М.Тэмүүлэн: Би яг ДОРГО шиг ажиллаж “ГАНГИС“-ийг бүтээсэн
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

М.Тэмүүлэн: Би яг ДОРГО шиг ажиллаж “ГАНГИС“-ийг бүтээсэн

Монголын бизнэсийн салбарт СТАРТ-АП ууд өдөр бүр төрж байна. Тэдний нэг Цар тахлын үеийг боломж болгон харж чадсан М.Тэмүүлэнтэй ярилцлаа.

Тэрээр 25-р суваг телевизийн хөтлөгч, сэтгүүлчээр ажиллаж байсан туршлагатай. Өөрийн нэрийн брэндээ үүсгэж Гангис урланг байгуулаад байгаа юм.

-Бизнес эхлүүлэх шийдвэрийг хэрхэн гаргасан бэ. Мэдээж бодож төлөвлөсөн байх?

-Өөрийн гэсэн бизнестэй болохыг багаасаа мөрөөдөж байсан. Тиймээс их бодсоны эцэст ажлаасаа зориглон гарч өөрийн хувцасны брэндээ бий болгосон.

Монголд хувцас үйлдвэрлэдэг маш олон үйлдвэр байгаа. Манайх энэ төрлийн бизнес эрхэлдэг хүмүүсээс ганцхан зүйлээрээ ялгаатай. Энэ бол зөвхөн тухайн хүнд зориулсан онцгой, цор ганц бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдгээрээ давуу талтай юм.

Мөн манайх сүүлийн үед дээл хийж эхэлж байгаа. Ингэхдээ маш өвөрмөц байлгахыг хичээсэн. Дээлэн дээрээ ямар жижиг, чамин хэсгийг оруулж болох тал дээр их анхаарсан. Захиалагч маань нэр, орд, жилээ дээлэн дээрээ оюулж болно. Тэгэхээр энэ бол зөвхөн таньд зориулсан хувцас гэсэн үг юм. Гэхдээ мэдээж дээлнийхээ үндсэн хэв загварыг хадгална.

Ерөнхийдөө хүмүүс өөрийн нэртэй цор ганц бүтээгдэхүүнийг манайхаар хийлгэж болно гэсэн үг.

-Санаа олно гэдэг маш чухал байх. Бизнесийн санаагаа яаж олж байсан бэ?

-Энэ их инээдтэй түүх. Би өөрөө өвөрмөц зүйлд их дуртай хүн. ТВ-д ажилладаг байхдаа бүх гутал, хувцсаа чирээд явдаг байсан. Айл гэр нүүлгэх гэж байгаа аятай их зүйл авч явдаг байлаа.

Мөн хувцасны өрөөнд маш олон пиджак, хослолууд байдаг байсан. Ихэнх нь ижилхэн. Тэр үед хувцаснууд дээрээ өөрийн гэсэн нэр, таних тэмдэгтэй бол гоё доо гэж их боддог байсан. Яг цэцэрлэгийн хүүхэд шиг.

Ерөнхийдөө хийж байсан ажлаасаа бизнесийн санаагаа авсан гэж хэлж болно.

Гэхдээ үүнийг том хүнд яаж гоё байлгахаар байж болгохов гэдэг талаас нь маш их бодсоны үндсэн дээр “Гангис” брэндээ үүсгэн байгуулсан.

Гангис брэндийн гаргасан "ДЭЭЛ"

-Гангис гэдэг нэр ямар утгатай вэ? Их өвөрмөц юм. Яагаад энэ нэрийг өгсөн бэ?

-Гангис гэдэг нь Дорго гэсэн үг. Би өөрөө ээж хүн учир дорго гэдэг амьтны талаар нэлээд уншиж судалсны эцэст гангис гэдэг нэрээр компаниа нэрлэсэн.

Энэ амьтан маш эрч хүчтэй, дайчин. Бүх л амьтан тийм шинж чанартай л даа. Гэхдээ дорго тэднээс илүүтэйгээр хүүхдийнхээ болон өөрийнхөө төлөө тэмцдэг.

Энэ амьтны эмийг гангис, үр зулзагыг нь ганис гэдэг.

-Анх старт-ап эхлүүлэхэд таны төсөөлж байснаас хэр байсан бэ. Таны хувьд мэргэжлийн бус хүн учир хүндрэл бэрхшээлүүд их байсан уу?

-Маш хүнд байсан. Анх бодохдоо нэг материал авч, оёдолчинд өгч оюулаад хувцасныхаа зургийг авч фейсбүүк дээрээ тавиад л болчихно гэж бодож байсан. Гэтэл яг ажлаасаа гараад хөрсөн дээрээ буусан чинь материалаа хайхад хүртэл бэрхшээлтэй болсон. Монголд байгаа олон хувцасны брэндээс юугаараа ялгарахав, яаж брэндээ таниулахав гээд маш их зүйлийг бодох хэрэгтэй болсон.

Монголд бөс бараа, хувцасны материал хайх их хэцүү байдаг. Хайж хайж нэг материал оллоо гэхэд тэр нь хэзээ ирэх нь тодорхойгүй. Өнгөний хувьд ч сонголт багатай. Тухайлбал, би нэг төрлийн материалаар гурван өөр өнгийн цамц хиймээр байхад зөвхөн нэг л өнгө байх жишээтэй. Өөр өнгө захиалж болох уу гэхээр захиалга байхгүй гэдэг ч юм уу. Иймэрхүү төрлийн асуудал их байсан.

Нөгөө талаас сайн оёдолчин олох гэж нэлээд хугацаа шаардсан. Оёдолчид хувиараа хувцас оёж зарах сонирхолтой болчихсон. Тэд хэн нэгний үйлдвэр дээр очоод хувцас оёхоос илүү өөрөө хийгээд зарах нь ашигтай юм шиг санадаг. Нэг үгээр хэлбэл сайн оёдолчин олох нэг хэцүү, сайн материал олон нэг хэцүү. Ингээд бодохоор хамгийн чухал хоёр зүйл нь хамгийн хэцүү болчихоод байгаа юм.

Тиймээс би материалаа өөрсдөө гадагшаа явж авчрах нь зөв юм гэж шийдсэн. Энэ маш олон давуу талтай. Нэгдүгээрт, өнгөний сонголт ихтэй. Хоёрдугаарт, маш чанартай материал сонгож авчирч чаддаг. Тухайлбал, манай силкен материалаар хийдэг зуны коллекцоо солонгос үйлдвэрээс даавууг нь захиалж авчирдаг. Ингэхээр өнгө, чанар сайтай. Мөн бүтээгдэхүүн тасалдана гэж айлтгүй болж байгаа юм. Өөрсдөө шууд солонгос үйлдвэртэй холбогддог учир материалаар тасрахгүй.

Уг нь би сэтгүүлч мэргэжилтэй. Гэхдээ старт-ап эхлүүлснээс хойш компьютер дизайнер, графикч, зураач, борлуулалт хийх гээд маш олон ур чадварт суралцаж байна.

Шинээр бизнес эхлүүлж буй хүмүүс бүх зүйлийг анхнаас нь сурдаг. Эхэндээ маш их стрессдэж байсан ч гомдоллохгүйгээр тууштай хичээсэн. Хэрэв бизнес эхлүүлэх гэж л байгаа бол дээрх зүйлсэд бэлтгэлтэй байх хэрэгтэй.

Гангис брэнд "Tote bag"

-Бизнес эрхлэхийн тулд заавал их хэмжээний хөрөнгөтэй байх шаардлагатай юу. Та анх санхүүгээ яаж босгож байсан бэ?

-Бизнесээ дөнгөж эхлүүлж байхад хамгийн их тусалж байсан хүмүүс бол миний нөхөр, дүү хоёр.

Нөхөр маань бүх хөрөнгийг маань босгож өгч байсан. Харин дүү маань тоног төхөөрөмж авах тал дээр гадагшаа судалгаа хийж их тус болсон.

Хүмүүс надаас "Их мөнгө босгож байж бизнесээ эхлүүлсэн үү" гэж асуудаг. Яг үнэндээ 1 сая 500 мянган төгрөгөөр л анх старт ап-аа эхлүүлж байсан.

Одоо бол бага багаар нэмсээр байгаад 20-иод сая төгрөгний тоног төхөөрөмжтэй болчихсон байна. Тэгэхээр бизнес эхлүүлэхэд тийм их мөнгөтэй байх албагүй.

Гэртээ жижиг оёдлын машинтай. Түүн дээрээ хувцас оёдог байсан. Анх ганцаараа л бизнесээ эхлүүлсэн.

-Бизнес эхлүүлж байгаа хүмүүс санхүүгийн тал дээрээ хэрхэн анхаарах вэ?

-Би анх старт-ап эхлүүлэхдээ нягтлангийн курст сурсан. Үйлдвэрийн тооцоо гэдэг хичээл ордог байсан юм. Анх орохдоо энэ ч надад хэрэггүй дээ гэж бодож байсан ч хамгийн хэрэгтэй хичээл болж таарсан.

Анх би дуртай зүйлээ хийж байна гээд ашгаа нэг их тооцдоггүй байлаа. Хийсэн хувцсаа бэлэглэхийг нь бэлэглээд, тараахыг нь тараасан. Материалыг ч гэсэн гамгүй үрдэг байсан. Сүүлд бүх зардлаа тооцож үзээд гайхсан л даа. Тиймээс нэгэнт л бизнес эрхлэх гэж байгаа бол маш сайн тооцоотой байх хэрэгтэй.

Одоо бол миний хувьд хорогдол маш бага гаргахыг хичээдэг. Санхүүгийн тайлан тооцоогоо маш сайн гаргадаг болсон. Мөн яавал зардал багатай их ашигтай ажиллах вэ гэж их боддог болсон.

-Анх старт-ап эхлүүлэхэд тулгамдаж буй гол асуудал юу байдаг вэ?

-Монголд бизнес эрхлэхэд нэг хэцүү зүйл нь их хэмжээний татвар төлдөг. Энэ нь дөнгөж бизнесээ эхлүүлж байгаа бид нар шиг хүмүүст их хүндрэлтэй.

Мөн төлсөн татварынхаа хариуд улсаас ямар дэмжлэг авах нь тодорхойгүй байдаг учраас энэ тал дээр манайх жаахан учир дутагдалтай санагддаг.

-Цар тахлын үед танай ашиг орлого хэр байсан бэ. Онлайнаар бизнес эрхлэхэд ямар давуу талтай байдаг бэ?

-Цар тахлын үед онлайнаар бизнес эрхлэхэд маш амар байсан. Үйлчлүүлэгчид барааныхаа зургийг үзээд л захиалгаа өгчихдөг. Мөн хөл хорионы үеэр хүмүүс ихэнх цагаа сошиал орчинд өнгөрөөж байсан учир брэнд маань ч гэсэн олонд танигдаж чадсан.

Ковидын үеэр ашиг орлого буурах биш харин ч өссөн. Тэгэхээр цар тахлын үед манайх нэлээд сайн ажилласан гэж харж байгаа.

Харин хөл хорио тавигдахад үйлчлүүлэгчийн тоо буурсан нь эрс мэдэгдсэн.

-Старт-ап эхлүүлэх хүсэлтэй залуучуудад хандаж юу гэж зөвлөх вэ?

-Хамгийн түрүүнд хийж байгаа зүйлдээ дуртай байх хэрэгтэй. Бизнес эрхэлж эхлэхэд маш олон бэрхшээлтэй тулгарна. Чиний төсөөлснөөс их зүйл тохиолдоно. Энэ болгонд шантрахгүй байх хэрэгтэй. Байхгүйгээ байхгүй гэж бодож болохгүй. Байгаагаа их байна ч гэж бодож болохгүй. Юм бүхэнд хягаартай хандаж эхлэх нь чухал.

Мөн ямар нэг зүйл дутуу байлаа гээд ажлаа хойш тавьж болохгүй. Эрэл хайгуул хийх хэрэгтэй. Зөвхөн монголоос биш. Одоо интернэт хөгжчихсөн байхад хэлтэй л бол БНХАУ, Турк, Солонгос руу мейлдээд л хүссэн бараагаа захиалчихаж болж байна шүү дээ.

-Хэдий дуртай зүйлээ хийж байгаа ч гэсэн заримдаа сэтгэлээр унах, шантармаар санагдах үе байдаг шүү дээ. Энэ үед та юунаас урам зориг авдаг вэ?

-Мэдээж сэтгэлээр унах үе маш их байдаг. Тэр үедээ би гэртээ хариад боддог л доо. “Яах вэ, юун дээр алдчихав, асуудлыг яаж шийдвэрлэхэв” зэргээр шийдэл олохыг хичээдэг.

Нэг сайн урт амьсгаа аваад л буцаж ажил дээрээ очоод ажилчидтайгаа зөвлөлддөг. Ер нь хүн ганцаараа чимээгүй яваад байвал ямар ч шийдэлд хүрэхгүй. Үүний оронд бусадтайгаа ярилцвал илүү сайн үр дүнд хүрнэ.

Заримдаа нөхөртэйгөө ярилцдаг. Манай нөхөр надад маш их зөвлөгөө өгдөг л дөө. Бизнес эхлүүлвэл угаасаа эхний нэг жил ашиг олохгүй. Үүнээс гадна гэр бүл, үр хүүхэд бүгд хаягдана. Энэ үед хажууд байгаа хүн чинь ашигтай ч байсан, ашиггүй ч байсан маш сайн дэмжиж, ойлгох хэрэгтэй байдаг.

Мөн шантарсан үедээ үйлчлүүлэгчдээсээ их урам авдаг. Манай урлангаар орж ирсэн хүмүүс “Хувцасны материал нь гоё юм байна. Үйлчилгээний соёл сайтай юм байна” гэхээр их гоё санагддаг.

-Таны цаашдын зорилго юу вэ? Ирээдүйгээ ямраар төсөөлж байна?

- “Гангис” брэнд маань одоогоор 5-6 нэр төрлийн бүтээгдэхүүнтэй. Цаашид нэр төрлөө илүү олон болгохоор зорьж ажиллаж байна. Мөн “Gift” үйлчилгээг монголд дэлгэрүүлэхийг зорьж байгаа.

Найз нөхөд, гэр бүл, ажлынхандаа бэлэг хайж байгаа бол манайхаас зөвхөн тухайн хүнд зориулсан үйлчилгээг авч болно.

Мөн цаашид “Гангис” урландаа эмэгтэйчүүдэд зориулсан сайн дурын ажил хийдэг болно гэж бодож байгаа. Ирсэн эмэгтэйчүүд маань хувцас хийж, өөрийн оёж сурмаар байгаа зүйлсээ манайх дээр ирж сурах боломжтой тийм л төрлийн үйл ажиллагаа явуулдаг болно гэж бодож байна.

-Ярилцсанд баярлалаа. Таны ажилд амжилт хүсье.

Дан энгийн иргэдээс бүрдсэн баг өнөөдөр сансарт ниснэ
Дан энгийн иргэдээс бүрдсэн баг өнөөдөр сансарт ниснэ
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.