Залуу малчдын 70% нь ЗЭЭЛТЭЙ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Залуу малчдын 70% нь ЗЭЭЛТЭЙ

/2021.12.08/ Жендэрийн үндэсний хорооноос эрэгтэй, эмэгтэй залуу малчдын амьдрал ахуй дахь жендэрийн дүн шинжилгээг гаргажээ. Тус судалгаанаас гарсан зарим нэг үр дүнг хуваалцъя.

ЗАЛУУ МАЛЧИД ЯМАР НЭГ ЗЭЭЛД ХАМРАГДДАГ УУ?

Судалгаанд оролцогчдын 70 хувь нь ямар нэг зээлтэй бол үлдсэн 30 хувь нь зээлгүй гэх хариулт өгчээ. Эмэгтэй малчид эрэгтэйчүүдтэй харьцуулахад илүүтэй зээл авсан болохыг судалгааны үр дүн харуулжээ. Бүхий л аймгийн малчид зээл түгээмэл авч байгаа бөгөөд тэр дэндаа Өвөрхангай аймагт бусад аймгаас илүүтэй ажиглагдав.

ТЭД ХААНААС ЗЭЭЛ АВДАГ ВЭ?

70% нь ямар нэг зээлтэй гэж хариулсныг ахин сануулъя. Тэдний:

  • 64.1% нь банкнаас,
  • 5% нь ах дүү, хамаатан саднаасаа,
  • 2.6% нь найз нөхдөөс,
  • 3.6% нь дэлгүүрээс,
  • 0.2% нь банк бус санхүүгийн байгууллагаас,
  • 0.2% нь хуримтлалын бүлэг, хоршооноос зээл авчээ.

ЗЭЭЛ АВАХАД ХҮРГЭЖ БУЙ ШАЛТГААН ЮУ ВЭ?

Залуу малчидтай хийсэн ярилцлагын үеэр банк болон бусад сурвалжаас зээл авахад хүргэж буй дараах шалтгааныг дурджээ. Үүнд:

  1. Зуншлага тааруу болж, өвөлжилт хүндэрсэн орон нутгийн хувьд зээл авч өвс тэжээл авах
  2. Машин, мотоцикл авах
  3. Мал худалдан авах /үүлдэр угсаагаа сайжруулах, тоогоо нэмэх гэх мэт/
  4. Баяр тэмдэглэх /цагаан сар, наадам гэх мэт/
  5. Өвөлжөө, хаваржаа, бууц, хонд худалдаж авах, засах, сайжруулах
  6. Өвөлжөөн дээрээ байшин барих, засах зэрэг болно.

Малчид гол төлөв аж ахуйдаа хөрөнгө оруулах зорилгоор төдийгүй баяр тэмдэглэх зэрэг хэрэглээний зориулалтаар зээл авч байна.

БАНК БОЛОН БАНК БУС САНХҮҮГИЙН БАЙГУУЛЛАГААС ЗЭЭЛ АВАХАД ХҮНДРЭЛ БАЙДАГ УУ

Судалгаанд оролцогчдын тал хувь нь зээл авахад хүндрэлгүй гэх хариултыг өгчээ. Харин бэрхшээлтэй гэж хариулсан оролцогчид зээлийн хүү өндөр, хүссэн хэмжээний зээлээ авч чаддаггүй, цөөн малтай малчид зээл авах боломж хомс, барьцаа хөрөнгийг багаар үнэлдэг, зээлийн хугацаа богино гэсэн хүндрэл гардаг болохоо хуваалцжээ.

Хаан банкнаас "Малчныг дэмжих зээл" /3%-ийн хүүтэй/ хөнгөлөлттэй зээлийн бүтээгдэхүүн саяхнаас хэрэгжиж эхэлсэн ч малчдын дунд мэдээлэл багатай байгаа нь ганцаарчилсан ярилцлагын үеэр ажиглагдсан байна.
Мөн тус банк малчдад 3-19.2%-ийн хүүтэй зургаан төрлийн зээл олгож байгаа бөгөөд хөнгөлөлттэй нөхцөл бүхий зээлийг авахад 100-аас доошгүй тооны /хоньд шилжүүлснээр/ малтай байхыг шаарддаг байна.

Цөөн малтай малчдын хувьд санхүүгийн хүндрэлтэй нөхцөл үүсэх үед: өвөлжилт хүндэрсэн, ган гачиг тохиолдсоны улмаас хадлан тэжээл бэтлгээгүй нөхцөлд өвс, тэжээл худалдан авах шаардлага үүслээ гэхэд банкнаас зээл авах боломж тааруу байгаа юм.

Цөөн малтай иргэдэд зээл өгдөггүй, баталгааг нь хангадаггүй гэж яригддаг. Хөнгөлөлттэй зээлийн мэдээлэл байхгүй, ямар зээл хаанаас авдгийг нь ч мэдэхгүй.
/Өмнөговь аймаг, малчин эмэгтэй/
Манайх зээлгүй, гэхдээ манайх цөөн малтай тул зээл авч чаддаггүй, ах дүү, ээж аавын дэмэнд л амьдарч байна. Цөөн малтай малчинд банк зээл олгодоггүй.
/Өвөрхангай аймаг, малчин, өрх толгойлсон эмэгтэй/

МАЛЧДАД ХАДГАЛАМЖ БИЙ ЮУ?

Залуу малчид зээлтэй байх нь элбэг илэрч байсны эсрэгээр хадгаламжтай байх нь 20 хүрэхгүй хувьд нь илэрч байна. Тэдний 89% нь банкны карт ашигладаг, бараг бүгдээр ямар нэг банканд данс эзэмшиж байна. Хадгаламж эзэмшиж буй эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээсээ 5 хувиар илүү байна. Энэ нь санхүүгийн боломжийн хувьд эрэгтэй залуу малчид илүү давамгай боломжтой болохыг харуулж байна.

Ч.Отгочулуу: Ёс зүйгүй залуучууд МАН-д орж байна
Ч.Отгочулуу: Ёс зүйгүй залуучууд МАН-д орж байна
 
Монголын нууц товчоо судлалд үнэтэй хувь нэмэр оруулж буй судлаачдад шагнал, тэтгэлэг олголоо
Монголын нууц товчоо судлалд үнэтэй хувь нэмэр оруулж буй судлаачдад шагнал, тэтгэлэг олголоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.