/2021.12.23/: Рио Тинто, Туркойз Хилл Резурсес компаниудын захирлын гарын үсэгтэй таван заалт бүхий захидал энэ оны арванхоёрдугаар сарын 14-ний өдөр Монгол Улсын Ерөнхий сайдад ирсэн билээ.
Хэлэлцээгээр шийдүүлэхийг хүссэн таван зүйлс бүхэлдээ багтсан тэрхүү захидалд монголчууд урамшин баярлав.
Харин дэлхийн нөгөө бөөрөнд өөр бүлэг этгээд дээрх захидалд ихэд гомдоллон уурсав. Тэд бол Туркойз Хиллийн жижиг хувьцаа эзэмшигчид, тэдэн дундаа Пентвотер капиталийн гүйцэтгэх захирал Меттью Халбоуэр юм.
Тэрээр анх удаа ийнхүү “гомдоллож” байгаа юм биш. Арваннэгдүгээр сард Рио Тинтог Монголын засгийн газарт 70 хувийн буулт хийснийг эсэргүүцэн захидал бичиж байлаа. Энэ удаад 100 хувь буулт хийж байгааг бүр ч эсэргүүцэх нь аргагүй юм.
“МОНГОЛЫН ЗАСГИЙН ГАЗРЫН 2,3 ТЭРБУМ ДОЛЛАРЫН ӨРИЙГ ТЭГЛЭСЭН НЬ ХЭРЭЭС ХЭТЭРСЭН ЯВДАЛ”
Монголын Засгийн газарт таван саналаар 100 хувь бууж өгсөн нь хэтийдсэн зүйл гэж Меттью Халбоуэр уурсжээ. Тэрээр
“2.3 тэрбум ам.долларын компанийн хөрөнгийг юу ч биш болгож, бусдад өгнө гэж бодсонгүй. Энэ бол тэнэглэл. Та бүхэн ингэснээр итгэлцлийг аймшиггүйгээр зөрчлөө. Үүнээс өөрөөр ойлгох боломжгүй юм. Тийм учраас миний бие та бүхнийг хүн нэг бүрчлэн шүүхэд өгөх болно” гэжээ.
Яагаад жижиг хувьцаа эзэмшигчид уурлаад байгаа вэ?
Том хөрөнгө оруулагчид бол аливаа шийдвэрээ алсыг харж гаргадаг. Үнэхээр ч Меттью Халбоуэрийн бичсэнчлэн 100 хувиар бууж өгөн, Монголын 2,3 тэрбум долларын өрийг тэглэх нь хэтэрсэн зүйл. Гэвч алсдаа талууд харилцан ашигтай байх нь ойлгомжтой тул Туркойз Хилл болон Рио Тинто удирдлагууд дээрх шийдвэрийг гаргасан биз.
Харин жижиг хувьцаа эзэмшигч болох Пентватерыг арай өөр “тоглогч” гэж болно.
Учир нь тус компани бол үйл явдал дээр суурилсан хувьцааны үнийн савалгаанаас ашиг орлого олдог компани юм. Дээрх захидлыг бичсэн тус компанийн Менежментийн захирал Меттью Халбоуэр нь компаниа 2007 онд байгуулсан бөгөөд түүний гол ур чадвар нь мэдээ түгээж, савласан хувьцаанаас ашиг олох ажээ.
Өөрөөр хэлбэл, Туркойз Хиллийн хувьцааны ханшийн хөдөлгөөнөөс гол ашгаа олдог компани юм. Туркойз Хиллийн хувьцаа Оюутолгойтой шууд хамааралтайгаар савалдаг.
Хамгийн сүүлд гэхэд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг захидлын талаарх мэдээлэл хийхэд олон улсын бирж дээрх Туркойз Хиллийн хувьцаа 14 хувиар өсчээ.
Харин өнөөдөр Засгийн газар УИХ-д 92-р тогтоолын хэрэгжилтийг хангуулах буюу захидлын таван заалтаас хүлээн зөвшөөрч эхлэх төслийг өгчээ.
Ийнхүү Засгийн газар Рио Тинтогийн саналыг хүлээн авах аваас, цаашид Оюутолгой төслийн үйл ажиллагаа тогтвортойгоор үргэлжилж, хувьцааны үнийн савалгаа гарахааргүй болж байна.
Энэ тохиолдолд монголчууд хожиж, харин өнөөх “хувьцааны ханшийн савалгаагаар наадагчид” буюу Пентватер компани болон тэдний хамсаатнууд хожигдож буй юм. Хэн ч хожигдохыг хүсэхгүй биз?
Нөгөөтэйгүүр жижиг хувьцаа эзэмшигчид анхнаасаа Монгол Улсад болон бүтээн байгуулалтад нэг ч төгрөг оруулаагүй, оруулахыг ч хүсэхгүй. Тэд зөвхөн хувьцаанаас ашиг олохоор хүлээж буй бүлэг юм.
Тиймээс хөрөнгө оруулагчдыг үргэлж муудалцуулж, түүнийх нь “ачаар” хувьцааны үнийг савчуулан мөнгө унагааж суудаг энэ мэт бүлгийг бид тоохгүй байх нь дээр бус уу гэх асуулт эрхгүй урган гарах билээ.