БНСУ-д өнөөдрийн байдлаар 50 мянга гаруй монгол хүн ажиллаж амьдарч байна. Тэдний дийлэнх нь хууль бусаар оршин суудаг буюу визгүй иргэдийн хувьд ажил олгогчийнхоо бүрэн хараанд байх бөгөөд хууль бус олон зүйлийг тэвчин өнгөрүүлдэг байна.
Түүний нэг жишээ нь саяхан хүчирхийлэлд өртсөн Монгол эмэгтэй Н юм. Тэрээр зочид буудалд ажиллаж байсан бөгөөд өөрийн эзэн гэх эрэгтэйд зодуулж эрүүл мэндээрээ хохирчээ. Хэдийгээр хүчирхийлэлд өртөн эрүүл мэндээрээ хохирсон ч тэрээр хэн нэгэн эрхийг тань зөрчвөл айж эмээлгүйгээр илэрхийлэхийг эмэгтэйчүүдэд уриаллаа. Мөн эмнэлгийн тусламж авч бүх аймшигтай зүйл ард үлдсэн гэлээ. Түүнтэй цөөн хором ярилцлаа.
-Тухайн өдөр чухам юу болсон юм бэ?
-Тэр өдөр би ажлаасаа гарна гэдгээ хэлсэн юм. Ер нь олон хоногийн өмнөөс л хэлсэн. Ажил дууссан байсан боловч араас олон удаа дуудаж, "Гарах юм бол цалин өгөхгүй, хууль бусаар оршин суудаг" гэх утгатай олон мессэж бичээд байсан тул аргагүйн эрхэнд буцаж очсон. Очиход уурлаж хашгиран, түлхэж алгадсан. Мөн дарж аваад хүчирхийлэх гэж оролдсон. Би ч эсэргүүцэл үзүүлсэн. Орон дээр өмдийг маань шувтлах гэхэд нь эсэргүүцэл үзүүлэхэд зодож эхэлсэн. Аймшигтай байсан зүгээр л үхэхгүйхэн шиг гаръя л гэж бодсон. Гэтэл солонгосоор "Чи үхмээр байна уу" гээд намайг дэвссэн. Энэ тухай ахин ярихад аймшигтай байна. Сандлын хөлөөр нүдэж, гар хөл таарсан газар цохьсон.
-Тэр хавьд таныг сонсох хүн байгаагүй юу?
-Хэн ч намайг сонсоогүй сүүлдээ үүдээр гарах гэж оролдсон, хэн ч байгаагүй. Би том биетэй тулдаа л тэмцэлдэж, амь гарсан байх. Ойролцоох подваль руу намайг чирсэн. Тийшээ орвол би үхнэ гэдгээ мэдэж байсан болохоор маш их тэмцэлдсэн. Амь гарч, тусламж гуйсан. Удалгүй цагдаа нар ирсний дараа би тэдэнд маш их өвдөж байгаа тухайгаа чадлаараа ойлгуулсан. Хоёр эмнэлгийн ажилтан ирсэн ч мөнгө байна уу? гэж асуугаад үзээгүй орхисон.
-Эмнэлгийн тусламж үзүүлээгүй гэж үү?
-Цагдаагийн хэлтэс дээрээ аваачиж цаг гаруй хүлээлгэсэн. Эмнэлэг явмаар байгаагаа хэлж нэг цаг орилж уйлж, суусан. Улмаар цагийн дараа эмнэлэг явах нь гэтэл дараагийн цагдаагийн хэлтэс рүү аваачсан. Ахин цаг орчим их өвдөж суусан. Үүний дараа шууд Эммегрэйшн рүү аваачсан. Тусламж үзүүлээгүй. Тус улсын Цагдаагийн газраас эрүүл мэндийн хувьд асуудалгүй гэж хэлсэн байсан. Одоо Эммегрэйшн тэр хоёр бурууг нэг нэгэн рүүгээ чихэж байгаа. Яг үнэндээ гурван хавирга маань хугарсныг энэ эмнэлэг дээр ирээд мэдэж байна. Тухайн үед маш их өвдөж байсан юм. Миний бие харваас их гэмтсэн байсан битүү хөх няц болсон байсан ч эмнэлгийн тусламж хүссэн ч үзүүлээгүй. Хоёр удаа өвчин намдаах эм гуйж хэрэглэсэн.
-Эммегрэйшнээс яаж гарав?
-Манай найз Монголын ЭСЯ руу холбогдож хөөцөлдсөн. Утсаар залгасан, мэссэж бичиж, зураг явуулсан. Эмэгтэйчүүдийн эрх хамгаалдаг н. Нарантуяа гэж эмэгтэй тусалсан. Утсаар ярьж, ирж уулзсан. Хурдан гаргаж авахыг хүссэн би тухайн үед ярьж ч чадахгүй байлаа. Харин найз нар маань БНСУ-ын Хүний эрхийн комисст хандаж солонгос хэлээр шөнөжин бичиж явуулсан байна лээ. Харин тэд маш хурдан хариу өгсөн. Дөрөв дэх өдөр нь миний бие огцом муудаж эмнэлэг явсан. Буцаад ирэхэд Монголын ЭСЯ, Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах газраас ирж гаргаж авсан. Солонгосын Хүний эрхийн комиссоос нь мөн утасдсан байсан.
-Ер нь ийм зүйл болсны дараа БНСУ-д байгаа ЭСЯ чиний эрхийг хамгаалах тал дээр хэр ажиллаж байна?
-Тэндээс гарсны дараа Инчеоны цагдаа дээр очиж мэдүүлэг өгсөн. Тухайн үед камер салгаж байсан талаар бүх мэдээллээ өгсөн. Буцаад ажиллаж байсан газраа цагдаатай очиж, өөрийн хувийн эд зүйлсээ авсан. Шууд эмнэлэгт хэвтэх гэсэн заавал хамгаалалтын байранд байх ёстой гэж байна лээ. Долоо хоног миний бие маш муу, гурав хоног хоол идэж чадаагүй. Хавирга хугарснаа мэдээгүй цуурсан гэж надад хэлсэн байна. Замдаа би эмнэлэг явъя гэхэд эмнэлэг маш их үнэтэй гэсэн. Нэг хоног нь сая саяар бодогдоно эмнэлэг авахгүй гэж надад шууд хэлэхэд их гайхсан. Хамгаалах байранд нэг хоноод, тэндээс гаргахгүй байх нь яг л ахиад “хоригдсон” мэт санагдаж байлаа. Тэндээс гарахад Төгстөгөлдөр гэдэг эгч тусалсан.
-Таныг “хүчирхийлсэн” гэх эзэн тань ер нь ямар хүн бэ?
-Миний эзэн байсан гэх эрэгтэй оройгоор хувийн мөрдөгчөөр суралцдаг гэсэн. Өмнө нь би ийм байдалд орсон нэг Монгол бүсгүйн талаар сонссон ч итгээгүй. Миний ажиллаж байсан зочид буудалд одоо ч нэг эмэгтэй байгаа. Би удаан байж болохгүй гэж түүнд анхааруулсан. Цалингаа аваад гараарай гэж хэлсэн юм.
-Тухайн үед архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан уу ?
-Үгүй байх. Ер нь цалин мөнгөн дээр хэцүү байдаг. Хэд хэдэн удаа паспорт авч хурааж байсан. Намайг ажлаасаа гарна гэхээр л зуусан байх. Би одоо солонгос өмгөөлөгч авсан. Энэ хэргийг шалгуулж байна. Бүх гомдлоо барагдуулах болно.
-Бусад хүмүүст хандаж сэрэмжлүүлэх зүйл юу байна?
-Бүсгүйчүүдэд хэлэхэд ерөөсөө БИТГИЙ АЙ гэж хэлмээр байна. Одоо л бүгдээрээ зогсооё. Монгол эмэгтэйчүүд амьдралын төлөө зүтгэж байна. Тэднийг ингэж болохгүй. Монгол Улс мундаг байсан бол хүний нутагт визгүй энэ бүхнийг тэвчээд байхгүй байсан. Монгол Улс үнэхээр хүчин мөхөс байгааг би мэдэрлээ. ЭСЯ-ны хүнд ч "Манай улс бол үнэхээр сул дорой юм" гэдгийг хэлсэн. Том гүрэн байсан бол яах байсан болоо.
Ярилцсан: Г.Ууганбаяр Сөүл хот