ЭМНЕСТИ: Монголд хэрэг хүлээлгэхийн тулд ЭРҮҮДЭН ШҮҮХ, хүний эрх хамгаалагчдыг “тагнуул“ гэх явдал түгээмэл байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЭМНЕСТИ: Монголд хэрэг хүлээлгэхийн тулд ЭРҮҮДЭН ШҮҮХ, хүний эрх хамгаалагчдыг “тагнуул“ гэх явдал түгээмэл байна

/2023.03.29/ Эмнести Интернэшнл олон улсын байгууллагаас жил бүр дэлхийн хүний эрхийн нөхцөл байдлыг судлан, тайлангаа танилцуулдаг. Тэгвэл 2022 оны "Дэлхийн хүний эрхийн төлөв байдал"-ыг танилцуулах хэлэлцүүлэг өчигдөр Блью Скай зочид буудалд боллоо.

Энэ үеэр дэлхий даяар ялгаварлан гадуурхалтын асуудал түгээмэл байгааг тэмдэглэв. Мөн ЛГБТИ болон угуул иргэд, охид эмэгтэйчүүдийн эрхийг ноцтой зөрчиж буй асуудал байсаар байна. Өмнөх жилүүдээс ялгаатай нь Олон улсын мандат бүхий байгууллагууд буюу НҮБ, Олон улсын шүүхийн байгууллага зэвсэгт мөргөлдөөний үед дүрвэгсдэд ялгамжтай хандсан асуудал байгааг тайланд дунджээ.

Нийт 155 орныг хамруулсан дээрх тайланд Монгол Улс дахь хүний эрхийн нөхцөл ямар байгааг мөн тэмдэглэжээ. Тодруулбал, манай улсад дараах 5 хүний эрхийн зөрчил нийтлэг байгааг Эмнести Интернэшнл онцоллоо.

Үүнд,

1. Эвлэлдэн нэгдэх, хуран цуглах эрх чөлөө

Холбоо сангийн тухай хуульд төрийн бус байгууллагын хууль ёсны үйл ажиллагааг хязгаарлахуйц зүйл заалтууд орж ирж буйг Эмнести онцолжээ. Анх 2021 онд өргөн баригдсан уг хуулийн төсөлд ТББ-д хяналт тавих Иргэний нийгмийн хөгжлийг дэмжих зөвлөл байгуулахаар тусгасан. Гэвч тус зөвлөлийн тодорхой бус, хэт ерөнхий эрх мэдэл нь ТББ-ын дотоод хэрэгт зүй бусаар хөндлөнгөөс оролцох, захиргааны дарамт шахалт үзүүлэх эрсдэлтэй байгааг тэмдэглэжээ. Хуулийн төсөлд мөн хууль ёсны үйл ажиллагааг нь хориглох, санхүүжилтийг нь хязгаарлах заалтууд багтсан байна.

2. Байгаль орчны доройтол, эдийн засаг, нийгэм, соёлын эрх

Говийн бүсэд нүүрсний болон бусад уурхайн үйл ажиллагаа нь бэлчээр сүйтгэж, гүний усыг бохирдуулж, усны бусад эх үүсвэрийг шавхсан. Түүнчлэн уул уурхай нь хөрсний доройтолд хүргэж, бүс нутгийн малчдын эрүүл мэнд, амьжиргаанд сөргөөр нөлөөлж байгаа талаар тус тайланд дурджээ.

Засгийн газар уул уурхайн нөлөөлөлд өртсөн малчидтай хангалттай зөвлөлдөхгүйгээр ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон. Уул уурхайн үйл ажиллагааны улмаас нүүлгэн шилжүүлсэн болон бусад байдлаар нөлөөлөлд өртсөн хүмүүсийг зохих нөхөн олговор, орон байраар хангах зэрэг зайлшгүй шаардлагатай үйлчилгээ, нийгмийн хамгаалал хүртэх боломжоор хангаж чадахгүй байна гэжээ.

3. Хүний эрх хамгаалагчид

Засгийн газраас зарим хүний эрх хамгаалагчдыг гадаадын тагнуул хэмээн нийтэд зарлах, үндэсний хөгжлийн төслийг гацаагч гэж шүүмжлэх зэргээр гутаах компанит ажлыг явуулж байна.

Эрх баригчид хүний эрх хамгаалагчдын үйл ажиллагаанд саад учруулахын тулд мөрдөн шалгах болсон.

Өмнөх жилийн тайланд, тагнуулын байгууллага зохисгүй байдлаар хүний эрхэд хязгаарлалт тогтоож, тагнаж буй талаар дурдаж байжээ. Тодруулбал, 2021 онд эрүүл мэндийн салбарын ажилтнуудын эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулсан Үйлдвэрчний эвлэлийн гишүүдийг энэ үйлдлийнх нь төлөө тагнуулын газар дуудсан явдал гарсан байна. Тэгвэл энэ удаагийн тайланд, байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй хүний эрхийг хамгаалагч нар эрстэлд орлоо хэмээн тэмдэглэжээ.

Үүнийг нэг жишээ нь, наймдугаар сард Тагнуулын ерөнхий газраас хөгжлийн төслүүдээс болж учирч буй байгаль орчны доройтол, хүний эрхийн зөрчлийг илчлэх ажилтай нь холбогдуулан Д.Сүхгэрэлийг "Гадаадын тагнуулын байгууллага, төлөөлөгчтэй хууль бусаар хамтран ажилласан" гэх зүйлчлэлээр шалгаж эхэлсэн.

4. Орон байраар хангагдах эрх

Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай тогтоомж дахь хуулийн хамгаалалт хангалтгүй байгаагаас болж Улаанбаатар хотод дор хаяж 47 өрх орон гэргүй амьдарч байна. Зарим барилгын компани бүтээн байгуулалтад зориулж иргэдийн газрыг зөвшөөрөлгүй, зохих нөхөх олговоргүйгээр авсан.

Тухайлбал, Хан-Уул, Баянзүрх дүүрэгт хэрэгжиж буй төсөл хөтөлбөрийн улмаас иргэд орон байргүй болох эрсдэл үүсжээ. Мөн Баянзүрх дүүрэгт ашиглалтын шаардлага хангаагүй орон сууцанд амьдарч буй 31 өрх энэ өвөл төвийн халаалтгүй нөхцөлд байсан байна. Энэ асуудалд шаардлагад нийцсэн орон байртай байх эрхийг төр хүндэтгэх, хамгаалах, хэрэгжүүлэх үүргийнхээ хүрээнд тусгай арга хэмжээ аваагүйг онцолсон байна.

5. Эрүү шүүлт ба бусад зүй бус харьцаа

Дэлхий даяар Засгийн газрууд эсэргүүцлээ илэрхийлэх эрхийг хязгаарласан шинэ хууль санаачилж, жагсаал цуглааны үеэр интернэт сүлжээг хязгаарлах, жагсагчдыг онилсон биометрик тандалт явуулах зэргээр жагсаж, цуглахыг улам хэцүү болгож байна.

Долоодугаар сард Монгол Улсын Засгийн газар эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх үндэсний механизмыг байгуулсан. Хэдий тийм боловч цагдан хорих газарт хэрэг хүлээлгэхийн тулд эрүүдэн шүүж, зүй бус харьцсан тохиолдол гарсан гэжээ. Тиймээс дээрх 5 асуудалд анхаарах шаардлагатай байгааг онцлов.

БАЙР СУУРЬ: Хуульч Д.Оросоо: Тайван замаар загсаж, цуглахын тулд зөвшөөрөл авах шаардлагагүй

Тайван замаар загсаж, цуглахын тулд зөвшөөрөл авна гэсэн асуудал байх ёсгүй. Мөн үүнийг нийгмийн хэв журам зөрчиж буй хэрэг гэж харах ёсгүй. Түүнчлэн жагсаалд оролцож буй иргэдийг дуудаж, гэрчийн мэдүүлэг авч, “Ямар зорилготой юм, яах гэж байгаа юм” гэж байцаах шаардлагагүй. Учир нь энэ бол тайван жагсаал. Үндсэн хуульд ч заагаад өгчихсөн байгаа. Олон улсад ч ийм байдаг.

Гэтэл Монголд тайван замаар үзэл бодлоо илэрхийлж буй жагсагчийг нийгэм, олон нийтийн аюулгүй байдлыг алдагдуулах шинжтэй үйлдэл гаргасан гэж дуудаж, шалгаад байна. Энэ нь өөрөө Үндсэн хуулийг зөрчиж байгаа асуудал.

Ардчиллын хамгийн гол зүйл нь хамтын шийдвэр гаргах эрх чөлөө юм. Жагсаж, үзэл бодлоо илэрхийлж байгаа нь хэн нэгнийг огцруулах гээд байгаа зүйл огтоос биш. Эрх баригч нарыг сонгож, эрх мэдлийг нь өгөөд шийдвэр гарга гэсэн. Нөгөө хүн оновчтой шийдвэр гаргаж чадахгүй байгаа учраас иргэд хамтын шийдвэр гаргая гээд жагсаж байна. Тиймээс манай шийдвэр гаргагчид үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө гэдэг зүйлийнхээ агуулгыг ойлгох хэрэгтэй. Жагсаал бол улс төрийн зорилготой эрх чөлөө биш. Таныг сонгосон хүн тантай хамтын шийдвэр гаргая гэж ирж байна гэсэн үг. Үүнийг нийгмийн, олон нийтийн, үндэсний аюулгүй байдал ярьж битгий мушгин гуйвуулаач гэж хэлмээр байна.

ХЭҮК-ын дарга Ж.Хунан: Хүний эрх хамгаалагчийн талаарх иргэдийн мэдлэгийг дээшлүүлэх шаардлагатай байна

Хүний эрх хамгаалагчдыг үндэсний аюулгүй байдлын эсрэг дайсан мэт үзэж, харлуулдаг тохиолдол зөвхөн Монголд гэлтгүй бусад улсад ч байдаг. Томоохон бүтээн байгуулалтын эсрэг тэмцэж буй хүмүүсийг янз бүрээр харлуулах тохиолдлууд олон улсад бий. Хөдөлшгүй нотлох баримт байвал хуулиараа зохицуулж болно. Үндэслэлгүй байвал хүний эрх хамгаалагчид халдаж буй хэрэг болох юм.

Монгол Улс Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийг 2021 оны дөрөвдүгээр сарын 2-нд баталж, "хүний эрх хамгаалагч гэж хэн бэ", "ямар үйл ажиллагаа явуулах ёстой вэ" гэдгийг маш сайн тодорхойлж өгсөн байдаг. Тиймээс хуульд заасны дагуу үйл ажиллагаа явуулж буй хүн бол хүний эрх хамгаалагч бөгөөд хамгаалалтад орох эрхтэй юм.

Үүнээс гадна бид иргэдийн мэдлэгийг дээшлүүлэх шаардлагатай. Мэдээллийн замбараагүй урсгалд хүн бүр үзэл бодлоо илэрхийлж байна. Зарим нь үүнийг өөр зорилгоор ашиглах тохиолдол ч гарч байна. Тиймээс иргэд өөрсдөө хэрсүү байж, мэдээллийг нягтлах ёстой.

Залилах гэмт хэрэг нийслэлд 87.2 хувиар өссөн байна
Залилах гэмт хэрэг нийслэлд 87.2 хувиар өссөн байна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.