“Тонн улаан буудай 550 мянган төгрөг байхад, тонн рапс 2,5 сая төгрөг байна”
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Тонн улаан буудай 550 мянган төгрөг байхад, тонн рапс 2,5 сая төгрөг байна”

/2021.12.1/ Монголын Тариаланчдын Үндэсний холбооны хурал яг одоо болж байна. Хурлын үеэрх мэдээллийг хүргэж байна.

Тариаланчдын төлөөлөл:

-Тонн улаан буудай 630-690 мянган төгрөг гэж байгаа. Гэтэл энэ нь чийг зэргээс шалтгаалаад яг хүрэхдээ нэг тонн нь 550 мянган төгрөг хавьцаа болдог. Гэтэл 1 тонн рапс 2,5-3 сая төгрөгийн үнэтэй байна. Хятадууд дор нь авдаг. Тэгэхээр манай ААН-үүд бизнес эрхэлбэл аль борлогддог, үнэтэй тариагаа тарих нь зүйн хэрэг гэж би боддог.

Импортын үрийн асуудал байна. Манай улаан буудайн сорт гэдэг учраа алдсан. 2020 оны тайлангаар улаан буудайн 38 сорт тариалж байна. Импортоор жил бүр үр оруулж ирж байгаа.

Зөвхөн энэ жил гэхэд л 11,8 мянган тонн үрийг 5 аж ахуйн нэгж оруулж ирсэн. Үүний хоёр нь барилгын компани, хоёр нь гурилын үйлдвэр, үлдсэн ганц нь л тариалангийн компани. Үрийн будаан дээр тендэр зарлахдаа ингэж хамаагүй компанийг сонгохоор ургацанд их нөлөөлж байна. МХЕГ-ын шинжилгээгээр оруулахад 55 хувь нь л 1-р зэрэг байдаг. Гэх мэтээр яваад 5 хувь нь огт тэнцэхгүй гэж гардаг. Урд өмнө манайд огт гарч байгаагүй өвчин энэ жил тариаланд гарсан. Энэ бол чийг ихтэй газар байдаг мөөгөнцрийн өвчин. Ийм өвчинг монголын хилээр нэвтрүүлэх ёсгүй. Хууль зөрчин оруулж ирж байгаа будаа нь хортой, өвчинтэй байна.

Ингэж оруулж ирж байгаа нь тариаланчдын хөдөлмөрийг үнэгүйдүүлж байна гэж хэлмээр байна.

Дорнодын тариаланчдыг төлөөлөгч:

-Энэ жил хүнд жил болж байна. Дорнодын тариаланчинд борлуулалт хийхийн тулд мянга гаруй км газрыг туулж бүтээгдэхүүнээ борлуулдаг.

Дорнодын залгаа хятадын талын хувь болон улсын команиуд монголд тарьсан тарьмал бүтээгдэхүүнийг худалдан авах хүсэлтээ сүүлийн гурван жил тавьж байгаа.

Энэ жил монголд тарьмал бүтээгдэхүүн илүү гарч байгаа. Энэ нөхцлийг ашиглаж экспортыг дэмжээч гэж хүсэж байна.

Тариаланчдын Үндэсний холбооны ТУЗ-ын төлөөлөл Цог:

-Гадаад орчны нөхцөл байдлыг хэлэлцмээр байна. Арваннэгдүгээр сарын 3-нд Хятадын Засгийн газар хүнсний аюулгүй байлын улмаас нөөцөө бүрдүүлээрэй гэсэн мэдэгдлийн дараа бүх бүтээгдэхүүний үнэ нь 25 хувь өссөн. Дэлхий дахинд ч мөн адил. Оросын улаан буудайны үнэ ч мөн өндөр болж өсөж байна. Гадаад орчин хэцүү байна. Энэ жилийн хувьд цаг агаар биднийг ивээсэн. Өмнөх жилүүдэд зөвхөн улсынхаа нөөцийг аргацаадаг байсан бол энэ жил экспортод гаргах боломж бий боллоо. Газар тариалан эрхэлж байгаа бид бизнесийн байгууллага гэдэг нь үнэн.

Гэхдээ бид үүрэг хүлээсэн бизнесийн байгууллага. Ерэн оных шиг монгол ах дүү нартаа ясны гурил идүүлэхгүйн төлөө, тусламжийн будаагаар үр хүүхдүүдээ тэжээхгүйн тулд, дэлхий дахинд үнэ нь хэд дахин өссөн ч үнээ тодорхой хэмжээнд барьж иргэддээ хүргэх ийм үүрэгтэй компаниуд.

Биднийг байнга төрөөс дэмжлэг авдаг шиг хүмүүс ойлгодог. Ийм биш ээ. Манай тариалангийн салбар түрүү жилийнхтэй харьцуулахад 20 хувиар өссөн. Энэ жил түлшний дэмжлэг үзүүлж байгаа нь 620 мянган га-д тарьдаг компаниудад 10 мянган га-д тариалах хэмжээний түлшийг зээлээр өгдөг. Үрийг чинь шинэчилж өглөө л гээд байдаг. Гэтэл тайлангаас харахад үр байтугай хүнсэнд тэнцэхгүй будааг бидэнд нийлүүлдэг. Бид хийж бүтээдэг салбар, үүнийхээ төлөө л явж байна.

Мөн тариаланчид "Борлуулагдаагүй байгаа 130 мянга гаруй тонн будаа үтрэм дээр хураалттай байна. Манай улс 500-д мянган тонныг хадгалах савтай гэж ярьдаг. Энэ хаа байна аа? 130 мянган тонн будаа үр дүнгүй хийсэх нь. Энэ нь ойролцоогоор 90 тэрбум төгрөгийн хөрөнгө юм" гэлээ.

“Нью Улаанбаатар Интернэйшнл эйрпорт” ХХК-иас 208,9 сая төгрөгийг хураан авчээ
“Нью Улаанбаатар Интернэйшнл эйрпорт” ХХК-иас 208,9 сая төгрөгийг хураан авчээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.