Өрхийн эмэгтэй тэргүүнүүд НӨАТ-ын баримтаа сайн бүртгэдэг
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Өрхийн эмэгтэй тэргүүнүүд НӨАТ-ын баримтаа сайн бүртгэдэг

Та бидний худалдан авалт бүхнээ бүртгэдэг НӨАТ-ын цахим бүртгэлийн их өгөгдөлд суурилсан өрхүүдийн ядуурал, тэгш бус байдлын талаарх судалгааг хийжээ. Mpress.mn сайт “Ковид 19 цар тахлын үеийн ядуурал, тэгш бус байдлыг их өгөгдөл ашиглан судлах нь” судалгаанаас цувралаар та бүхэнд танилцуулж байна.

Судалгаа: ӨРХИЙН ЭМЭГТЭЙ ТЭРГҮҮНҮҮД ИЛҮҮ ӨНДӨР ЗАРЛАГАТАЙ

Судалгааг Ковидын цар тахал дэгдсэн 2019, 2020 онуудыг хамран хийжээ.

Улаанбаатар хотын нийт өрхийн 80,2 хувь нь НӨАТ-ын баримтаа EBarimt аппликэйшнийг ашиглан бүртгүүлдэг байна.

“Их өгөгдлийн түүвэрт хамрагдсан эмэгтэй тэргүүнтэй өрхүүдийн зарлага нь 2020 оны туршид эрэгтэй тэргүүнтэй өрхүүдийн зарлагаас өндөр байна. Эмэгтэй тэргүүнтэй өрхүүдийн зарлага эрэгтэй тэргүүнтэй өрхүүдийнхээс өндөр төдийгүй, илүү өргөн тархалттай байна” хэмээн судалгаанд дурьджээ.

Сонирхуулахад, Монгол Улсын хэмжээнд 18 болон түүнээс доош насны хүүхэдтэй өрх толгойлсон 36 мянга орчим эмэгтэйчүүд бий гэдэг тооцоог 2019 онд ҮСХ гаргасан юм.

“Их өгөгдлийн түүвэрт хамрагдсан өрх толгойлсон эмэгтэйчүүдийн дунд амжиргаа сайтай хэсэг нь ядуу эмзэг бүлгийнхнээс илүү олон байна” хэмээн судалгаанд өгүүлжээ. Судлаачид “НӨАТ- ын систем дэх зарлагын мэдээлэлд үндэслэсэн НӨАТ-ын Их өгөгдлийн түүвэр болон ӨНЭЗС- ны зарлагын харьцаа дунджаар эмэгтэй тэргүүнтэй өрхийнх 96.2 хувь байгаа бол эрэгтэй тэргүүнтэй өрхийнх ердөө 64.6 хувь байна. Эндээс харахад эмэгтэй тэргүүнтэй өрхүүд эрэгтэй тэргүүнтэй өрхүүдтэй харьцуулахад төлбөрийн баримтаа НӨАТ-ын Е-баримт системд илүү бүрэн бүртгүүлж байгаа нь ажиглагдаж байна.” хэмээн дүгнэсэн байна.

Олон улсын судалгаа: ЭМЭГТЭЙЧҮҮД БУСДАД ЗОРИУЛСАН ХУДАЛДАН АВАЛТ ИХЭЭР ХИЙДЭГ

Эмэгтэйчүүд худалдан авалтыг эрчүүдээс 20 хувиар илүү хийдэг гэдгийг “Онлайн худалдааны зан үйл: Эрчүүд, эмэгтэйчүүдийн ялгаа” олон улсын судалгаанд дурьдсан байдаг. Учир нь эмэгтэйчүүд зөвхөн өөртөө бараа бүтээгдэхүүн худалдан авдаггүй ажээ. “Эмэгтэйчүүдийн худалдан авалтаа зориулдаг жагсаалт тун урт. Нөхөр, үр хүүхдүүд, ээж аав, хамтран ажиллагсад, ах дүү хамаатан садан, найзууд гэх мэтээр үргэлжилнэ” хэмээн Форбес сэтгүүлийн эдийн засгийн шинжээч Бриджет Бреннан бичсэн байдаг.

Манай улсын хувьд эмэгтэй тэргүүнтэй өрхүүдийн зарлага өндөр, худалдан авалт сайн байгаа нь зөвхөн зан үйлээс гадна манай улсын эдийн засгийн тэгш байдлын нөхцөл байдалтай ч хамааралтай байж болох юм.

Судалгаа: МОНГОЛ ЭМЭГТЭЙЧҮҮД ЭРЧҮҮДЭЭС ИЛҮҮ ӨНДӨР БОЛОВСРОЛТОЙ

Үндэсний статистикийн хорооны судалгаанд дурьдсанаар Монгол Улсад эмэгтэйчүүд боловсролын түвшингээрээ эрчүүдээс илүү өндөр. Нийт эрэгтэйчүүдийн 38.5 хувь, эмэгтэйчүүдийн 61.5 хувь нь дээд боловсролтой. “Түүнчлэн, хөдөлмөр эрхлэлтийг хүйсээр болон салбараар задалж үзвэл бага цалин хөлстэй салбарт эмэгтэйчүүд илүү олноор ажиллаж байгаа хэдий ч санхүүгийн үйлчилгээ, худалдаа зэрэг өндөр цалин хөлстэй салбарт ч мөн олноор ажиллаж байна. Иймээс бусад олон улс оронтой харьцуулахад монгол эмэгтэйчүүд, эрэгтэйчүүдийн авч байгаа цалин хөлсний ялгаа харьцангуй бага байж ч болох юм” хэмээн НӨАТ-ын их өгөгдөл дээр ажилласан судлаачид дүгнэсэн байна.

“Ковид 19 цар тахлын үеийн ядуурал, тэгш бус байдлыг их өгөгдөл ашиглан судлах нь” судалгааг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Монгол Улс дахь суурин төлөөлөгчийн газар, Бангкок дахь Бүсийн төв, МУИС-ийн судлаачид, Гааль татвар, Санхүүгийн мэдээллийн технологийн төвийн мэдээллийн шинжээчид хамтран хийжээ.

Эх сурвалж: 1212.mn

Иран улс төрөлжсөн цөмийн үйлдвэрлэлийн төв нээлээ
Иран улс төрөлжсөн цөмийн үйлдвэрлэлийн төв нээлээ
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.