/2021.09.20/ Монголын Хөрөнгийн биржийн Гүйцэтгэх захирал Х.Алтайтай ярилцлаа.
-Дэлхий даяар маш олон койн гарч, олон нийтийг шуугиулж байна. Зарим хүмүүс койн удахгүй мөнгийг орлож, төлбөрийн хэрэгсэл болно гэж үзэж байхад “Энэ бол нэн эрсдэлтэй санхүүгийн схем” ч гэж хэлэх нэгэн байна. Энэ талаарх бодлоо хуваалцахгүй юу?
- Криптовалют гэдэг зүйл зөвхөн манайд ч биш, дэлхий дахинд нэгэн шинэ төрлийн санхүүгийн бүтээгдэхүүн, трэнд болчихоод байна л даа.
Олон улсад гарч байгаа койнуудын дийлэнх хувь нь төлбөрийн, эсвэл урт хугацааны хөрөнгө оруулалтын хэрэгсэл гэхээсээ илүүтэйгээр хүмүүсийн богино хугацаанд ашиг олох гэсэн хүсэл дээр суурилж гараад байна уу гэж харж байна.
Зарим хөгжингүй улс оронд төлбөрийн хэрэгслээр хүлээн зөвшөөрөгдөж байгаа хэдий ч хөгжиж буй улс орнуудад, тэр дотроо манай улсад койн, криптовалютыг төлбөрийн хэрэгслээр хүлээн зөвшөөрөөгүй, хууль эрх зүйн орчин нь бүрэлдээгүй, гэхдээ бий болгох шаардлагатай байна. Энэ талаар нарийвчилсан зохицуулалт хомс, олон нийтийн ойлголт хангалтгүй байгаа тул хөрөнгө оруулагчид хохирох, алдагдалд орох тохиолдол гардаг. Үүнтэй холбоотой хэд хэдэн дуулиантай хэргүүд ч олон улсад гарсныг хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлж байсныг санаж байна.
Тухайлбал, олон улсад Onecoin гэх блокчейн технологид суурилаагүй, хуурамч сүлжээ олон иргэнийг хохироосон хэрэг гарч байсан. Тэгэхээр койн гэсэн болгон криптовалют биш байх эрсдэл байгаа тул иргэд маш сайн судласны үндсэн дээр хөрөнгө оруулалт хийх нь зөв гэж хэлэх байна.
-Койн уу, хувьцаа юу гэдэг асуулт бас зүй ёсоор тавигдаж байна. Хөрөнгийн захын төлөөллийн хувиар та юу гэж зөвлөх вэ?
-Сүүлийн үед олон хүн хөрөнгийн захын мэргэжилтнүүдээс хувьцаа авах уу, койн авах уу, эсвэл бонд авах уу гэх мэтээр асууж байна. Товчхондоо бирж дээр арилжигдаж байгаа хувьцаа болон бондын ард талд бодитой компани, бизнес, хөрөнгө, орлогын эх үүсвэр байдаг.
Гэтэл ихэнх койны ард талд бодит хөрөнгө, орлогын эх үүсвэр бүрдүүлэгч байдаггүй.
Монголын Хөрөнгийн бирж дээр гарч байгаа хувьцаа, бондыг Санхүүгийн зохицуулах хороо, бирж хянаж, үнэлгээг нь нягтласны үндсэн дээр олон нийтэд арилжаалах зөвшөөрөл олгодог. Мөн Хороо, Сангийн яамнаас зөвшөөрөл авсан аудитын, үнэлгээний компаниуд гэх мэт олон талын оролцоотойгоор хувьцаа, бонд болон бирж дээрх бусад бүтээгдэхүүний хяналт хийгддэг.
Гэтэл койныг хянаж байгаа субъект одоогоор манайд алга байна.
Тэгэхээр найдвартай хөрөнгө оруулалт хийхийн тулд олон шалгуур даван хөрөнгийн зах дээр гарч ирж байгаа хувьцаа болон бондонд хөрөнгө оруулалт хийх нь эрсдэл багатай гэдгийг онцолмоор байна.
Монголын хөрөнгийн бирж дээр арилжигдаж буй бүтээгдэхүүнүүд зохицуулалтгүй зах зээлд арилжигдаж буй хэрэгслүүдтэй өрсөлдөхүйц өгөөжтэй байгааг сүүлийн үеийн тоо мэдээллүүдээс харж болно. Жишээлбэл, МХБ дээр идэвхтэй арилжигддаг топ 20 хувьцааны үнийн өсөлт, бууралтыг хэмждэг ТОП 20 индекс сүүлийн нэг жилийн дотор 2 дахин, нэгдүгээр самбарын хувьцаануудын үнэ дунджаар мөн 2 дахин өссөн.
Олон улсын зарим биржүүд токенжуулсан үнэт цаас бүртгэж, арилжаалах, блокчейн технологийг үйл ажиллагаандаа туршилтын журмаар хэсэгчлэн нэвтрүүлэх гэх мэтээр шинэ тутам гарч буй технологийн дэвшлийг ашиглах оролдлогууд хийж байна л даа. Монголын хөрөнгийн бирж ч мөн энэ жишгийн дагуу үйл ажиллагаагаа шинэчилж, хөрөнгө оруулагчдын хэрэгцээ, сонирхолд нийцсэн бүтээгдэхүүн, үйлчилгээ нэвтрүүлэх боломжтой гэж харж байгаа тул үүнд бэлдэх үүднээс туршилтын төсөл хэрэгжүүлэх төлөвлөгөө гарган ажиллаж байна.
-Койнууд биржээр дамжин арилжигдаж байгаа нь иргэдэд ихээхэн итгэл төрүүлж буй. Энэ талаар та юу хэлэх вэ?
-Энд би койн бол хөрөнгийн биржийн бүтээгдэхүүн биш гэдгийг онцолж хэлмээр байна. Монголын хөрөнгийн бирж албан ёсоор, хуулийн хүрээнд арилжаа эрхлэх тусгай зөвшөөрөл авч, зохицуулалттай үйл ажиллагаа явуулдаг.
Одоогоор ямар ч койн арилжаалдаггүй. Койн арилжаалж байгаа биржүүд гэдэг нь үнэт цаасны зах зээлийн эрх зүйн зохицуулалтын хүрээнд биржийн зөвшөөрөл аваагүй онлайн платформууд юм. Биржээр их хэмжээний мөнгө дамжиж, иргэдийн мэдээлэлтэй харьцаж байдаг учраас программ хангамж, эрсдэлийн удирдлага, мэргэшсэн боловсон хүчин гээд маш олон шалгуур хангаж байж бирж болдог. Хөрөнгийн бирж гэдэг яг л банктай адилхан, иргэдийн санхүү мөнгөтэй харьцдаг, хуулийн тусгай зохицуулалтад байдаг байгууллага шүү дээ.
-Эдгээрийг биржийн нэгэн адилаар зохицуулалтад оруулж болох уу?
-Койнууд болон ижил төстэй бүтээгдэхүүнүүдийг бүртгэлжүүлэх, койны арилжаанд зуучилж буй платформуудын үйл ажиллагааг зохицуулах хуультай болох ёстой. Одоо УИХ дээр Виртуал хөрөнгийн хуулийн төсөл хэлэлцэгдэж байна. Энэ хууль батлагдсанаар криптовалютын арилжаа эрхэлж буй этгээдүүдийн үйл ажиллагааг хяналт зохицуулалтад оруулж, хөрөнгө оруулагчид хохирох эрсдэлийг бууруулах, тэдний эрх ашгийг хамгаалах, криптовалютын гүйлгээ, арилжаанаас олсон орлогод татвар ногдуулах, далд эдийн засгийг хумих зэргээр криптовалюттай холбоотой эрх зүйн орчныг сайжруулах нөхцөл бүрдэнэ.