УБ дах гэрээсээ америк сургуульд суралцагчид: Бид коллежид суралцах хүсэлтэй 
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

УБ дах гэрээсээ америк сургуульд суралцагчид: Бид коллежид суралцах хүсэлтэй 

Ковидын нөхцөл байдал хүндэрч, ерөнхий боловсролын сургуулиуд бүхэлдээ зайны сургалтанд шилжив. Өмнө нь ийм нөхцөл байдалд хичээллэж үзээгүй багш нар болон сурагчид эвээ олохгүй одоо хүртэл зүдэрсээр л байна. Харин энэ үед Улаанбаатар хотын нэгэн өрх Найрамдал зуслангийн ойролцоох гэртээ цэвэр агаарт, хүүхдүүд нь дассан сурсан зайны сургалтандаа хамрагдан амьдрал нь хэвийн үргэлжилж байна.

Манай улсад гэр сургалтын системийг хуулиар зөвшөөрөөгүй. Тийм учир гэр сургалтанд зориулсан сургалтын хөтөлбөр гэж үгүй. Харин америкт бол байгаа. Тиймээс Б.Пүрэвсүрэн гурван хүүхдийнхээ хоёр томыг америкийн Абека дунд сургуулийн гэр сургалтанд хамруулан сургасаар өдгөө том охин нь есдүгээр анги, хүү нь долоодугаар ангидаа хичээллэж байна. Бид Б.Пүрэвсүрэнтэй уулзаж, гэр боловсролын талаар, хүүхдүүдийнх нь хичээлийн талаар ярилцсанаа хүргэж байна.

Б.Пүрэвсүрэн

-Гэр сургуулийн хөтөлбөр танхимынхаас өөр үү?
-Үгүй, яг адилхан. Хоёр төрөл байдаг. Нэг төрөл нь номоо захиалаад, аав ээж нь өөрсдөө зааж өгдөг. Нөгөөтөх нь номоо захиална тэгээд бүх хичээл нь видео бичлэгтэй. Тэгэхээр ээж, аав нь хичээл заах шаардлагагүй болчихож байгаа юм. Гэхдээ дүнг нь сайн бүртгэх, хүүхдүүд маань хичээлээ хийж байгаа эсэхийг хянах шаардлагатай. Зарим хичээл дээр ойлгохгүй зүйл гарвал би тайлбарлаж, ойлгуулах үүрэгтэй. Давуу тал нь хичээл болгон нь багшийн гарын авлага дагалддаг. Би гарын авлагыг нь ашиглаад хүүхдээ зөв бодож байгаа эсэхийг дүгнэх боломжтой. Гэхдээ биеийн тамир, дуу хөгжмийн хичээлүүдийг нь би хийлгэдэг. Нэмэлт дугуйлангуудыг ер нь гэр бүл нь хариуцах ёстой. Хүүхдүүдээ хохироохгүйн тулд АНУ-д албан ёсоор хүлээн зөвшөөрөгдсөн сургуулийг сонгосон. Хоёр хүүхэд маань хоёулаа америкт коллежид суралцах хүсэлтэй. Түүний тулд шаардлагуудыг нь хангасан байх ёстой.

-Хөтөлбөрийн нэг төрөл нь видео байхгүй гэхээр эцэг, эхийн үүрэг хариуцлага нэлээд өндөр байх нээ дээ?
-Тэгнэ. Багшийн үүргийг бүрэн гүйцэтгэнэ гэсэн үг. Зарим сургуулийнх бүр хөтөлбөр ч байхгүй, хүссэнээрээ зааж болдог. Би тийм мундаг ажилладаг америк ээжийг харсан шүү. “Манай хоёр хүүхэд ямар хичээл судлахыг хүснэ, түүнийгээ л үзнэ. Заримдаа түүх үзмээр байвал бүтэн өдөр түүхийн хичээл ордог” гэж ярьж байсан. Харин манай хүүхдүүдийнх бол нэг хичээлийн үргэлжлэх хугацааг хүртэл зааж өгдөг.

-Төлбөртэй байх уу?
-Төлбөртэй. Цэцэрлэгийн хөтөлбөр нь жилийн 500 доллар байдаг. Энэ төлбөртөө бүх ном, гарын авлага, видео хичээл үзэх эрх нь нээгддэг. Ингээд жил ирэх тусам нэмэгдсээр байгаад, одоо манай охин есдүгээр анги гэхэд төлбөр нь 1200 доллар болсон. Хүү болохоор долоодугаар анги, төлбөр нь мянган доллар хавьцаа. Ингээд жилдээ 2200 доллараар бүх ном, видео хичээлээ аваад, дүнгээ бүртгүүлэх системдээ холбогдчихно.

-Авсан хичээл нь хэр үр дүнтэй байгааг тухайн сургууль нь дүнгийн системээрээ шалгачих уу?
-Тэгнэ. Дүнгээ оруулаад явахыг шаардана, хүүхэд хичээлээ үзэж байна уу, хэдэн хувьтай үзэж байна гэдгийг бүгдийг нь хянадаг.

Түрүүнд нь DVD үзүүлдэг байхад би DVD-г нь үзүүлчихээд, стриймийг нь үзүүлээгүй байсан юм. Гэтэл стрийм үзэх эрхийг нь шууд хаачихсан байсан. Тайлбар нь, та нар хүүхдэдээ хичээлийг нь үзүүлээгүй байна гэсэн. “Манайх бичлэгийг нь үзүүлсэн юм аа” гэж хэлж байж буцааж эрхийг нь сэргээж байлаа. Ер нь сургуультайгаа нэлээд дотно харилцаатай байх шаардлагатай шүү.

-Яаж энэ сургуулиа олов?
-Ийм боловсролын хөтөлбөр байдаг юм байна гэдгийг Солонгост явж байхдаа анх мэдэж байлаа. Америкт нэлээд өргөн дэлгэрсэн, Солонгосчууд бас сүүлийн үед их хамрагдах болсон төрөл юм билээ. Миний хувьд энэ сургуулийг сонгосон шалтгаан нь бэлэн хөтөлбөртэй.

-Энд монгол сургуулийн боловсролдоо хамрагдаад, давхар америкаас ийм гэр хөтөлбөрт хамрагдах боломж байдаг юм болов уу?
-Боломжтой юм байна лээ. Энэ сургуулийн хувьд гэхэд зөвхөн англи хэлнийх нь хөтөлбөрийг хүртэл авах боломжтой байдаг.

-Хүүхдүүдийн хувьд ямар давуу талтай байна?
-Хүүхэд бие дааж сурдаг. Миний хувьд одоо хүүхдүүдээ “Хичээлээ хийгээрэй, босоорой” гээд байх ямар ч шаардлага байдаггүй. Гэхдээ тэр хүртэл гурван жил “нухна” шүү дээ. Гэрийнхээ даалгаврын цаасыг хийхгүй ширээн доороо хийгээд хадгалчихсан байсан ч хөгжилтэй тохиолдол байна. Мөн гарын авлага өгчихөж байгаа нь хүүхдэд итгэлийг давхар өгч байгаа юм. Хүүхэд тэр гарын авлагаас бүх бодлогынхоо хариуг харчихаж болно. Гэхдээ тэгж болохгүй гэдгийг бүр багаас нь сургачихаж байгаа юм. Хүний юмыг хуулж болохгүй гэдэг маш том сургамж. Интернэт орчноос хүний бичвэрээс эш татахгүй. Оюуны хулгай бол байж боломгүй зүйл гэдгийг багаасаа л маш сайн ухаарчихаж байна гэсэн үг. Ер нь дижитал орчны мэдрэмж маш сайтай. Сэтгэлгээ нь хил хязгааргүй болдог.

No description available.

-Шинжлэх ухааны хичээлүүд нь хэр түвшинд байгаа бол шалгаж үзсэн үү?
-Тэрийг шалгаж үзээгүй. Гэхдээ найзууд маань хүүхдүүдийнхээ хүрд цээжлээгүйд санаа зовоод байхаар нь, тухайн үед хүүхдүүдээсээ “Та хоёр хүрд мэдэх үү” гэж асууж байлаа. Гэтэл манай хоёр “Мэдэлгүй яахав, цээжилчихсэн” гэж хариулж байсан.

-Танхимын хичээлтэй нь бол дүйх үү?
-Дүйнэ. Видео бичлэг нь багш нар нь бодит хүүхдүүдэд хичээл зааж байгаа бичлэг юм. Багш нь танхимдаа байгаа хүүхдүүдээс асуулт асууна, үргэлжлүүлээд “За одоо манай онлайнаар үзэж байгаа хүүхдүүд хариулаарай” гэхээр манай хүүхдүүд хариулаад явдаг. Гэхдээ LIVE биш, бичлэг. Шууд юм шиг явж байгаа нь яг л итгэл дээр суурилна. Багш нь зохион бичлэгийн даалгавар өгөхөд нь би шалгаж, дүн тавьж илгээнэ.

-Дүнг нь илгээхээс гадна яаж хянадаг вэ?
-Хүүхдийн маань хичээл хэдэн хувьтай, хаана явж байгааг бүгдийг нь хянах боломжтой.

Бас бүх мэдээлэл хадгалагдаж байдаг учир дүнг нь дараа нь бүхлээр нь авахад асуудалгүй. Сургуулиас нь захидал илгээх зэрэгт мөн адил.

-Хүүхдийг гэрээс нь сургахын тулд суралцах орчныг бүрдүүлэхэд бас их анхаарна биз?
-Тэр бол хамгийн чухал зүйл. Нэлээд зардал ч гарна. Жишээ нь, охинд том ногоон самбар авсан, хүү болохоор цагаан самбар хэрэглэдэг. Эхэндээ нэг өрөөнд байсан бол дараа нь тус тусад нь өрөөнд оруулахаас аргагүй болсон. Мөн лабораторийн орчныг ч бий болгоно. Ширээ сандал ямар стандарттай байхыг сургуулиас нь хэлж өгдөг. Хүүхдийн хөл улаараа газар бүрэн хүрсэн байх ёстой шүү гэдэг ч юм уу. Тэгээд боломжоороо л бүрдүүлсэн дээ.

-Хүүхдүүд нь ээжээсээ “Бид яагаад гэрээсээ хичээлд сууж байгаа юм бэ, яагаад бусад хүүхдүүд шиг сургуульд явдаггүй юм бэ” гэж асуудаг уу?
-Манай хоёр хүүхэд харин ч “Баярлалаа, тухтай орчинг бэлтгэж өгсөнд” гэдэг. Бас өглөө эрт босохгүй, хоцорно гэж стресстэхгүй. Бусад хүүхдүүд өвлийн хүйтэнд, утаан дунд, том цүнх үүрчихээд л өглөө явж байгааг харахаар бас их хэцүү санагддаг шиг байгаа юм.

-Биеийн тамир гэх мэт хүүхдүүдийн хөдөлгөөнийг сайжруулах хичээл орох уу?
-Өдөр бүр 50 минут орохыг сургуулиас нь шаарддаг. Манайх ууланд авирах, гадаа гүйж тоглох гээд харуулдаг.

-Өдөрт хэдэн цагийг сууж зарцуулах уу?
-Өдөрт 4-5 цаг зарцуулна шүү. Гэрийн даалгаварт 1-2 цаг зарцуулна.

-Манай улсын ерөнхий боловсролын сургуулиуд хичээлээ онлайнаар зааж байгаа. Энэ хичээлийг үзсэн үү. Ямар санагдсан бэ?
-Бодит танхимд хүүхдүүдэд хичээл зааж байгаагаар видео бичлэг хийж цацсан бол зүгээр байх байсан санагддаг. Тэгэхгүй бол багш нар хэтэрхий удаан яриад, бодит амьдралаас арай өөр байсан нь хүүхдүүдийг залхаагаад байсан юм болов уу. Манай хүүхдүүдийн сургуулиуд болохоор бичлэг хийгээд 40 жил болчихсон. Тийм болохоор тэр видео хичээлүүдээ маш сайн үзэж, шаардлагатайг нь засаж, өөрчилж явдаг. Ялангуяа шинжлэх ухааны нээлт гарах бүрт түүнийг багтааж явдаг. Манайх болохоор заримдаа багш нарын тайлбарлаж байгаа зүйлс логик авцалдаа муутай санагдсан. Тэр тохиолдолд хэн хянаж, хэрхэн засдгийг нь сайн мэдэхгүй юм.

-Хүүхдүүдээ сургуульд бүрэн даатгачихдаг эцэг эхчүүд онлайн хичээлийн үеэр нэлээд “хүчирхийлэл” үйлдсэн байх. Хүүхдэд онлайнаар хичээл зааж байхад эцэг, эхчүүдийн хувьд тэвчээр гэдэг зүйл маш хэрэгтэй мэт санагдсан?
-Тийм шүү. Сурч ядаж байгаа хүүхдүүдээ тэнэг мангараар нь дуудах, цохиж авах гэх мэтчилэн. Маш харамсалтай.

-Таны хувьд яаж даван туулсан бэ?
-Би бас л адилхан эхэлсэн. “Энийг ойлгохгүй байхдаа яадаг юм” гээд л хүүхдүүдээ загнаад. Яваандаа өөрийнхөө дутагдалтай олон талыг олж харсан. Бид хүүхдүүдээ биш хүүхдүүд биднийг хүмүүжүүлдэг.

-Сургуулийн нэг гол зорилго хүүхдийг нийгэмшүүлэх шүү дээ. Гэрээр суралцаж байгаа хүүхдүүдээ яаж нийгэмшүүлдэг вэ?
-Сургалт дугуйланд хамруулна, сайн үйлсийн аян хийнэ. Ээж, аав нь өөрсдөө тэрийг зохион байгуулна.

-Тухайлбал?
-Манай хоёр хүүхдүүдэд сайн дурын англи хэлний багш хийсэн. Кофе шопт хүүхдүүд цуглараад хичээл заадаг юм байна. Түүнд хамрагдсан. Цуглаандаа бас байнга явна.

-Хүүхдүүд чинь танхимаар хичээллэдэг хүүхдүүдтэй харьцуулахад нийгмийн харилцаанд орохдоо тааруу, эсвэл бүрэг ч юм уу тийм байдал ажиглагддаг уу?
-Хүүхдийнхээ мөн чанараас болдог юм байна. Дотогшоо хүүхэд улам бүр бүрэг болох эрсдэлтэй, гадагшаа хүүхэд бол огт тоохгүй.

-Ер нь яагаад хүүхдүүдээ гэр хөтөлбөрөөр сургая гэж бодсон юм бэ?
-Тухайн үед манай боловсролын яам маш олон төрлийн хөтөлбөрийг ойр ойрхон солиод л байдаг байсан. Боловсролын системд хөтөлбөр нутагшуулахад багагүй хугацаа шаардлагатай шүү дээ. Тийм болохоор “Энэ бүхэн нь нутагшиж чадаж байгаа юм болов уу. Хүүхдүүд маань чанартай боловсрол эзэмшиж чадах болов уу” гэж боддог байсан. Хувийн сургуулиудад ч итгэж чадаагүй. Орчин нь бүхэлдээ үнэт зүйл нь мөнгө байх ч юм болов уу, буруу юм заагаад өгчих вий гэж айсан. Ингээд эцэстээ гэр хөтөлбөрийг сонгохоор шийдсэн дээ.

-Одоо бодоход зөв сонголт байж уу, буруу байж уу?
-Одоо бодоход их зөв сонголт хийж дээ гэж их баярладаг. Өндөр чанартай боловсролыг хүүхдүүддээ олгож чадсан. Манай нөхөр ч гэсэн бас тухайн үедээ эргэлзэж байсан. Харин дараа нь “Зөв сонголт хийсэнд баярлалаа” гэж хэлсэн шүү. Ялангуяа сая ковидын үед бидний сонголт зөв байсныг тун сайн ойлгосон. Ер нь боловсрол олгох үйл явц бол гэрийн орчин хүмүүжил, сургууль, багш гээд цогцоороо явах ёстой ойлголт юм. Зөвхөн багш, сургуульд бүхнээ даатгах нь өрөөсгөл.

-Ээж хүний хувьд ажил төрөл хийхгүйгээр хичээлийг нь анхаарсан уу?
-Гэрээсээ ажилладаг байсан. Одоо хэвийн ажиллаж байгаа.

-Гэхдээ англи хэлтэй нь бас давуу тал болсон байх?
-Тэгсэн. Би Налайхад төрж, өссөн. Бага ангиа орос сургуульд суралцаж төгссөн. Ямар ч хэлгүй хүүхэд сургуульд ороод л орчноо сонссоор байгаад л орос хэл сурч байлаа. Гуравдугаар ангидаа орохдоо орос хүүхдүүд шиг л болчихсон байсан. Дараа нь шилжээд хотод, монгол сургуульд суралцсан. Тэр үед англи хэл маш их хэрэгтэй гэдгийг ойлгож, долоодугаар ангиасаа бие дааж англи хэл сурсан. Дунд сургуулиа төгсөөд, МУИС-д орж байлаа. Одоо орчуулагчаар ажиллаж байна.

-Сонирхолтой ярилцлага өгсөнд баярлалаа.

Эрдэмтэд гүзээлзгэний амт, үнэртэй мөөгийг ургуулжээ
Эрдэмтэд гүзээлзгэний амт, үнэртэй мөөгийг ургуулжээ
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.