний хамтын ажиллагаа маш чухал.
Дэлхий нийтийг хамарсан цар тахлын нөлөөгөөр өнөөдөр манай аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын 35 хувь нь дампуурсан, 70 мянган хүн ажлын байргүй болсон гэж түрүүн салбарынхан ярилаа. Энэ хүндрэлийг засахын тулд эрдэмтэн судлаачдынхаа судалгаа, олон улсын байгууллагуудын дүгнэлтүүдийг нэлээд анхаарч харах, ажил хэрэгтээ ашиглах хэрэгтэй болж байна. Улмаар олон улсаас хөрөнгө оруулалт оруулж ирэх гарцыг ч хайх хэрэгтэй. Ер нь байгаль орчин, аялал жуулчлалын салбар бол гадаадаас хөрөнгө, санхүүжилт босгох боломж ихтэй шүү дээ. Тиймээс бид зөвхөн улсын төсвөөр юу хийх вэ гэж хүлээлгүйгээр олон улсын түвшинд санхүүжилт босгоод аялал жуулчлалын салбарын хөгжилд зориулж болох нөөц бол харагдаж байна. Хамгийн гол нь бид үүн дээр хамтарч ажиллах ёстой гэж харж байгаа” гэсэн юм.
Мөн тэрбээр “Өнөөдөр энэ арга хэмжээнд оролцсон бүх байгууллагыг би албан ёсоор БОАЖ-ын сайдын дэргэд байгуулагдах Аялал жуулчлалын мэргэжлийн зөвлөлд урьж байна. Энэ зөвлөлийг яаралтай байгуулъя. Тэгээд ирэх даваа гарагт албан ёсоор зарлана. Цөмөөрөө энэ зөвлөлөөрөө хэлэлцэж аялал жуулчлалын бодлогоо гаргая. Зөвлөл дээрээ аялал жуулчлалыг хөгжүүлэх менежмент, онцгой төлөвлөгөө, төсөв, нисэхийн либералчлал, олон улсын судалгаа гээд бүх юмаа ярья.
Цаашлаад Аялал жуулчалын мэргэжлийн зөвлөл дээрээ яриад ирэх сарын дундуур аялал жуулчлалын салбарынхнаа хамруулсан хэлэлцүүлгийг зохион байгуулъя. Залгаад хоёрдугаар сарын сүүлээр томоохон хэмжээний аялал жуулчлалын форумыг хийгээд олон улсад албан ёсоор Монгол Улсын аялал жуулчлалын бодлогыг зарлая гэж бодож байна. Харин үүнээс өмнө бид цар тахлын үед жуулчин авахдаа ямар арга хэмжээ авах юм бэ гэдэг асуудлыг Засгийн газрын хуралдаанаар оруулаад цэгцэлсэн байх шаардлагатай болов уу гэж харж байгаа. Бүгдээрээ иим шахуу хөтөлбөртэй ажиллая. Ингэж явж байж бидний ажил бүтнэ.
Аялал жуулчлалын салбарын цахимжуулалттай холбоотой ажлуудыг яаралтай хийх шаардлагатай. Энэ бол заавал төр хийх гээд байх шаардлагагүй ажил. Үүнийг Аялал жуулчлалын мэргэжлийн зөвлөл дээр хэлэлцье. Бүгдээрээ хамтраад 2022 ондоо маш сайн ажиллаж чадвал 2023 оныг Монгол Улсад айлчлах, зочлох жил болгон зарлах бүрэн боломжтой” гэсэн юм.
Эх сурвалж: БОАЖЯ