Бэлгийн болон хүйсийн цөөнхийн талаарх 10 баримт
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Бэлгийн болон хүйсийн цөөнхийн талаарх 10 баримт

ЛГБТИК+: Лесбиян, гей, бисексуал, трансжендэр, интерсекс, күийр болон бусад гэсэн үгсийн товчлол. ЛГБТИК+ хэмээх үг нь бүх бэлгийн болон хүйсийн цөөнхийг бүрэн төлөөлөх утгаараа зөв хэрэглээ болдог.

1.Бэлгийн чиг баримжаа гэж юу вэ?

Бэлгийн чиг баримжаа нь:

  • эсрэг (гетеросексуал буюу стрэйт)
  • ижил (эрэгтэйчүүдийг гей, эмэгтэйчүүдийг лесбиян)
  • аль ч хүйсийн хүмүүст (бисексуал)

сэтгэл, хайр дурлал, бэлгийн хувьд татагдах болоод тэдэнтэй дотно харилцаа үүсгэх хүн бүрийн гүн гүнзгий мөн чанар юм.

Бэлгийн чиг баримжаа биологийн үндэстэй буюу төрөлхийн, эпигенетик гэдэг нь батлагдсан.

2.Хүйсийн баримжаа, илэрхийлэл гэж юу вэ?

Хүйсийн баримжаа нь хүн бүр өөрийн хүйсээ төрөхөд тэмдэглэгдсэн хүйстэйгээ

  • ижлээр (сизжендэр)
  • өөрөөр буюу эсрэгээр (трансжендэр)

гүн гүнзгий мэдрэх мэдрэмж ба өөрийн биеийн тухай мэдрэмж юм.

Нонбайнари – өөрийгөө эрэгтэй, эмэгтэй аль ч хүйст багтааж үздэггүй, эсвэл аль аль хүйст хамааруулж мэдэрдэг хүмүүсийн хувьд хэрэглэдэг олон улсын нэр томьёо.

Хүйсийн илэрхийлэл нь хүн биеэ авч явахдаа ихэвчлэн эмэгтэйлэг, эршүүд эсвэл хүйсийг нь тодорхойлох боломжгүй байдлаар илэрхийлж буй байдлууд болох хувцаслалт, үс засалт, хоолой болон бие махбодын шинж тэмдгээр илэрдэг.

Хүйсийн баримжаа, илэрхийллийг бэлгийн чиг баримжаатай хутгаж болохгүй учир нь сизжендэр хүмүүс олон төрлийн бэлгийн чиг баримжаатай байдаг шиг трансжендэр хүмүүс ч мөн л олон төрлийн бэлгийн чиг баримжаатай байдаг.

3.ЛГБТИК+ гэдэг товчлол нь ямар үгсийн товчлол вэ?

ЛГБТИК+ гэдэг нь бэлгийн болон хүйсийн цөөнхийг хэлэх олон улсын хэвшмэл нэр томьёоны товчлол юм.

  • Лесбиян – ижил хүйсийн бэлгийн чиг баримжаатай эмэгтэйчүүд
  • Гей – ижил хүйсийн бэлгийн чиг баримжаатай эрэгтэй хүмүүс (ижил хүйсийн бэлгийн чиг баримжаатай хүмүүсийг нийтэд нь мөн гей гэж хэлэх тохиолдол байдаг)
  • Бисексуал – аль аль хүйсийн хүмүүст татагддаг бэлгийн чиг баримжаатай хүмүүс
  • Транс – өөрийн хүйсийг төрөхөд тэмдэглэгдсэн хүйсээсээ өөрөөр эсвэл эсрэгээр мэдэрч, мэдэрч буйгаараа хүйсээ илэрхийлж амьдардаг хүмүүс
  • Интерсекс- хүйсийн анхдагч хүйсийн шинж чанар буюу бэлэг эрхтэн (шодой, үтрээ, сав, хөх гэх мэт) болон хоёрдогч бэлгийн шинж чанар буюу бэлгийн булчирхай (гонад) болон хромосомын хувьд хоёр туйлт хүйсийн ангилалд (эр ба эм) багтдаггүй хүмүүсийг хэлнэ.
  • Күийр – бэлгийн чиг баримжаа болоод хүйсийн баримжаа, илэрхийллийн хувьд цөөнх хүмүүсийг нийтэд нь ЛГБТИК+ эсвэл күийр гэдэг. Түүхийн хувьд КҮИЙР гэдэг үг нь анх доромж утгаар хэрэглэгддэг байсан ч цаг хугацааны явцад ЛГБТИК+ хүмүүс энэ үгийг өөрийгөө бахархалтайгаар илэрхийлэх үг болгож чадсан юм. Хэдий тийм ч бүх ЛГБТИК+ хүмүүс энэ үгийг өөртөө хамаатуулан ашигладаггүй.
  • “+” тэмдэг нь энэ нэр томьёонуудад хязгаарлагдахгүй бусад нэр томьёонуудыг (асексуал, жендэркүийр, нонбайнари, пансексуал гэх мэт) ашигладаг олон нийтийг хамруулж байгаагийн илэрхийлэл юм.

4.Бэлгийн чиг баримжаа төрөлхийн үү, олдмол уу? Хэзээ илрэх вэ?

Бэлгийн чиг баримжаа гэдэг нь төрөлхийн, хүн хүндээ татагдах, дурлах мөн чанарыг хэлдэг ойлголт юм. Бэлгийн чиг баримжаа бэлгийн зан үйлээр илэрхийлэгдэж ч болно, үгүй ч байж болно. Бэлгийн чиг баримжаа ихэнхдээ бэлгийн бойжилтын насанд илэрдэг. Гадны нөлөөнөөс, жишээ нь: хүнд уруу татагдаж, эсвэл шохоорхож, сонирхсноос болж бэлгийн чиг баримжаа өөрчлөгддөггүй. 1973 онд Америкийн сэтгэл зүйчдийн холбооноос ижил хүйсийн бэлгийн чиг баримжааг сэтгэцийн эмгэг бишийг тогтоосон ба Дэлхийн эрүүл мэндийн байгууллага 1990 онд ижил хүйсийн бэлгийн чиг баримжааг олон улсын өвчний жагсаалтаас хассан байдаг.

Хүйсийн баримжаа нь хүн бүрийн өөрийн хүйс, биеэ мэдрэх гүн гүнзгий, төрөлхийн мэдрэмж учир хүүхэд маш бага наснаасаа үүнийгээ мэдэрч, илэрхийлж байдаг.

Хүйсийн баримжаа ихэнхдээ хүүхдийн бага насанд илрэх ч транс байдал илрэх тодорхой насыг заах боломжгүй. Хүйсээ төрөхөд тэмдэглэгдсэн хүйстэйгээ ижил хэмээн мэдэрдэг, түүгээрээ нийгэмшдэг хүнийг сизжендэр гэдэг бол хүйсээ төрөхөд тэмдэглэгдсэн хүйсээсээ өөрөөр эсвэл эсрэгээр мэдэрдэг, түүгээрээ нийгэмшдэг хүнийг трансжендэр гэдэг. Даавар болон мэс заслын аргаар шилжилтэнд орсон хүнийг транссексуал гэнэ.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ) 2019 оны 5-р сарын 25-нд өвчний олон улсын ангилалыг шинэчлэх томоохон шийдвэр гаргасаны дагуу цаашид трансжендэр байдлыг “сэтгэцийн эмгэг” -ийн ангилалд багтаахаа больсон юм.

5.ЛГБТИК+ хүмүүсийн эрхийг ханган хамгаалахын тулд юу шаардлагатай байгаа вэ?

Хүний эрх гэдэг нь хоорондоо харилцан хамааралтай, түгээмэл, хуваагдашгүй гэсэн гурван цогц зарчимд суурилдаг. Нэг бүлэг хүмүүсийн хүний эрхийг нөгөө бүлэг хүмүүсийн эрхээс дээгүүр эсвэл доогуур авч үзэх ёсгүй. Тиймээс Эрүүгийн хуульд заасан “Ялгаварлан гадуурхах” гэмт хэргийн тухай таниулан сурталчлах, энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх замаар иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх нь чухал байна. Хүн бүр ялгаварлан гадуурхагдахаас хамгаалагдсан бөгөөд Үндсэн хуулиар баталгаажсан эрхээ эдлэх бодитой эдлэх эрхтэй билээ.

6.Монголд ЛГБТИК+ хэдэн хүн байдаг вэ? Сүүлийн үед ЛГБТИК+ хүмүүс ихсээд байна гэж хүмүүс ярих юм?

Бэлгийн цөөнх нь ямар ч орны хүн амын 10% гэсэн нийтлэг жишиг тоо байдаг. Нийгэм бүрт өөр өөр тоо гардаг нь тухайн оронд хүний эрхийг хэр хэмжээнд хамгаалсан, ЛГБТИК+ хүмүүс хэр нээлттэй амьдрах боломжтой асуудалтай шууд холбоотой. Жишээ нь, 2014 онд Иранд хийсэн судалгаагаар хүн амын насанд хүрсэн хүмүүсийн 18% ижил хүйсийн бэлгийн туршлагатай гэсэн тоо гарсан байдаг. 2000 оны АНУ-ын хүн амын тооллогын үеэр бэлгийн чиг баримжааг анх удаа асуулгад багтаасан байдаг ба 2010 онд дахин багтааснаар тооллогын үр дүнд газар зүйн байршил үл хамааран ЛГБТИК+ хүмүүс бүх нийгэм-эдийн засаг, соёл, үндэстний гаралтай байдаг гэдгийг баталгаажуулсан байдаг. Монголын хувьд сүүлийн үед ЛГБТИК+ хүмүүсийн тоо ихсэж байгаадаа биш, өмнө нь нуугдмал амьдардаг байсан хүмүүс ил амьдарч эхэлсэнтэй холбоотой юм.

Монгол ЛГБТИК+ хүмүүсийн бодит түүх, тэдний дурсамж, хайр дурлал зэргийг сонсохыг хүсвэл манай Mongolian Queer Podcast-аас хүлээж авна уу. Дараах сувгуудад байршуулсан байгаа: SoundCloud.com, YouTube.com, Castbox app, Apple podcast app, Mplus.mn

7.ЛГБТИК+ эрхийг сурталчилснаар хүмүүсийг уруу татах юм биш үү? Чимээгүй байж болдоггүй юм уу?

Хүн болгон өөрийн насанд тохирсон мэдээллийг эрэлхийлэх, хүртэх, дамжуулах, түүнчлэн бусдын эрхэд халдсан бус байдлаар үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй байдаг нь Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний болон улс төрийн эрхийн пакт болон бусад Монгол Улсын нэгдэж орсон олон улсын эрх зүйн хэм хэмжээгээр баталгаажсан. Нийгэмд байсаар байгаа буруу, ташаа ойлголтыг үнэн, бодит мэдээллээр л зүгшрүүлэх учир ЛГБТИК+ эрхийн тухай, ЛГБТИК+ хүмүүсийн өмнө тулгарч буй бэрхшээлүүд, бодит байдлыг ярих ёстой болдог. Мэдээлэл өгснөөр хүнийг уруу татна гэсэн ойлголт үүсэхгүй, учир нь бэлгийн чиг баримжаа төрөлхийн, өөрчлөгдөшгүй зүйл. Харин мэдээлэлгүй байдлын хор уршиг нь маш олон зүйл дээр илэрдэг. Жишээ нь, ЛГБТИК+ өсвөр насныхан гэр орныхондоо бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжаагаа илэрхийллээ гэхэд гэр орныхны зүгээс төрөл бүрийн хүчирхийлэл амсаж байгаа нь нийгэмд бэлгийн цөөнхийн талаар мэдээлэл, ойлголт тун бага байгаатай шууд холбоотой.

8.“Тэгш эрх, бахархлын өдрүүд” үйл ажиллагаа яагаад хэрэгтэй вэ?

ЛГБТИК+ гэдгээрээ бахархах нь битгий хэл нээлттэй амьдарч буй ЛГБТИК+хүмүүс цөөхөн байсаар байна. Гэтэл хүн бүр эрхээ эдлэх нөхцөл бололцоогоор нь хангах үүргийг төр хүлээсэн ч хүн бүр хүний эрхийг хүндэтгэх үүргийг мөн хүлээдэг. Хүн бүр тэгш эрхтэй гэдгийг ойлгуулах, ЛГБТИК+ хүмүүс Монголын хүн амын түүхэн хэсэг байсаар байсан, байсаар байх болно гэдгийг ийм олон нийтийн хүний эрхийн боловсролыг сайжруулахад чиглэсэн үйл ажиллагаа чухал.

Анх 2013 оны 9-р сарын 22-28-ны хооронд “Бахархалын долоо хоног” нэртэйгээр зохион байгуулагдаж байсан. 2014 оноос “Тэгш эрх, бахархалын өдрүүд” нэртэйгээр зохион байгуулагдаж байна. Жил бүрийн 8-р сарын сүүлийн 7 хоногт зохион байгуулагддаг бөгөөд хүний эрхийн дэмжигчид, ЛГБТИК+ олон нийтийн хүсэн хүлээсэн тэмдэглэлт өдрүүд болсоор байгаа.

9.Монгол Улсын хууль тогтоомж, дүрэм журамд ЛГБТИК+ хүмүүсийг ялгаварлан гадуурхалтаас хамгаалах зохицуулалтууд :

2017 оны 7-р сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхлэсэн Монгол Улсын Эрүүгийн хуульд:

14.1 дүгээр зүйл.Ялгаварлан гадуурхах

1.Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсрол, бэлгийн, хүйсийн чиг баримжаа, эрүүл мэндийн нөхцөл байдлаар ялгаварлан гадуурхаж эрх, эрх чөлөөг нь хязгаарласан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.

/Энэ хэсэгт 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

2.Энэ гэмт хэргийг:

2.1.бүлэглэж;

2.2.хүч хэрэглэж;

2.3.албан тушаалтан албаны чиг үүрэг, бүрэн эрх, нөлөөг урвуулан ашиглаж үйлдсэн бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

3. Хүндрүүлэх нөхцөл байдал

Үзэл бодол, арьсны өнгө, үндэс, угсаа, шашин шүтлэг, бэлгийн, хүйсийн чиг баримжаагаар нь үзэн ядаж үйлдсэн нь зарим гэмт хэргийн хувьд хүндрүүлэх нөхцөл болон орсон.

Трансжендэр хүмүүсийн эрхийг хангах зохицуулалт:

Иргэний улсын бүртгэлийн тухай хуульд

14 дүгээр зүйл.Хүйс өөрчлөгдсөний бүртгэл

14.1. 18 нас хүрсэн иргэн хүйсээ өөрчилснийг иргэний улсын бүртгэлд бүртгүүлэх бол дараах баримт бичгийг бүрдүүлж, улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад өөрийн биеэр бүртгүүлнэ:

14.1.1.өргөдөл;

14.1.2.иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээ;

14.1.3.эмнэлгийн байгууллагаас хүйс өөрчлөгдсөнийг нотолсон баримт бичиг.

14.2.Энэ хуулийн 14.1-д заасан баримт бичигт дараах баримт бичгийн аль тохирохыг хавсаргана:

14.2.1.гэрлэлт дуусгавар болсон тухай эрх бүхий байгууллагын шийдвэр;

14.2.2.хүүхдийн эцэг /эх/-ийн нэрийн бүртгэлд өөрчлөлт оруулах бол эцэг /эх/-ийн өргөдөл;

14.2.3.хүүхдийн төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэх.

14.3.Улсын бүртгэгч энэ хуулийн 14.1, 14.2-т заасан баримт бичгийг хүлээн авснаас хойш ажлын 7 өдрийн дотор хүйс өөрчлөгдсөний бүртгэлийг хөтөлнө.

Мөн түүнчлэн дараахь албан хаагчдийн ёс зүйн дүрэмд бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжаа, илэрхийллээр ялгаварлан гадуурхахгүй байх талаар зааж, мөрдөгдөж байна. Эдгээрт:

  • Эмнэлгийн мэргэжилтэн нь үйл ажиллагаандаа шударга ёс, хууль дээдлэх, тэгш байдал, үл ялгаварлан гадуурхах, хариуцлага хүлээх, үйлчлэх зарчмыг баримтална (Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээ, Эрүүл мэндийн сайдын 2013 оны 11-р сарын 25-ны 446-р тушаалын 1-р хавсралт) Үл ялгаварлан гадуурхах гэж Монгол Улсын Үндсэн хуулийн 14.2-т зааснаас гадна төрх байдал, эрүүл мэндийн байдал, бэлгийн чиг хандлага, хүйсийн баримжаа, хүн амын тодорхой бүлэгт харъяалагдах байдлаар алагчлахгүй байхыг (Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээ)
  • Иргэдийн эрүүл мэндийн байдал, өвчин эмгэгийн төрөл, оршин суугаа газар, нас, хүйс, боловсрол, бэлгийн чиг хандлага, үндэс угсаа, хэл соѐлын ялгаанаас үл хамааран тэгш, хүртээмжтэй хүргэх (Тулгуур зарчим, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний бодлого батлах тухай Эрүүл мэндийн сайдын 2014 оны 2-р сарын 24-ний өдрийн 55-р тушаалын хавсралт)
  • Эрүүл мэндийн яам: 2013, 2014 онд салбарын хөгжлийн бодлого болон салбарын мэргэжилтний ёс зүйд ялгаварлан гадуурхалтын эсрэг зарчмыг багтсан
  • Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрэм (Монгол Улсын Засгийн Газрын 2010 оны 288 дугаар тогтоолын хавсралт, 5 дугаар зүйлийн 5.2.3-т зааснаар)
  • Цагдаагийн албан хаагчийн ёс зүйн дүрэм (Цагдаагийн ерөнхий газрын даргын 2011 оны 598 дугаар тушаалын хавстралт, 4 дүгээр зүйлийн 4.1.2-т зааснаар)
  • Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчим (Хэвлэл Мэдээллийн Зөвлөлийн Ёс зүйн хороодын 2015 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн нэгдсэн хуралдааны нэгдүгээр тогтоолын хавсралт)
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтны ёс зүйн дүрэм (Ерөнхий байдлаар ялгаварлан гадуурхахгүй байх гэж заасан)

10.ЛГБТ Төв-д хүмүүс хэр их ханддаг вэ?

Мэдээлэл, мэдлэг авахаар хувь хүмүүс, оюутан болон багш нар сүүлийн жилүүдэд олноороо ирдэг болж байгаа.

Өөрийн болон ах, эгч, дүүгийнхээ бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжаа, илэрхийллийн тухай илүү ойлголттой болохыг хүсч буй хүмүүс, мөн бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжаа илэрхийллээс үүдэн хүний эрх нь зөрчигдсөн тохиолдолд сэтгэл зүйн болон эрх зүйн туслалцаа авахаар хандах нь маш их.

2019 оноос хойш хувь хүмүүсийн хандиваар сайн дурын ажилтнуудын өрөөтэй болж, олон нийтэд илүү нээлттэй болсон юм.

ЛГБТ Төв-тэй холбогдох:

Утас: 77110323

Имэйл: [email protected]

Фэйсбүүк хаяг: The LGBT Centre (Mongolia)

Instagram: @lgbtcentre.mongolia

Вэбсайт: www.lgbtcentre.mn

Эх сурвалж: http://lgbtcentre.mn/

ОПЕК газрын тосны олборлолтоо нэмэгдүүлэх шийдвэрээ хэвээр үлдээлээ
ОПЕК газрын тосны олборлолтоо нэмэгдүүлэх шийдвэрээ хэвээр үлдээлээ
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.