/2021.7.22/ “Оном сан”-ийн үүсгэн байгуулагч анагаах ухааны доктор Д.Наранжаргалтай ярилцлаа.
Зургийн тайлбар: Гэрэл зургийг Хууль зүйн Үндэсний хүрээлэнгийн постероос авав.
БИД 255 ХУУДАС ЗӨВЛӨМЖИЙГ АРВАННЭГДҮГЭЭР САРД УОК-т ӨГСӨН Ч ШИНЖИЛГЭЭГЭЭ 2 САРД ХИЙСЭН
-“Оном сангийнхан өрх бүрээс шинжилгээ ав гэсээр байгаад ямар ч үр дүнгүй, дэмий зарлагатай зүйл хийлгэсэн” зэргээр ихээхэн шүүмжлэх болж. Нэг өрх-Нэг шинжилгээ яагаад үр дүнгүй болчихов оо?
-Оном сан өвчин туссаных нь дараа биш өвдөхөөс нь өмнө урьдчилан сэргийлэх ёстой гэдэг үндсэн зарчимтай. Энэ дагуу бид элэгний В, С вирүсийн эрт илрүүлэлт хийх Элэгний төвийн үйл ажиллагаа гэх мэт олон зүйл дээр ажилладаг. Ковид гарсны дараа мэдээллээ зөв өгөхгүй, хүмүүс сургаар асуудалд хандаж байсан тул өнгөрөгч оны хоёрдугаар сараас бид олон нийтэд шинжлэх ухааны мэдээлэл хүргэхээр onomsan.mn сайтаа ажиллуулсан. Энэ дээр ковидтой холбоотой бүх мэдээлэл бий. Эхэн үедээ шинэ вирүс тул сайн ойлгохгүй зүйлс байсан. Гэхдээ манай улс иргэдээ 19-21 хоног хорьж байх үед вирүсийн талаарх ойлголт олон улсад хэдийнээ тодорхой болчихсон “14 хоногийн хөл хорио хангалттай” гэдгийг мэдчихсэн байсан. Арваннэгдүгээр сард дотооддоо хараахан алдаагүй байх үед бид ЭМЯ-нд олон удаа хандаж, “21 хоног хөл хорио тогтоох буруу, 18, 19 дэх хоног дээр эерэг гарч байгаа нь тусгаарлалтынхаа байранд алдаад байгааг харуулж байна” гэдгийг анхааруулж хэлсэн. Гэтэл тун удалгүй жолооч Б, Энхсаран сувилал гээд асуудал ар араасаа гарч эхэлсэн. Түүнчлэн, “халдварын тохиолдол цөөн дээр дарж авах” гэдэг стратегитай ажиллах нь Хятад болон бусадын улсын жишээн дээр үр дүнтэй байгаа нь харагдлаа. Тиймээс энэ аргыг хэрэглэж, өргөн хэмжээнд шинжилгээ хийе” гэдэг саналыг тавьсан.
-Яг хэдийд өргөн хэмжээнд шинжилгээ авъя гэдэг санал тавьсан юм бэ?
-2020 оны арваннэгдүгээр сарын 23-ны өдөр бид Я.Содбаатар даргад бичиг явуулж байсан. Нарийвчилсан төлөвлөгөө гэсэн, зургаан санал бүхий 255 хуудас материал өгсөн. Тэнд шинжилгээг яаж хийх, боловсон хүчин, өртөг гээд бүх заах аргыг нарийн тодорхой бичиж өгсөн.
Өнгөний ангилал гаргаад “Улаан өнгөний үед ямар ч үед 5-аас дээш хүн цуглахгүй байх, хамгийн гайгүй үедээ 50-аас дээш хүн цуглуулахгүй байх. Тэр үедээ 4 м2 талбайд нэг хүн байхаар тооцох” гэх мэтээр нэлээд нарийн төлөвлөгөө гаргаж өгсөн. Хоёр дох санал нь “Нэг өрх-Нэг шинжилгээ”-г хэрхэн хийж болох нарийн заавар байсан.
Гэхдээ шинжилгээ хийх тоног төхөөрөмж, хүн хүч хангалтгүй учир олон хүний дээжээс нэг шинжилгээ авах аргыг хэрэглэе гэсэн. Тэр үед нийтийн дунд 30-40 хүн л магадгүй халдвартай байсан. Гэхдээ энэ вирүсийн онцлог нь тэр 30 хүнийг олохын тулд заавал шинжилгээ л хийнэ, өөр аргагүй. Түрүүнд нь SARS өвчний үед, энэ халдварыг авсан хүн маргааш нь л халуураад өвчтэй гэдгээ мэдчихдэг байсан тул, хөл хориог тогтооход амар байсан. Харин Ковид19 дээр хоёр өвөрмөц зүйл байгаа. Нэгдүгээрт, хүмүүс халдвар авчихаад шинж тэмдэггүй олон хоног болдог. Тэр үедээ халдвар тараагаад яваад байна. Хоёрдугаарт, халдвар авсан хүн бүхэн шинж тэмдэгтэй өвдөхгүй. Тийм учир л дэлхий даяар барьж авч чадахгүй, асуудал хүндрээд байгаа шалтгаан нь тэр. Тиймээс дөнгөж халдвар тарж байх үед нь өргөн хүрээг хамарсан шинжилгээ хийж, тухайн хүмүүсийг олж барьж аваад, хөл хорих, цаашлаад халдварыг тогтоон барих боломжтой болох юм. Тиймээс л бид олон улсад тодорхой болсон энэ аргыг хэрэглэхийг санал болгосон юм.
-Та бүхэн Дархан-Уул аймагт ажилласан байх аа?
-Бид Дарханы үйл ажиллагаанд гар бие оролцож ажилласан. Гэхдээ шинжилгээг хоёр удаа хийх шаардлагатай байсан ч боломжгүй байсан тул нэг удаа хийсэн. Нэг удаа хийж байгаа учир хөл хориог хурдан тавихгүйгээр 14 хоногийн хугацаанд бага багаар сулруулсаар 18 хоногийн дараагаас жирийн амьдрал руу шилжсэн.
-Оном сангаас арваннэгдүгээр сарын 23-нд өргөн хүрээг хамарсан шинжилгээ хийх шаардлагатай гэсэн саналыг УОК-т илгээсэн байтал түүнээс хоёр сарын дараа буюу цагаан сарын үеэр л энэ шинжилгээг хийсэн гэсэн үг үү?
-Хийнэ, хийхгүй гэсээр хийхээр боллоо гэсэн. Гурав хоногийн дараа хийх гэж байна, тооцоог нь хараатхаач гэсэн. Бидний 6 хүнтэй баг яаман дээр очиж уулзаад, дахин санал өгсөн. Таван дээжээр багцалж шинжилгээ хийвэл бүтэхгүй нь ээ, тиймээс 10 хүнээр багцалж хийе, гэхдээ аргаа өөрчилье гэсэн. Нэг хуруу шилэнд 10 хүний шинжилгээг шууд хийнэ гэсэн үг. Ингэвэл ажиллагаа багатай гэх мэт олон нарийн асуудал бий л дээ. Зардлын тооцоог нь хүртэл оруулаад нэлээд дэлгэрэнгүй санал өгсөн. Гэвч бидний саналын алийг нь ч шинжилгээ хийхдээ ашиглаагүй.
-Нэг өрх- Нэг шинжилгээ амжилтгүй болсон шалтгаануудыг та бүхэн олж харсан л байх?
-Шинжилгээний гол зорилго нь Улаанбаатар хотыг самнаж, халдвартай хүмүүсийг эрт илрүүлэх, тэднийг тусгаарлах. Гэтэл зарим газраас огт аваагүй, заримаас нь хэт олноор нь авсан гэх мэт алдаа гаргасан, нэгдүгээрт. Хоёрдугаарт, Дарханы хувьд аажим аажмаар хөл хориог сулласан. Гэтэл хотод шинжилгээгээ бараг дуусаагүй байж энгийн амьдралын горимд шилжчихсэн. Бүр тоглолт хүртэл явуулж болно гэх мэтээр 150-200-аар нь нэг дор цугларах боломжийг нээгээд, дөрөв таван цагаар агаарын сэлгэлт хийх боломжгүй газрууд нээгдээд эхлэхээр халдвар огцом тархсан.
-”Оном сангийнхан PCR урвалж нийлүүлдэг учир ингэлээ, эд нар шинжилгээ хийх гэлээ” гэж сошиалд нэлээд бичигдсэн шүү дээ. Энэ талаар?
-Бидэнд тийм урвалж нийлүүлдэг юм байхгүй, шинжилгээ хийдэг ч зүйл алга. Бидэнд тийм сонирхол байхгүй. Шинжлэх ухаан гэдэг чинь Нараа ярина уу, Сараа ярина уу ялгаагүй. Бидний хувьд шинжилгээг аль болох эртхэн хийж, нөхцөл байдал хүндрэхээс өмнө дарж авъя л гэсэн. Биднийг оруулж ажиллуулаад, буруу хийчихсэн бол хариуцлага хүлээх сэн. Гэтэл зөв хийх саналыг нь хэдэн зуун хуудсаар нь нарийн дэлгэрэнгүй бичиж өгсөөр байтал өөрсдөө буруу зүйл хийчихээд “урвалж шахлаа” гэх мэтээр бичих нь үнэхээр харамсалтай. Биднийг шалгамаар байгаа бол хүрч ирээд шалгахад ямар ч асуудалгүй.
ХЯТАД ВАКЦИНЫ ХАЛДВАРЫН ТАРХАЛТЫГ БУУРУУЛЖ ЧАДАХГҮЙ Ч ХҮНДРЭЛИЙГ БУУРУУЛНА
-Аливаа асуудлаар санаачлагаараа төрийн байгууллагуудад санал өгдөг, олон улсын туршлагуудыг ярьж зөвлөдөг ТББ цөөхөн. Ялангуяа ковидын нөхцөлд танайхаас өөр санал санаачлага гаргаад, түүнээсээ болж шүүмжлүүлээд байгаа газар алга.
-Бид твиттерээс ч юм уу, хаа нэг газраас олж уншсан зүйлээ яриад байгаа юм биш шүү дээ. 35-36 хүнтэй баг сууж ажиллаж байна. Жишээ нь, дээр өгүүлсэн багцалсан шинжилгээг Австрали улсад манай нэг судлаач хийж байна. Манай хүн видеогоор хэрхэн хийж байгаагаа үзүүлээд, монголд хийвэл яаж хийх нь зөв бэ гэдгээ ярилцдаг гэх мэт олон зүйлийг судалж байж хийж, ярьж байгаа юм. Миний хувьд гэхэд 18 настайдаа монголоос яваад, 18 жил гадаадад суралцаж байгаад ирсэн. Энэ олон жилийн оюундаа оруулсан хөрөнгө оруулалтыг ийм л үед хэрэглэх хэрэгтэй биз дээ. Зүгээр хөндлөнгөөс шүүмжлээд суух амархан. Харин судалгаа хийж, олон зуун хуудас материал бичээд удаа дараа санал өгөөд явах, зарим ажлыг биечлэн хийх нь өөр асуудал юм. Харамсалтай нь, манай улс системийн хувьд төрийн бус саналыг хүлээн зөвшөөрөх, ажилдаа оролцуулах нөхцөл бүрдээгүй байдаг юм байна.
-”Төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагаа” гэдэг зүйл бодит хөрсөн дээр огт биелдэггүй болох нь харагдаж байна уу?
-Наад үг чинь бол хэрэгтэй үедээ хэлж, ярьдаг л үг юм байна. Түүнээс бодит амьдрал дээр хувийн хэвшил гэдэг нь шоовдор хүүхэд шиг, гаргасан санал санаачлага нь биелэх боломжгүй ийм л байдаг юм байна. Гэхдээ зөвхөн бусдыг муулаад суух нь утгагүй. Тахал гэдэг зөвхөн төрд хамаатай асуудал биш. Манай хүүхдүүд ч гэсэн сургуульд суралгүй хоёр жил боллоо. Тэгэхээр энэ чинь хүн бүхэнд хамаатай нийгмийн асуудал. Тийм учир бид оролцохгүй байх ямар ч аргагүй тул чадлаараа туслахаар хичээж байна.
-Хятадын вакцины тухайд Оном сангийн Наранбаатар доктор “Энэ вакцины үйлчлэл муу байна, шинэ технологи бүхий вакцин хийх шаардлагатай” гэж хэлж байсан. Тухайн үедээ “Оном сангийнхан өөрсдөө вакцин нийлүүлэх гэлээ” гээд байсан боловч одоо дэлхий дахинаа хятадын вакцин хуучинсаг аргыг хэрэглэсэн, дельта вирүсийн эсрэг тийм сайн нөлөөтэй байж чадахгүй гэдгийг тогтоочихлоо.
-Тахалтай олон янзын аргаар тэмцэх боловч урт хугацаандаа вакцин л гол гаргалгаа. Чадалтай улс орнуудын хийсэн судалгааны датануудыг уншаад, MRNA гэдэг вакцины технологи хэрэгтэй юм байна гэдгийг бид олж харсан.
-Уг нь бол энэ нь өнгөрөгч арваннэгдүгээр сард ойлгомжтой болчихсон байсан юм билээ шүү дээ.
-Тэгсэн. Эхний эмнэлзүйн судалгааны датанууд гараад ирэхэд ойлгомжтой болсон. Тэгвэл бидэнд цөөхөн хүн амтай давуу тал байна. Нийтдээ 2,2 сая хүнд 4,4 сая тун вакцин хийхэд болчихно. Өнгөрөгч арванхоёрдугаар сард Израйль файзерыг үнэ цохиж авлаа гэдгийг хүн бүхэн л уншсан байх. Манай улсын хувьд үнэ цохиж чаддаггүй юм гэхэд захиалгаа эрт өгөх боломж байсан. Ядуу буурай улс орнууд вакцингүй хоцрох нь гэдгийг өнгөрөгч аравдугаар сард хэвлэлүүд зөндөө бичсэн. Энэ дэлхийн аль ч улс орны эрдэмтэд хоорондоо учраа олохдоо амархан байдаг. Бидний хувьд гадаадад олон жил сурлаа, өөрсдийнхөө түвшинд эрдэм шинжилгээний ажил хийж байна. Бид Модерна компанийн захирал Стефан Бансельтай холбогдож, туслаач ээ гэхэд Сангийн яам руу нөхдүүд саналаа илгээсэн. Тухайн үед хөрөнгө оруулж л байх ёстой байлаа. Бид ингэлээ гээд тэрэн дундаас таван цаас олох юм байхгүй.
-Энэ нь хэддүгээр сар вэ?
-Нэгдүгээр сард. Тухайн үед Сангийн яам “Энэ хэрэггүй” гэдэг шийдвэрийг гаргасан. Вакцин нь яахав, есдүгээр сард орж ирнэ гэдэг санал тавьсан юм байна лээ. Гэхдээ эхний санал гэдэг эцсийн шийд биш шүү дээ. Боломжуудыг ашиглах ёстой, хэрэгтэй байсан. Би өөрөө Бээжингийн их сургуулийг төгссөн хүн. Би хятад вакцин гэж муулсан зүйл огт байхгүй. Шинжлэх ухааны хүн гэдэг чинь бодит тоо баримтыг хараад сонголт хийлээ гэхэд аль нь дээр байх вэ гэдгийг олж хардаг л байх учиртай. Тэгэхээр хятад вакцины талаарх мэдээлэл нь бодитой нотолгоон дээр суурилсан л мэдээлэл байсан. Синофармын хувьд тодорхой асуудал байна гэдгийг бид хэлсэн. Манай улсад суугаа Хятадын Элчин сайд өөрөө ч гэсэн “Энэ вакцин нь 18-60 насныханд зориулсан” гэдгийг эхний 300 мянган тунг хандивлахдаа хэлсэн. Хэвлэгдсэн клиникийн судалгааны датанууд дээр ч 60-аас дээш насныханд сайн, муу гэдгийг нь хэлэх нотолгоо байхгүй.
-Гэхдээ бид бараг ихэнх нь хятадын вакциныг хийлгэчихлээ шүү дээ. Энэ буруу байсан уу?
-Хятад вакциныг муулах нь утгагүй. Хятад вакцин халдварын тархалтыг зогсоож чадахгүй ч хүндрэлийг бууруулж байгаа. Тийм болохоор вакцин хийлгэсэн нь зөв. Гэхдээ “энэ вакциныг хийлгэлээ гээд бид халдваргүй болохгүй шүү” гэдгийг Оном сангийн зүгээс олон удаагийн LIVE, ярилцлага, мэдээллээр хэлсэн. Бид таагаагүй. Судалгаагаа уншиж байгаа учир л хэлээд байгаа юм шүү дээ.
ХЭРВЭЭ ХОЁР ТУН ХЯТАД ВАКЦИН САЙН ХӨРС БОЛЖЭЭ ГЭЖ ҮЗВЭЛ ОДОО НЭГ ТУН ФАЙЗЕР ТАРИУЛАХАД БОЛОХ ЭСЭХИЙГ СУДЛАХ ШААРДЛАГАТАЙ
-Тайланд, Индонез зэрэг улс орон яг таны хэлж байгаа шигээр “Хятад вакцин муу биш. Гэхдээ бид вакциныг хольж тарихаар боллоо” гэдгийг хэлсэн. Манай улсын хувьд ч мөн вакциныхаа бодлогыг өөрчлөх шаардлагатай юу?
-Шаардлагатай. Бид янз янзын судалгаа хийж л байна. Бид вакцин хийлгэснээс хойш хоёр долоо хоногийн дараагаас хэмжилт хийсэн. Одоо эхний тун хийлгэсэн хүмүүс бараг гурван сар болчихлоо. Шингэний дархлаа бол нэгдүгээр шатны дархлаа буюу вирүс биед оронгуут саармагжуулж байгаа зүйл юм. Тэгэхээр хоёр тун синофарм хийлгэсэн хүмүүсийн хувьд халдварын тархалтад ямар ч эерэг нөлөө үзүүлэхгүй нь гэдэг нь судалгаагаар тогтоогдсон. Гэхдээ нэг асуудал бий. Вакцины хоёр тунг хийсний дараа файзер эсвэл өөр вакцин хийлгэвэл нь ямар вэ гэдгийг судалж байна. Бусад судлаачдын хийснээр файзер хийх сайн хөрсийг синофарм бий болгожээ гэж харж байна. Өнгөрөгч долоо хоногт Лебаноны судлаачидтай ярихад, тэдний ажиглалтаар нааштай үр дүн гарч байна. Гэхдээ үүний тулд судалгаагаа л сайн хийх ёстой. Зөв төлөвлөж, гаж нөлөө хэр гарах юм, ямар нөлөөтэй байх вэ, мутациудаас сайн хамгаалах уу гэдэг эмнэлзүйн судалгааг маш сайн хийх ёстой.
-Холимог хувилбар байгаа тохиолдолд үр нөлөө ямар байх вэ гэдгийг та ярьж байна. Дэлхийн олон хэвлэлийн бичиж байгаагаар хятадын вакцин нь уламжлалт арга буюу зуун жилийн өмнөх аргыг хэрэглэжээ.
-Гэхдээ энэ нь муу зүйл биш.
-Муу зүйл гээгүй. Гэхдээ дельта хувилбарын эсрэг үзүүлэх нөлөө нь маш бага байна. Эсрэгээрээ шинэ технологийг ашигласан модерна, файзер нь сайн нөлөөтэй байна гэдгийг дэлхий даяараа мэдчихлээ. Таны хэлж буйгаар бид хоёр тун хятад вакцин тариулчихсан. Одоо тэгвэл дахиад хийлээ гэхэд хоёр тунг хийлгэх ёстой юу?
-Судалгаагаа л сайн хийх ёстой. Хэрвээ хоёр тун вакцин нь сайн хөрс болжээ гэвэл нэг тун хийхэд болно. Японы ард түмэн бидэнд 2,3 сая тун файзер өгч байна шүү дээ. Тэгэхээр хэрвээ нэг тун л хийх боломжтой нь судалгаагаар тогтоогдчихвол нөгөө вакцин хийх шаардлагатай нийт хүн амдаа дахиад нэг нэг тун файзер хийчихэд уг нь хүрэх юм.
-Бид заавал шинээр судлах гэж байхаар холимог вакцин ашиглаж байгаа Тайланд, Индонезийн судалгааг ашиглачихаж болохгүй юу?
-Одоогоор хэвлэгдсэн судалгаа алга. Туркууд гэхэд синовакын хоёр тунгийн дараагаар файзерыг сонголтоор хийх боломжийг эмч нартаа олгоод байна. Бид аль болох нарийн судлах л ёстой. Нэг талаас энэ нь бидэнд гарц болох төдийгүй шинээр мэдлэг хуримтлуулж байгаа дэлхийд бид хувь нэмрээ оруулах боломж юм.
-Ер нь вакцин гэж байснаас эртхэн хөнгөн тусаад эдгэчихсэн нь дээр үү?
-Анагаах ухааны олон жилийн мэдлэг туршлагаас зөвлөхөд энэ вирүсийг аль болох авахгүй байх нь хамгийн сайн. Хэдий хөнгөн өвдөөд өнгөрлөө гэсэн ч урхагтай. Хүн бүхний хийх, анхаарах ёстой зүйл бол маскаа зүүх, агаар сэлгэх, зай баримтлах, гадуур явахгүй байх гэсэн дэглэмүүдээ маш сайн хичээх хэрэгтэй.
ХАМГИЙН МУУ ХУВИЛБАРТАА БЭЛТГЭЛТЭЙ БАЙХ ЁСТОЙ БАЙТАЛ ХӨДӨӨ ЯВЧИХСАН БАЙЖ БОЛОХГҮЙ Л ДЭЭ
-Дельта вирүс 5 секундэд халдварладаг гэдэг үнэн үү?
-Харьцангуй. Хуучин хувилбаруудаас илүү хурдан тархах магадлалтай. Австраличуудын танилцуулж байгаа датагаар 15 секундэд, зөрөөд өнгөрөхөд л халдварлана. Гэхдээ масктай зөрсөн үү, ямар орчинд байсан зэргээс шалтгаална. Бидний хувьд маш сайн бэлтгэлтэй л байх хэрэгтэй. Эрүүл мэндийн сайдын мэдээлсэн 2 дельта вирүс олон нийтийн дундаас илэрлээ гэдэг нь манай хийсэн судалгааны дүнгээс мэдээлсэн. Нийтдээ бид 400 дээж явуулснаас 300 нь энэ долоо хоногт шинжилгээнд орж эхэллээ. 100 нь энэ долоо хоногтоо дуусчихна. Гэхдээ энэ тоо айхтар өөрчлөгдөхгүй байх. Тийм өндөр хувьтай биш ч олон нийтийн дунд дельта тарж эхэлж байна л гэсэн үг. Тэгэхээр сарын дараагаас ч юм уу халдварын нөхцөл байдал дахиад л хүндрэх нөхцөл байдал ажиглагдаж байна.
-Яасан хэцүү юм бэ, сарын дараа асуудал хөнгөрч, сургууль цэцэрлэг эхэлнэ гэж бодож байсан юмсан.
-Дэлхий нийтээрээ л ийм хэцүү зүйлтэй тулгарч байна. Бид маш сайн бэлтгэх л хэрэгтэй. Оном сангийн хувьд өмнө өгсөн зургаан саналынхаа хүрээнд Эрсдэл апп-ыг УОК, ЭМЯ, Мэдээлэл харилцаа технологийн газартай хамтран монголд нэвтрүүлсэн. Одоо энэ апп-ыг олон нийтэд таниулах, зүгшрүүлэх шаардлагатай. Одоо нийгмээр нь хааж хорих хэцүү болсон. Тиймээс зорилтот бүлгүүдээ хорих шаардлагатай. Уг нь энэ апп-ыг сайн хэрэглэвэл анхдагч хавьтал болсноо мэдэж, өөрсдийгөө тусгаарлах, халдвар тараахгүй байх нөхцөл бүрдэх юм.
-Дельта вирүс өргөн тархаад эхэлвэл бид дахиад хатуу хөл хорионд орох уу?
-Онолын хувьд бол оруулах шаардлагатай. Гэхдээ манай улсын хувьд ядуу эдийн засагтай учир дахин хатуу хөл хорионд оруулах боломжгүй байх. Мөнгөтэй байсан бол хэн ч гадуур гүйгээд ээж, аавдаа өвчин халдаагаад байхыг хүсэхгүй. Гэвч хүн бүхэн өөрийнхөө хэмжээнд эрсдэлтэй хүмүүсээ хамгаалахгүй л бол асуудал амаргүй байна.
-Дельта хувилбар хүүхдүүдэд хэр хүнд тусах вэ?
-12-оос дээш насныхны асуудал шийдэгдчихлээ. Гэхдээ багш нар маань яах вэ гэдэг асуудал бий. Бага хүүхдүүдэд вакцингүй учир халдах л байх. Тиймээс судалгаа хийж, ямар арга хэмжээ авахыг бэлтгэх л ёстой.
-Дельта хувилбар агаарын бохирдолтой орчинд амьдардаг хүмүүст хүндээр тусдаг гэсэн. Өвөл болоод агаарын бохирдол болно, томуугийн дэгдэлт эхэлнэ, дельта хувилбар гээд бид ч балрах нь ээ?
-Хамгийн муу хувилбартаа л бэлтгэлтэй байх хэрэгтэй. Тэгэхгүй хүмүүсээ хөдөө явуулчихаад сууж баймааргүй л байгаа юм.
-Сайдын мэдээлэл хийсэн, америкаас ирсэн судалгааны дүн чинь нөгөө “генийн мэдээллийг минь өгөх гэлээ” гэж хэл ам таталсан судалгаа мөн үү?
-Мөн, мөн. Яагаад бидний хувьд хийх чухал шаардлага байсан гэхээр дельта хувилбар байна уу, аль вакцин нь илүү үр дүнтэй байна гэдгийг мэдэх. Ирэх даваа гарагт ЭМЯ-нд эхний 100 шинжилгээний үр дүнг танилцуулна. Стэнфордын их сургууль руу явуулсан 300 сорьцын үр дүн гарчихвал мөн танилцуулна. Ямар вакцин тариулсан хүмүүс ковид19-ийн альфа, дельта, бета хувилбаруудад ямар үр нөлөө үзүүлж байгааг мутаци тус бүрээр нь үзүүлнэ гэсэн үг.
-Шинжилгээгээ явуулах гэж нэлээд хугацаа алдсан уу? ЭМЯ-ны мэргэжилтэн нь хүртэл МҮОНТВ-д “Генийн мэдээлэл зөөж болохгүй” гэж яриад байх шиг байсан?
-Ямар ч судалгааг хийхэд ёс зүйн зөвшөөрөл авах ёстой байдаг. Манайхыг “УОК-оос судалгаа хийх боломжтой гэсэн бичиг авчир” гэсэн. Тэрийг нь хөөцөлдтөл “Тийм бичиг шаардлагагүй, хуучин яаж хийж байсан тэрэн шигээ хий” гээд. Буцаад “Тийм бичиг шаардлагагүй гэнэ ээ” гэхээр “Тэгвэл яамнаас авчир” гээд бараг чулуу хөөлгөөд, сүүлдээ “Энэ улсад л хэрэгтэй, бид улсаас мөнгө аваагүй шүү дээ” гэсэн. Гэтэл ЭМЯ-ны ажилтан MNB-д “Генийн мэдээлэл гаргах гэлээ” гэж ярилцлага өгсөн байсан. Баахан гомдол өгч, нэлээд явж байж бүтсэн дээ.
-Хэр их хугацаа алдсан бэ?
-Нэлээд хугацаа болсоон.
-Яагаад ингэж асуугаад байна гэхээр “Олон нийтийн дунд дельта хувилбар алдчихсан байна” гэдэг сайдын мэдээллийг бид эрт мэдэж болох байсан уу л гээд байгаа юм.
-Судалгааны протокол гэж бичдэг, бичиг цаасны нэлээд их ажилтай. Стэнфорд, Колумбиагийн их сургуулийнхантай нөхцөл байдлаа танилцуулж, тохирох гэж бас нэлээд юм болно. Дөрөвдүгээр сараас хойш ингэж явсаар, тавдугаар сарын 18-нд протоколоо илгээсэн. Эрдмийн зөвлөлөөс батлагдсанаас хойш бид хөөцөлдсөөр сарын дараа зөвшөөрлөө авсан. Долоодугаар сарын 5-нд зөвшөөрлөө аваад, гурав хоног өдөр шөнөгүй ажиллаж байж, 8-нд сорьцуудаа явуулсан даа. Долоодугаар сарын 12-нд америкийн хэд маань аваад, бүтэн сайны орой 20 цагт датагаа явуулсан. Тэгээд бид маргаашийнх нь 16 цагт мэдээллээ танилцуулаад, олон нийтийн дунд дельта хувилбар гарч эхэлсэн байна шүү гэж мэдээлж байгаа нь энэ юм.
-Гэхдээ үнэхээр сонирхолтой байна. Эрүүл мэндийн яам “генийн мэдээлэл зөөх гэлээ” гэж ярьж суух биш, харин ч та бүхэн биш яам өөрсдөө санаачилж энэ шинжилгээг хийлгэж байх ёстой бус уу?
-Хийлгэх ёстой, ёстой. Бидний хувьд хэн дүн танилцуулах зэрэг нь сонирхолтой биш. Оном сангийн хувьд бусад улс орнуудын эрдэмтэн, профессоруудтай хамтран ажиллах боломж нь илүү байгаа юм. Монгол хүн байна даа, ямар ч ажил хийхгүйгээр “төр муу байна” гээд дэмий шүүмжлээд суумааргүй байна. Тэгээд ч цар тахал гэдэг нийгмийн асуудал л даа. Миний хүүхдүүд ч гэсэн сургуульдаа явж баймаар л байна.
-Ярилцлага өгсөн танд баярлалаа.