/2021.08.02/: Нийслэл Улаанбаатар хотод, тодруулбал Жуулчны гудамж буюу Гутлын 22-т “Өглөөний Улаанбаатар” жишиг гудамж байгуулагдаж, өнөөдрөөс иргэдэд үйлчилж эхэллээ. Тус гудамжийг иргэдийн идэвхтэй амьдралыг бий болгох, ажил хэрэгч хүмүүсийн өглөө цуглах газрын нэг болгох зорилготойгоор “Эртэч Монгол” хөтөлбөрөөс улбаалан НЗДТГ-аас байгуулж байгаа юм. “Өглөөний Улаанбаатар” гудамжинд ном, цэцгийн худалдаа, ресторан, кофе шоп, үсчин зэрэг 12 аж ахуйн нэгж өдөр бүр үйл ажиллагаагаа явуулж, өөрсдийн гэсэн онцлогтой цэсээр иргэдэд үйлчилнэ. Мөн долоо хоногийн гурван өдөр 06:00-09:00 цагийн хооронд олон нийтэд зориулсан үзэсгэлэн, худалдаа, сургалт, бизнес уулзалтууд зэрэг хөтөлбөрт арга хэмжээг зохион байгуулах юм.
Өглөөний Улаанбаатарын тухай Хотын дарга Д.Сумъяабазар:
-Улаанбаатар хотын өглөөний нөхцөл байдлыг олон улсын хотуудын жишигт хүрээсэй гэж бодож энэ ажлыг эхлүүлсэн. Иргэд үүнд ам сайтай байна. Цаашид ийм гудамж, газруудыг дүүрэг бүрд үе шаттай байгуулна. Дэлхийн олон хотод ийм үйлчилгээний газрууд байдаг. Улаанбаатар хотын нүүр царай болсон газар байгаасай гэж бодож, “Өглөөний Улаанбаатар” гудамжийг байгуулсан.
Ковидын нөхцөл байдал, хил гааль дээр ачаа бараа саатсанаас шалтгаалж ажил удааширсан тал бий. Иргэд хүлээлттэй, найрсаг хандаж байгаад Хотын даргын хувьд баяртай байна. Өнөөдөр гэрэл зураг, уран зургийн үзэсгэлэн, гар урлалын бүтээлүүд дэлгэгдсэн. Энэ мэтчилэн хувийн хэвшлээ дэмжиж ажиллана. Цаашид гаднын жуулчид ирэх үеэр үйлчилгээ үзүүлж, гар урлал, үндэсний онцлогийг харуулсан бүтээлүүдийг Монголд зочилж байгаа жуулчдад зарж, борлуулна. Хот бол бизнес гээд байгаагийн учир энэ. Жижиг, дунд үйлдвэрлэлээ дэмжих чиглэлээр ажиллана. Тэрнээс Хотын дарга бизнес хийх гээд байгаа юм биш. 150 мянган аж ахуйн нэгж, 1.5 сая иргэн бүгд орлоготой болж, орлогоо нэмэгдүүлэх хэрэгтэй. Энэ суурийг л бий болгох гээд байгаа юм.
Өглөөний гудамжийг Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ж.Сандагсүрэн хариуцаж байгаа. Цаашид Жамъян гүний гудамж, Амарын гудамж зэрэг гурван байршилд ийм гудамж байгуулахаар төлөвлөж байна. Хүмүүсийн хэлээд байгаа шиг нэг байршилд 1.8 тэрбум төгрөг зарцуулаагүй. Энэ бол худал мэдээлэл.
Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд тохижилтод 300 сая орчим төгрөг зарцуулсан. Гүйцэтгэлээрээ тайлан, тооцоо нь гараад ирнэ. Зургаан дүүрэгт өөр өөрийн онцлогт тохирсон, эртэч “Өглөөний Улаанбаатар” гудамжийг нээх чиглэл өгч, судалгаа хийж байгаа. Хамгийн боломжтой байршил хаана байх вэ гэдгийг дүүргийн удирдлагууд судалж, төлөвлөгөө гаргаж танилцуулна.
Өглөө эрт ажил амжуулах гэхээр Улаанбаатар хотод онгорхой газар байдаггүй. Улаанбаатарчууд эртэч байх хэрэгтэй. Үйлчилгээний газрууд нь эрт нээгддэг, иргэд өглөөний цайгаа уунгаа ажлаа амжуулдаг нөхцөлийг бүрдүүлж өгөх ёстой. Дэлхийн хотуудын жишиг ч ийм байдаг. Энэ жишигт хүргэхийн тулд өглөөний гудамжийг үе шаттай бий болгоно.
Эх сурвалж: НЗДТГ