/2021.9.18/ Франц улс АНУ, Австрали улсад суугаа Элчин сайдуудаа эргүүлэн татахаар болжээ.
Үүний шалтгаан нь Энэтхэг, Номхон далайн бүс нутгийн аюулгүй байдал, батлан хамгаалах чиглэлээр АНУ, Австрали, Их Британи улсууд хамтран шинэ холбоо байгуулсан явдал ажээ. Энэхүү гэрээний улмаас Австрали шумбагч хөлөг онгоц нийлүүлэх гэрээг Франц улсаас цуцалжээ.
Францын Гадаад хэргийн сайд Жан-Ив Ле Дриан АНУ, Австрали улсад суугаа элчин сайдуудыг Парис руу эргүүлэн татаж, зөвлөлдөнө гэж Францын Гадаад хэргийн яамны хэвлэлийн алба мэдээлэв. Гадаад хэргийн сайд элчин сайдуудаа ерөнхийлөгч Эммануэль Макроны хүсэлтээр эгүүлэн татахаар шийдсэн байна. Энэхүү шийдвэрийг есдүгээр сарын 15-нд Австрали, АНУ-аас хийсэн мэдэгдлийн дараа баталгаажуулсан гэж гадаад хэргийн яам онцолжээ.
"2016 оноос хойш Австрали, Франц улс хамтран ажиллаж буй далайн ангиллын шумбагч онгоцны төслөөс татгалзаж, АНУ-ын тэнгисийн цэргийн салбарт хамтран шинэ цөмийн хөдөлгүүрийн төсөлд ажиллах шинэ түншлэл зарласан нь холбоотнууд болон түншүүдийн хувьд байж боломгүй үйлдэл юм. Үүний үр дагавар нь бидний холбоо, түншлэл, Европ дахь Энэтхэг-Номхон далайн бүс нутгийн ач холбогдлын талаарх бидний ойлголтод сөргөөр нөлөөллөө" гэж Гадаад хэргийн яамны мэдэгдэлд дурджээ.
Есдүгээр сарын 15-нд АНУ, Их Британи, Австрали улсууд Энэтхэг, Номхон далайн бүс нутагт аюулгүй байдал, батлан хамгаалах чиглэлээр нягт хамтран ажиллахаа мэдэгдсэн. Австралийн Ерөнхий сайд Скотт Моррисоны хэлснээр, ирэх 18 сарын хугацаанд улсууд "энэ зорилгодоо хүрэх хамгийн сайн арга замыг тодорхойлохын тулд" хамтран ажиллах болно гэжээ.
AUKUS (Австрали, Их Британи, АНУ) нэртэй энэхүү түншлэл нь цэрэг-технологийн салбарт Хятадыг эсэргүүцэх зорилготой гэж АНУ-ын албаны хүмүүст мэдээлсэн хэмээн Politico мэдээлэв.
Энэхүү гэрээний улмаас Австраличууд Франц улстай байгуулсан Канберрад нийлүүлэх 12 шумбагч онгоцны 66 тэрбум долларын гэрээгээ цуцалжээ. Энэхүү алхам нь Парисын дургүйцлийг хүргэсэн тул Ле Дриан үүнийг "араас хутгалах" гэж нэрлэжээ. Харин Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Жен Псакигийн хэлснээр Вашингтон, Лондон, Канберра гурвын шинэ түншлэлийн талаар Парист урьдчилан мэдэгдсэн гэжээ. Тэрээр мөн AUKUS нь "Ямар ч улс руу үйл ажилллагаа чиглээгүй. Энэ бол АНУ-ын стратегийн ашиг сонирхлыг ахиулах, олон улсын дэг журмыг сахиулах, Энэтхэг, Номхон далайн бүс нутагт энх тайван, тогтвортой байдлыг хадгалах тухай юм" хэмээн мэдэгджээ.
Шинэ эвсэл байгуулсныг Хятад улс мөн шүүмжиллээ. Эдгээр орнуудын цөмийн шумбагч онгоцны хамтын ажиллагаа нь бүс нутгийн тогтвортой байдлыг ноцтой алдагдуулж байна хэмээн Бээжин үзэж байна.
Эх сурвалж: https://www.rbc.ru