/2022.01.20/ УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооноос 2021 оны намрын ээлжит чуулганы хугацаанд хийсэн ажлаа танилцууллаа.
УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, "Халамжаас хөдөлмөрт шилжих нөхцөлийг хангах тал дээр манай байнгын хорооноос анхаарч ажиллаж байна. Халамж хавтгайрсан гэж ярьж байгаа ч үнэн хэрэгтээ цар тахлын энэ хүнд үед зорилтот бүлэгт тэтгэмж нэн чухал байгааг судалгаанууд харуулж байна. Тиймээс хүүхдийн мөнгө, халамжийн мөнгийг яг зорилтот бүлгүүдэд өгнө. Харин иргэдийг халамжаас хөдөлмөрт шилжүүлж аль болох ажлын байраар хангаж өгч, тогтмол орлоготой байхад онцгой ач холбогдол өгөх хэрэгтэй гэдгийг ХНХЯ-нд шахаж шаардаж, хамтарч ажиллаж байна.
Засгийн газраас хэрэгжүүлсэн 10 их наяд хөтөлбөрийн хүрээнд ажлын байрыг хадгалах чиглэлээр 2 гаруй их наяд төгрөгийг зарцуулсан. Үүнд 141 мянган ААН-ийн ажлын байрыг хадгалж чадсан гэсэн дүгнэлтийг ЗГ тайландаа дурдсан байсан.
Харин одоо ажилгүй байгаа, түр хугацаанд ажилгүй болсон иргэдэд тогтмол болон түр ажлын байрыг бүрдүүлж өгөхөд анхаарч ажиллах ёстой гэсэн чиглэлийг Нийгэм, бодлогын байнгын хорооноос өгч байна. Тиймээс цаашид халамжийн мөнгө хүрэх ёстой хүндээ хүрнэ. Харин халамж авах ёсгүй иргэд хөдөлмөрлөх сонирхолгүй бол халамжаас шууд хасах бодлого барьж ажиллана" гэлээ.
Мөн тэрбээр, "Хүүхэд хамгаалахтай тухай хуультай холбоотойгоор олон хүүхэдтэй өрх толгойлсон эх эцэгт олгох тэтгэмжийг зөвхөн 0-3 хүртэлх насны хүүхдээ харж буй ээжүүдэд л өгдөг байсан. Харин намрын чуулганаар хэлэлцсэн хуулийн шинэчилсэн найруулгаар тухайн ээж ажилд орох бололцоотой, ажилд орсон бол тус тэтгэмжийг аавд нь олгодог байхаар болсон. Мөн хөдөлмөрийн хуулиар аль болох гэр бүл, иргэдээ дэмжих үүднээс шинээр төрсөн хүүхэдтэй аавд 10 хоногийн цалинтай чөлөө олгодог болсон. Өмнө нь шинэ хүүхэдтэй болсон эцэгт 5 хоногийн чөлөө олгодог байсныг ийнхүү өөрчилсөн" гэлээ.