/2021.12.01/ Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас “Нью Улаанбаатар Интернэйшнл эйрпорт” ХХК-д 6,2 сая төгрөгийн торгууль ногдуулжээ.
Мөн хууль бусаар олсон орлого болох 208,9 сая төгрөгийг хураан авах шийдвэрийг гаргасан байна.
Тодруулбал, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2020 оны долоодугаар сарын 2-ны өдрийн 05 дугаар тогтоолоор “Нью Улаанбаатар Интернэйшнл эйрпорт” ХХК-ийг зохицуулалтгүй 21 үйлчилгээний төрлөөр зүй ёсны монополь байдалтай аж ахуй эрхлэгч болохыг тогтоожээ.
Өрсөлдөөний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-т “Энэ хуулийн 14 дүгээр зүйлд заасан Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь зүй ёсны монополь байдалтай аж ахуй эрхлэгчийн үйл ажиллагаанд дараахь зохицуулалт хийнэ:” гэж, 6.1.2-т “бодит зардлыг нь харгалзан тухайн бараа бүтээгдэхүүнийг борлуулах үнийн өөрчлөлтийг хянан зөвшөөрөл олгох” гэж тус тус заасны дагуу “Нью Улаанбаатар Интернэйшнл эйрпорт” ХХК нь зохицуулалтгүй үйлчилгээний үнэ, тарифыг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраар хянуулж, зөвшөөрөл авахаар хуульд заасан байдаг.
Иймд тус хуульд заасны дагуу Өрсөлдөөний тухай хуулийн 6.1.2-т заасныг зөрчиж, үнэ тарифаа хянуулаагүй зөрчил гаргасан тул Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 5-д заасныг үндэслэн зөрчлийн хэрэг нээж шалгажээ.
Бид энэ талаар “Нью Улаанбаатар Интернэйшнл эйрпорт” ХХК-иас тодруулахад, "Энэ тал дээр одоогоор мэдээлэл өгөх боломжгүй байна. Манайхаас энэ асуудал дээр гомдол гаргасан, хараахан шийдэгдээгүй байгаа. Асуудал шийдэгдэж дууссаны дараа компаниас албан ёсны тайлбар өгнө" гэсэн юм.