Г.Чанцалмаа: Халдварын тохиолдол ихэсвэл эмчлэх эмч, ажилтны дутагдалд орох нь
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Г.Чанцалмаа: Халдварын тохиолдол ихэсвэл эмчлэх эмч, ажилтны дутагдалд орох нь

/2022.01.26/Бид өрхийн эмнэлэгүүдийн ачааллын талаарх мэдээллийг хүргэсэн. Энэ удаад Баянзүрх дүүргийн 23-р хороо буюу Улиастай орчмын иргэдэд үйлчилдэг Нэмүүлэн өрхийн эмнэлэгийн дарга, их эмч Г.Чанцалмаатай ярилцлаа.


-Танай өрхийн эмнэлэгийн ачаалал хэр байна?

-Манай өрхийн эмнэлэгт сүүлийн 10 хоногт ачаалал ихэссэн. 2022 оны нэгдүгээр сарын эхний долоо хоногт ачаалал гайгүй, өдөртөө эерэг тохиолдол 2-4 гарч байсан. Гэтэл сүүлийн үед тохиолдлын тоо эрс өсөж, өдөрт 20-30 тохиолдол гарч байна.

-Түргэвчилсэн шинжилгээгээр илрүүлж байна уу?

-Иргэд шинжилгээний тусгай цэгүүдээр шинжилгээгээ өгч байгаа. Өрхийн эрүүл мэндийн төвийн хувьд яаралтай тохиолдолд ирсэн сэжигтэй хүмүүст болон гэртээ хэвтэрт байдаг иргэдэд түргэвчилсэн тестээр шинжилгээ авч байгаа.

-Өрхийн эмнэлэгүүдэд эмч нарын ажиллах цагийг сунгасантай холбоотой танай эмнэлэгийн эмч, сувилагч нарын хүрэлцээ хэр байна?

-Манай хороо 16 мянга гаруй хүн амтай. Өрхийн эмнэлэгт маань 8 эмч, 8 сувилагч ажилладаг. Нэг эмч, сувилагчид 1800 гаруй хүн ноогддог боловч одоогоор дөрвөн эмч, хоёр сувилагч халдвар авчихсан байна. Мөн хороооны Иргэний танхимд есдүгээр сарын 1-нээс хойш дархлаажуулалтын цэг ажиллаж байна. Тэр цэгт манай нэг эмч ажиллаж байгаа. Ингээд үлдсэн хүмүүс нь өрхийн эрүүл мэндийн төвийн өдөр тутмын үйл ажиллагааг хариуцна, орой 20.00 цаг хүртэл ажиллана гэхээр ачаалал нэлээд их л байна.

-Орой хүртэл ажиллахад хүмүүс хэр их хандаж байна?

-Бямба, ням гарагуудад иргэд нэлээд ханддаг. Харин орой 18-20 цагийн хооронд тэр бүр хандаад байдаггүй. Өмнө нь ч бас энэ байдал ажиглагдаж байсан. Өвлийн улирал хүйтэн, гэр хорооллын гудамжууд харанхуй байдагтай холбоотой байх. Өглөө 8.30-д ажил эхлэхэд л дүүрэн хүнтэй байдаг.

-Багцыг ямар тохиолдолд, хэнд өгч байна вэ?

-Манайх 0-5 нас, өсвөр насныхан, насанд хүрэгчдийн гэж ангилаад эмийн багцыг байнга өгч байна. Хүүхдийн багц нь тав, насанд хүрэгчдийн багц долоон төрлийн эмтэй. 2021 онд батлагдсан тохиолдолд хүн бүрт багц өгч байсан. Харин одоо бол эрүүл мэндийн даатгалаа төлсөн эсэхийг нь шалгаад, төлсөн тохиолдолд өгч байгаа. Төлөөгүй бол бид даатгалаа төлөхийг шаардаж байна.

-Эмзэг бүлгийн хүмүүс хэр олон байдаг вэ? Тэдэнд багц өгдөг үү?

-Манай хороо нийтдээ 16 мянга гаруй хүнтэй. Эмзэг бүлгийн иргэд цөөнгүй бий. Эдгээр хүмүүстээ даатгал өгсөн эсэхээс үл хамаарч багц өгнө. Манай өрхийн эмнэлэгийн хувьд 400-500 хүний багцын нөөцийг бэлдчихээд байна.

-Эмийн багц олгох нь эмийн замбараагүй хэрэглээг бий болгож байна гэх шүүмжлэл гарах боллоо. Та энийг юу гэж бодож байна?

-Яг амьдрал дээр тулаад ирэхээр өөр л дөө. Иргэд хоолой нь өвдөх, маш их ханиалгах, толгой нь өвдөж, дотор муухайрч, хоолонд дургүй болох гэсэн хордлогын шинж тэмдэгтэй зовуурь их хэлж байна. Энэ тохиолдолд бид нэгэнт вирусээр үүсгэгдэж байгаа халдвар учир вирусийн эсрэг эмийг хасах боломжгүй болно. Хоолой нь өвдөж байгаа тохиолдолд антибиотик багаар өгч байна. Ингээд ханиалгыг нь намдаах эм, витамин Д, С гээд яалт ч үгүй хэрэгцээтэй эмүүдээр л хангадаг.

Архивын зураг ашиглав

-Танай хорооны иргэдийн хувьд сошиал орчны буруу мэдээлэлд автаж байгаа эсэх нь хэр мэдэгдэж байна?

-Халдварын эхэн үед сошиалын элдэв мэдээлэлд автаж байгаа нь нэлээд анзаарагдаж байсан. Харин одоо бол шал өөр болсон шүү. Маскаа зүүж сурч байна, гараа угаах, зай барихыг сайн сурч байна. Тэр ч бүү хэл, витамины хэрэглээн дээр ч хяналттай, мэдлэгтэй болсон. Биднээс “Д, С витаминыг ямар тунгаар уух вэ, хэд хоног уугаад хэд хоног завсарлах вэ” гэх мэтээр асуудаг.

-Вакцинд хамрагдаж байгаа байдал нь ямаршуу байна?

-Зорилтот бүлэг буюу 18-аас дээш насны 10431 хүн вакцины хамрагдах ёстой. Үүнээс:

  • 1-р тундаа 95,5
  • 2-р тундаа 90,5
  • 3-р тундаа 37,1 хувь хамрагдсан байна.

Манай хорооны хувьд вакцины хамрагдалтын хувиараа дүүрэгтээ тэргүүлж явна.

-Өвчилсөн иргэдээс хэд нь хүндэрсэн бэ? Хүндэрсэн иргэдийн хэдэн хувь нь вакцин хийлгэсэн байсан бэ?

-Нийт иргэдийн маань 22,4 хувь буюу гурван мянга гаруй хүн ковидын халдвараар өвчилсөн.

  • Маш хүнд өвчилсөн нь 15,
  • хүнд өвчилсөн нь 471,
  • хүндэвтэр 11 хүн байна.

Маш хүнд өвчилсөн хүмүүсийн 60 хувь нь вакцинд хамрагдаагүй, хүндээр өвчилсөн хүмүүсийн 24 хувь нь вакцинд хамрагдаагүй байсан.

-Сар шинийн баяр удахгүй болох нь. Халдварын тоо ихсэх байх даа?

-Сар шинийн баяраар айл хэсэхгүй, айлчин урихгүй гэдэг зарчмаараа тэмдэглээсэй гэж хүсэж байна. Олон хүн нэг гэрт цуглаад золгох, ярьж хөөрөх, идээ будаа, хоол унд хүртэхээр агаар дуслын замаар халдвар авах нөхцөл улам илүү болно. Учир нь хүний амьсгалаас гарсан маш жижиг дуслууд агаарт тодорхой хугацаанд хөвнө. Хүн ярих үед том дуслууд агаарт тогтохгүй орчны гадаргуу дээр унана. Тэндээ мөн л тодорхой хугацаанд байршина. Эдгээр жижиг, том дуслууд бүгд халдвар агуулна. Маск зүүх, хоорондын зай барьснаар агаарт буй жижиг дуслаар, гараа савандаж угааснаар гадаргуу дээр байгаа том дуслаар дамжих халдвараас өөрийгөө хамгаалж байгаа юм.

Энэ жилийн цагаан сар нь омикрон вирусийн давалгаатай давхцлаа. Энэ вирус маш хурдан тархаж байна. Халдвар авсан хүн өөрийгөө ханиад томуу авчихлаа гэж эргэлзэхэд хүргэж байна. Тэгээд эргэлзэж явсаар гэр бүл, ажлын хамт олондоо тараах, суурь өвчтэй болон вакцин хийлгээгүй, тун хоорондын зай холдсон хүмүүс хүндрэх, улмаар амь насаа алдахад хүрч байгаа. Энэ дөрөв дэх удаагийн давалгааны онцлог нь эмнэлэгийн эмч, ажилтнууд бид өөрсдөө их өвдөж байна. Өмнө нь коронавирусийн халдвар авсан хүмүүст илүү халдварлах боллоо. Яагаад гэхээр тэдний дархлаа нь суларчихсан, сэргэж амжаагүй үе таарчихлаа. Эмнэлэгийнхэн маань олноороо өвдөөд эхлэхээр та бүхэнд тусламж үзүүлэх хзний нөөц, хүчин чадал хүрэхгүй, дийлэхгүйд хүрэх нь байна шүү. Тийм болохоор иргэд маань өөрсдөө ухамсраараа халдвар хамгааллын дэглэмээ сайн бариарай л гэж хүсэх байна.

-Эмнэлэгийн ажилтнууд вакцинд хэр хамрагдсан бэ?

-Манай өрхийн эмнэлэгийн ажилтнуудын 70 орчим хувь нь гурван тунтай, үлдсэн нь дөрвөн тунтай. Зарим нь дөрөв дэх тунгаа хийлгэж амжилгүй халдвар авчихлаа.

Индонези Улс шинэ нийслэлээ Нусантара гэж нэрлэжээ
Индонези Улс шинэ нийслэлээ Нусантара гэж нэрлэжээ
 
Нийслэлд МАН үнэмлэхуй ялалт байгуулж ХҮН нам суудлаа алдав
Нийслэлд МАН үнэмлэхуй ялалт байгуулж ХҮН нам суудлаа алдав
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.