/2021.12.14/ Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна.
УУХҮ-ын сайд Г.Ёндон:
-Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Хайгуулын тусгай зөвшөөрлийг олгох сонгон шалгаруулалтын журмыг шинэчлэн баталлаа. Хавар хайгуулын компаниуд шууд ажилдаа орох боломжоор хангах зорилгоор шийдвэр гаргалаа. Энэ журмыг хамгийн сүүлд 2018 онд шинэчлэн баталж байсан.
УИХ-ын 2020 оны 52 дугаар тоон тогтоолоор баталсан "Алсын хараа-2050" Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод геологийн судалгааны ажлыг эрчимжүүлж, урт болон дунд хугацааны эдийн засгийн хөгжлийг хангаж, эрдэс баялгийн нөөцийг нэмэгдүүлнэ гэсэн байдаг. Гэвч өнөөдрийн нөхцөлд үүнийг хангах боломжгүй юм.
Учир нь 10 жилийн өмнө 2070 тусгай зөвшөөрлийн хүрээнд 300 гаруй тэрбум төгрөгийн геологийн хайгуулын ажил хийсэн байсан. Гэтэл өнөөдрийн байдлаар 900 гаруй тусгай зөвшөөрлийн хүрээнд 86 орчим тэрбум төгрөгийн геологийн хайгуулын ажил хийж байгаа нь хангалтгүй байна. Сүүлийн 3 жилийн хугацаанд 230 тусгай зөвшөөрөл олгосон байна.
Үүний улмаас геологи хайгуулын үйл ажиллагаа явуулдаг компаниуд дампуурах нөхцөл байдал үүсээд байна.
Тиймээс юуны түрүүнд урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд эрдэс баялагийн нөөцийг нэмэгдүүлэх, геологийн судалгааны ажлыг эрчимжүүлэх хэрэгтэй байна.
Хайгуул, олборлолтын ажил 99 жилийн хугацаанд сайн явж ирсэн. Боловсруулалтын үе шатыг шинээр бий болгоно. Борлуулалт, хуваарилалт үе шатуудад анхдагч хуулийг өргөн барихаар төлөвлөж байна.
Хайгуулын ажлыг эрчимжүүлэх нь дараагийн Эрдэнэт, Оюутолгой, Тавантолгойн ордыг нээж илрүүлэх, ашиглалтад оруулах, үр өгөөжтэй шинэ техник технологиор боловсруулах, борлуулж ард иргэдэд хуваарилах боломжтой.
Үүний хамгийн анхны үе шат болох хайгуулын ажлын сонгон шалгаруулалтыг нээлттэй, ил тод болгох шаардлагатай байна. Ингэснээр гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэх зэрэг олон давуу талууд бий болно.