Тариа андуурч тарьснаас дөрвөн хүүхэд бүтэн өнчирчээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Тариа андуурч тарьснаас дөрвөн хүүхэд бүтэн өнчирчээ

Нагац эгч М.Галя

/2021.10.28/ Ердөө л хэдхэн сарын өмнө дөрвөн хүүхэдтэй, өнөр өтгөн гэр бүл элэг бүтэн сайхан амьдарч байв. Аав нь инженер, ээж нь 23-р сургуульд багш. Хоёулаа ажил мэргэжилдээ сайн тул хамт олондоо өндрөөр үнэлэгддэг, нэр хүндтэй хүмүүс байв. Гурван хүүтэй айлд жаргал нэмж охин төрсөн нь гурван нас хүрч, гэр бүлд нь инээд хөөр, баяр баясал дүүрэн байжээ.

Гэтэл хэдхэн сарын дотор бүх зүйл орвонгоороо эргэж, өдгөө дөрвөн хүүхэд нь торойтол үлдчихээд байна. Аав нь өнгөрөөд удаагүй, ээж нь талийгаач болов. Шалтгаан нь Өргөө амаржих газрын сувилагч буруу тариа хийснээс болсон гэж ах дүү хамаатан садан нь өгүүлж байна. Ингээд бид гомдолтой байгаа нагац эгч М.Галятай ярилцав.

-Юу болсон талаар бидэнд тайлбарлаач?
-Талийгаач дүүг маань С.Болормаа гэдэг. Манай дүү есдүгээр сарын 15-нд ковидоор өвчлөөд, 17-нд эмнэлэгт хэвтсэн. Сувилагч дүү маань жирэмсэн, бас ковидоор өвдсөн байсан тул хамт нэг өрөөнд хэвтсэн юм. Хамт хоёр хоног хэвтээд сувилагч дүү эмнэлэгээс гарсан. Гэтэл гарсан орой нь хамт нэг өрөөнд хэвтэж байсан хүнээс нь “Танай эгч чинь бие нь муудаад, ухаан алдчихлаа. Тэгээд сэхээн амьдруулах тасаг руу аваад явлаа” гэж залгасан. Зүрх нь өвддөг болохоор урд өдөр нь зүрхний тариа хийлгэсэн байна. Гэхдээ бие нь харьцангуй дээрдэж, коридороор алхаж явсан байгаа юм. Гэтэл гэнэт тэгж муудсан. Зүрхний тариа болох хүрэн шилтэй тариаг хийгээд, дуусаагүй байхад л “Эмч ээ” гэж сулхан дуугараад л шууд ухаан алдсан гэж хэлсэн.

-Сэхээн амьдруулах тасагт аваачаад бие нь дээрдсэн үү? Ямар арга хэмжээг эмнэлгээс авсан бэ?
-Хоёр хоног сэхээн амьдруулах тасагт хэвтүүлээд, өөдлөөгүй. Тархины MRI хийлгэмээр байна, гуравдугаар эмнэлэгт аваачмаар байна гэхэд “Яг тархи мөн үү, замдаа янз бүр болох вий. Аппарат салгалаа л бол зүрх нь зогсоод байгаа шүү” гэж эмнэлгийнхний зүгээс хэлсэн.

-Тарианаас болсон гэдгийг яаж мэдсэн бэ?
-Эмнэлэгийн удирдлагууд, Ж.Энхцэцэг дарга гээд хүмүүс сувилагч дүү Бурмааг дуудаж уулзсан байгаа юм. Тэгээд “Эмнэлэгийн буруугаас ийм зүйл боллоо. Сувилагч хариуцлага алдаж, тариаг нь сольж хийсэн байна” гэж хэлсэн байгаа юм. Атрафин гэдэг зүрхний тариа хийх ёстой байтал Атрапин гэдэг тариаг хийжээ. Энэ тарианы худалдааны нэршил нь Тракриум гэхээр эмч нар сайн мэддэг юм байна. Энэ тариа нь зүрх, уушгины үйл ажиллагааг бүрэн зогсоож байж хагалгаа хийхэд ашигладаг тариа байжээ. Энэ тариаг хийсэн учир тариаг хийсэн даруйд тэгж ухаан алдсан байгаа юм.

Андуурч тарьсан тариа. Ийнхүү андуурч тарьсны дараа зүрхний үйл ажиллагааг зогсоодог тарианы хайрцган дээр "Анхаар" гэх тэмдэглэгээг Өргөө амаржих байрлуулсан гэж М.Галя өгүүлэв.

-Тэгээд бүр эмнэлэгийн буруу гэдгийгээ дүү нь болох С.Бурмаад хэлсэн гэсэн үг үү?
-Тэгсэн.

-Тийм ноцтой тариаг андуурч хийсэн гэхээр сувилагч ямар туршлагатай хүн байсан юм бол? Шалтгаан нь?
-Тэр сувилагч мэргэжлээрээ найман жил ажилласан хүн гэнэ. Тийм л хайнга байгаа юм. Шалтгаан нь, хийх тарианыхаа нэрийг улаан бүсээсээ ногоон бүс рүү утсаар хэлдэг байна. Мөн өвчтөний түүх нь ногоон бүсдээ байдаг гэнэ. Мөн долоо хоногийн тулаатай болсон болохоор их ядарсан байсан гэж эмнэлэгийн удирдлагууд тайлбарласан байна лээ. Гэхдээ ядарлаа гээд хүн алж болохгүй биз дээ?

-Задлан шинжилгээ хийлгэсэн үү?
-Тэгээд өнгөрснийх нь дараа бид гадаа хүлээж байтал шүүх эмнэлэгээс “Ар гэрээс нь хүн байна уу” гээд дуудлаа. Шүүх эмнэлэгийн эмч канондсон өвчтөний түүх гартаа барьчихсан сууж байгаад “Энэ хүнийг бид ковид гээд задалтал уушги нь зүгээр байна” гэж хэлсэн. Ах дүү нарыг нь суулгаж байгаад тэр эмч тэгж хэлсэн шүү. Тэгэхээр нь бид “Ийм тариаг андуураад хийчихсэн байна” гээд цаасан дээр бичээд өгтөл “Өө энийг хийсэн бол ойлгомжтой шүү дээ” гэж хэлсэн.

-Хариуцлагын асуудал нь юу болсон бэ?
-Цагдаад хандах ёстой гэдгийг бидэнд хүн хэлсэн. Тухайн үед бид маш хэцүү байдалд ороод тархи толгой ч ажиллахаа больчихдог юм билээ. Уг нь эмнэлэг нь өөрөө ийм асуудлыг цагдаад бүртгүүлэх ёстой байтал юу ч хийгээгүй байсан. Тэгээд бид Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст өргөдөл бичсэн. Тэр үед бид 18 цагийн үед очиж хандахад, 20 цагт цогцсыг Шүүх эмнэлэг рүү авсан байсан. Одоо энэ хэрэг Ү.Батсайхан гэдэг ахмад дээр байгаа. Цагдаа нар одоо шаардлагатай мөрдөн байцаалтуудыг хийж, ажлаа хийж эхэлсэн.

-Шүүх эмнэлэгийн хариу гарсан уу?
-Энэ долоо хоногийн сүүлээр гарна.

-Тариа андуурч хийсэн сувилагч ажлаа хийж байгаа юу?
-Хийж байгаа. Нарантуяа гээд сувилагч.

-Та нартай холбоо барьсан уу?
-Нэг ч холбоо бариагүй. Дүүтэй нь найман жил хамт ажилласан хүн бас нэг залгаад, уйлаад ярьвал бид бас ойлгоно шүү дээ. Гэтэл огт яриагүй. Шүүх эмнэлэгийн дүгнэлт гарахаар аврагдчихна гэж бодоод байгаа юм уу, бүү мэд. Гайхаад байх юм. Тэр тариаг хийснээс хойш 6 хоногийн дараа өнгөрсөн. Зургаа хоногийн дараа задлан шинжилгээ хийхэд биенээс нь тэр тариа нь гарчихсан ч байх юм уу, үнэндээ мэдэхгүй байна.

-Одоо дөрвөн хүүхэд өнчрөн үлджээ. Аав нь бас саяхан өнгөрсөн гэж сонссон?
-Өнгөрөөд долоон сар болж байна. Гуравдугаар сарын 7-нд эхнэр, охиноо баярлуулчихаад, ажилдаа явсан. Гуравдугаар сарын 8-ны өглөө сэрээгүй. Зүрх нь хаагдчихсан. Цогтцэцийд зам гүүрийн барилгын ажил хийдэг компанид инженер хийдэг. Цогцсыг нь авах гээд ээж, аав нь очоод “Ийм газар хүн яаж эрүүл байх вэ” гэж хэлж ирсэн. Цагаан хадны тэнд битүү тоос шороо.

-Хүүхдүүд нь хэдээс хэдэн насных вэ?
-Том хүү нь 19, удаах нь 18, дараагийнх нь 8 настай, бага нь 3 настай. Хоёр том хүүгээ барилгын инженер болгохоор бэлтгэж байсан. Наймтай хүү нь ухаан орчихсон болохоор уйлж, шаналаад тун хэцүү байна. “Аав маань ажилдаа яваагүй байсан бол, ээж маань эмнэлэгт хэвтээгүй байсан бол ийм юм болохгүй байсан” гэж уйлаад…

-Та банканд бас хандсан гэсэн үү?
-Бүх л монгол гэр бүлийн адилаар хоёр талийгаач маань ипотекийн зээлтэй байсан. Үлдэгдэл нь 75 сая төгрөг юм билээ. Одоо төлбөрийн чадваргүй дөрвөн хүүхэд яаж төлж чадах билээ. Худалдаа хөгжлийн банканд өргөдөл гаргачихаад л сууж байна.

Бид талийгаачийн дүү сувилагч С.Бурмаатай холбогдсон юм.

-Эмнэлэгийн удирдлагууд “Буруу тариа хийсэн байна” гэж хэлэхдээ ямар бүрэлдэхүүнтэй байсан бэ?
-Энхцэцэг дарга, Чанарын албаны дарга, Эмчилгээ эрхэлсэн орлогч дарга, Эрчимт эмчилгээнийх гээд бүгд байсан. Тэгээд “Бидний ажлаас болж 100% хэцүү байдалд орлоо. Буруу тариа хийгдсэн байна. Найдваргүй болсон” гэж хэлсэн. Ингэж хэлсний маргааш үүрээр нь эгч маань нас барсан. Нэг хоногийг нууж, гурав хоногийг “Хэлэх үү яах вэ” гэж, нийт дөрөв хоногийг алдчихсан байгаа юм. Ямар ч аппаратанд оруулаагүй, шинжилгээ оношилгоо хийлгээгүй.

Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн Б.Билгүүн NTV телевизийн мэдээний албанд дараах ярилцлагыг өгчээ.

-Та бүхний өгүүлж байгаачлан эмнэлэгийн зохих үйлчилгээг үзүүлсэн эсэх дээр мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа тул дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. Шүүх шинжилгээний байгууллагаас дүгнэлт гарсны дараа мэдээлэл өгнө гэв.

Шүүх шинжилгээний газрын дүгнэлт гарах ёстой хугацаа нь хэдийнээ өнгөрсөн. Гэвч тэд хариугаа өгөөгүй байв. Харин биднийг энэхүү ярилцлагыг нийтлэх үеэр буюу аравдугаар сарын 28-ны, пүрэв гарагийн 17 цагийн үед өмгөөлөгч нь Шүүх шинжилгээний газрын дүгнэлттэй танилцаж байна гэх мэдээллийг бидэнд өгсөн юм. Дүгнэлтээр "Тодорхойгүй эм тарианы хордлого" гэж гарсан гэдгийг М.Галя бидэнд хэлсэн юм.

Бид эргэн мэдээлэх болно.

Төрийн албаны ерөнхий шалгалт ирэх сард болно
Төрийн албаны ерөнхий шалгалт ирэх сард болно
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.