Иргэний үнэмлэхээ бариад төрийн үйлчилгээ авах гэхээр өөдөөс "Нотариатаар батлуулаад ир" гэдэг үндэстэн атлаа Дижитал үндэстэн хэмээн чангаар хашгирахын тулд паркад олон мянган залуусыг тахлын үеэр цуглуулав.
Энэ арга хэмжээг Харилцаа холбоо, Мэдээллийн технологийн газар зохион байгуулж, Соёлын яам хамтрагчаар оролцов. Харин энэ арга хэмжээг дэмжиж буйгаа илэрхийлж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөрийн биеэр очиж үг хэлэв.
Харилцаа холбоо, Мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ нарын мугуйд үйлдэл иргэдийн дургүйцлийг хэрхэн төрүүлсэн талаар эс өгүүлээд тэд ямар хуулийн заалтууд зөрчсөнийг дурьдъя.
ТЭД ХУУЛЬ ЗӨРЧСӨНИЙХӨӨ ХАРИУД ЯМАР ХАРИУЦЛАГА
ХҮЛЭЭХ ЁСТОЙ ВЭ?
Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай ХУУЛЬ:
7 дугаар зүйл: Засгийн газраас хэрэгжүүлэх арга хэмжээ
7.1.1.цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлээр хорио цээр, хөдөлгөөний болон цагийн хязгаарлалт тогтоох, зайнаас харьцах зэрэг шаардлагатай арга хэмжээг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв болон холбогдох бусад байгууллагын саналыг үндэслэн авах, тэдгээрт мөрдөх журам, зааврыг батлах;
7.1.2.цар тахлын үед иргэний эрүүл мэндийг хамгаалах
7.1.4.цар тахлын үед халдварын голомтод болон эрсдэл бүхий нөхцөлд ажиллах байгууллага, ажилтныг шаардлагатай сэтгэлзүйн туслалцаа, дэмжлэг үзүүлэх
7.1.7.нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрийг тэмдэглэн өнгөрүүлэхийг улсын хэмжээнд болон зарим нутаг дэвсгэрийн хэмжээнд хязгаарлах;
7.1.10.шашны байгууллагын шашин номын хурал, цуглааныг олон нийтийг биечлэн хамруулан зохион байгуулахыг тодорхой хугацаагаар зогсоох;
7.1.28.цар тахлын үед төрийн үйлчилгээг мэдээллийн технологи ашиглан цахим хэлбэрээр үзүүлэх боломжийг бүрдүүлж, төрийн үйлчилгээний нэгдсэн системийг нэвтрүүлэх;
11 дүгээр зүйл.Эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэр, арга хэмжээнд тавих шаардлага
11.1.2.үндэсний аюулгүй байдал, нийгмийн хэв журам, нийтийн ёс суртахуун, нийгмийн эрүүл мэнд, эсхүл хүний бусад үндсэн эрх, эрх чөлөөг хамгаалах зорилготой байх;
Эрүүгийн хууль: 15.6 дугаар зүйл
1.Бусдын амь нас, эрүүл мэндэд аюул учруулж болзошгүй халдварт өвчний үед эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас тогтоосон хорио цээр, хязгаарлалтын дэглэм, холбогдох бусад журам, заавар, шаардлагыг зориуд санаатайгаар зөрчиж халдварт өвчин тархах нөхцөл бүрдүүлсэн, эсхүл бусдад халдаасан бол хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Үүнээс гадна Үндсэн хуульд заасанчлан Төр өөрөө иргэдийнхээ эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах эрхийг хангаж өгөх ёстой. Гэтэл Засгийн газрын тэргүүн нь үйл ажиллагаагаараа дамжуулан иргэдийнхээ амь насанд ийнхүү халтай үйлдэл хийв.
Одоо бид хуулийн заалтуудыг зөрчсөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Харилцаа холбоо, Мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ нарт ямар хариуцлага тооцохыг хүлээн суух үлдлээ.
ХЭЛБЭРДЭГЧ ЗАСАГ, ЗАСГИЙН ГҮНЖЭЭ
Нийслэлийн онцгой комиссоос Цахим үндэстэн арга хэмжээг зохион байгуулахыг зөвшөөрөхгүй гэдгээ албан бичгээр илэрхийлжээ. Гэвч тэд тоосонгүй.
Ер нь нэгдүгээр сарын 27-ны өдөр Ерөнхий сайдаар томилогдсон цагаасаа эхэлж Л.Оюун-Эрдэнэ хэлбэрдсээр ирэв.
“Монгол Улс 400 сая жуулчин авдаг болно” гэж хэлбэрдэв. Ямар ч боломжгүй энэ үгийг хэлбэр гэж тодорхойлохоос өөр яалтай вэ. Үйлдэл болгож ганц хөшөө босгосныгоо нураалгаж орхив.
Ерөнхий сайд болсныхоо дараа салбар бүрийн “зовлонг сонсогч” болон хэлбэрдэв. Энэ үйл ажиллагаанд цаг заваа зарцуулан очиж, зовлонгоо тоочсон хүмүүсийн ямар ажил хэрхэн шийдэгдэв?
Хөл хорио тогтоож байгаа хэлбэр үзүүлэн, энгийн ард манийхаа хөлийг тушиж, ээж аавдаа ч очиж золгож чадахгүй байгаа иргэдийг даапаалан зурагтын дэлгэцээр дүүрэн маскгүй инээж, марзаганасан хүмүүс гаргаж хэлбэрдэв. Карантин шоу, Мэдээллийн урсгал шоунуудаар хөл хориог халхавчлан хэлбэрдсэн дээ.
Эдийн засгийг сэргээх 10 их наядын цогц хөтөлбөр хэрэгжүүлнэ гэж баахан гоё слайдууд харуулан хэлбэрдэв. Эдийн засаг нь тэгээд яаж сэргэв дээ? Шатахууны үнэ өнгөрсөн мөн үеийнхээс 700 төгрөгөөр нэмэгдэж, эм эмийн бүтээгдэхүүний үнэ 50 хувь өслөө.
Эцэстээ иргэдээ нэг дор бөөгнөрүүлэн шоудаж, амь нас эрүүл мэндээр нь хэлбэрдэв. Энэ хэлбэрдэлтийнх нь үнэ харин хамгийн өндөр байх магадлалтай бөгөөд олон настайчууд амиараа төлөх биз.
“Засгийн Гүнжээ чадалтай байна шүү” хэмээн өчигдөр сошиалаар бичсэн нь хэдэнтээ харагдав. Засгийн Гүнж нь цамхагтаа заавал шоу тэсэлнэ хэмээн хилэгнэж, ингэхдээ ордноос ханхүүгээ авчирна хэмээн хөлөө савчуулсан юм болов уу даа?
Нийслэлийн онцгой комиссоос “Ингэж болохгүй” гэж сануулсаар байтал, эрүүл мэндийн салбар бүхэлдээ ганхаж, галзуурахад ганц хуруу дутуу байгаа эмч эмнэлэгийн ажилтнууд туйлдаж, өдөр бүр арав хориороо иргэд үхэж байхад салют буудуулан баярлаж, дрон нисгэн алгаа ташиж суудаг яасан арилсан дотортой Гүнж вэ?
Нидерландад долоодугаар сард болсон хөгжмийн фестивальд 20 мянга гаруй хүн оролцож, тэдний дундаас мянга гаруй халдвар илэрсэн юм. Хачирхалтай нь, тус шоу тун ч зохион байгуулалт сайтай байсан төдийгүй зөвхөн сөрөг хариутай, вакцин хийлгэсэн хүмүүсийг оруулсан байсан билээ.
Харин өчигдөр болсон Дижитал үндэстэн шоу үнэндээ биднийг Дельта үндэстэн болгож орхив. Дижитал шоугаа дижиталаар зохион байгуулчихаж чадахгүй байж юун ч зарлан тунхаглах дуртай юм.
Үүний хариуцлагыг үүрч, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Харилцаа холбоо, Мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ нар ОГЦОРНО уу. Хамтран зохион байгуулагч Соёлын сайд Ч.Номин та хариуцлагаа хүлээнэ үү.
Мөн энэ үйл ажиллагааг ивээн тэтгэж, нийгмийн хариуцлагаа огоорсон Мобиком, Юнител, IntelMind зэрэг компаниуд иргэдээс уучлалт хүснэ үү.