/2023.03.20/ МҮХАҮТ-ын дэргэдэх Бизнес академиас Харвард Бизнесийн сургуулийн “Харвардын Менеж-Ментор” сургалтыг явуулдаг. Энэ сургалтын 4 дэх төгсөлт өнгөрөгч баасан гарагт боллоо.
Уг менежментийн сургалт нь өөрийгөө удирдах, бусдыг удирдах, бизнес удирдах гэсэн үндсэн гурван хэсэгтэй, 42 модуль сэдэвтэй. Үүгээр дамжуулан компанийн удирдлагууд манлайлах ур чадвараа дээшлүүлж, карьераа өсгөх боломжтой юм. Хөтөлбөр нийт 5 сарын хугацаанд үргэлжлэх бөгөөд энэ сарын 17-ны өдөр Харвард Бизнес Паблишингийн албан ёсны сертификатыг 50 гаруй CEO-д гардууллаа.
Бизнесийнхэнтэй ажилладаг МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшинээс тус сургалтын зорилго, ач холбогдлын талаар тодруулахад:
-Манай боловсролын системд практикт суурилсан хөтөлбөрүүд дутагдалтай байдаг. Судалгаанаас үзэхэд их дээд сургууль төгсөгчид хувийн хэвшлийн компаниудын шаардлагыг хангах тал дээр сул байна. Мөн дундаас дээш түвшний удирдах албан тушаалтнууд дэлхийн бизнесийн чиг хандлагатай хөл нийлүүлж чадаж байна уу гэвэл үүнд маш том орон зай дутагдалтай байгаа. Бид бизнесийн ёс зүй, хариуцлага, гадаад зах зээлтэй хамтран ажиллах талаар ярьдаг. Тэгвэл уг хөтөлбөрөөр дамжуулан маш том шинэ үеийн давлагааг бий болгохоор зорьж байна гэсэн юм.
Мөн түүнээс бизнес эрхлэгчдийг чадавхжуулж дэмжих нь эдийн засагт ямар эерэг нөлөөтэй байх талаар асуухад, "Хувийн хэвшлийнхнийг дэмжих нь энэ нийгмийн суурь. Ингэж байж иргэд ажил, орлоготой байна. Хувийн хэвшилд суурилахгүйгээр улс орны хөгжлийг ярих ямар ч боломжгүй. Боловсрол, эрүүл мэндийн тогтолцоо гээд маш олон асуудал энэ улсад бий. Үүнийг хувийн хэвшлийг дэмжих замаар л шийдэх боломжтой" хэмээлээ.
Танхимын зүгээс 2020 оноос эхлэн энэ хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлжээ. Тэд дэлхийн түвшний 1000 CEO бэлтгэхээр зорьж буй бөгөөд өнөөдрийн байдлаар “Харвардын Менеж-Ментор” хөтөлбөрийг 280 гаруй манлайлагчид төгсөөд байгаа талаар онцоллоо.
Сургалтын чанарын талаар төгсөгч, "Агула даатгал" ХХК-ийн Маркетингийн зөвлөх Б.Цацралаас асуухад:
-Харвардын албан ёсны эрхтэй энэхүү сургалтын хөтөлбөрийг монгол багш нартай хамтарч хийсэн нь илүү үр өгөөжтэй байлаа. Монголын хөрсөнд буулгаж, бизнестээ шууд ашиглах боломжийг олгосон нь сургалтын давуу тал гэж харж байна. Өөрөөр хэлбэл, бизнесийнхээ өдөр тутмын үйл ажиллагаа, санхүү, стратеги төлөвлөлтдөө хэрэгжүүлэх боломжтой практик, онол хосолсон сургалт болж чадсан гэв.
Уг хөтөлбөр дэлхийд нэртэй эксперт, манлайлагчдын хамгийн сүүлийн үеийн чухал санаа, сэтгэлгээ, судалгаа, практикаар батлагдсан гэдгээрээ давуу юм. Мөн тасралтгүй шинэчлэгддэг цогц сургалтын платформ гэдгээрээ онцлог хэмээн чиглүүлэгч багш нар хэлж байлаа.
Сургалтаас олж авсан мэдлэгээ цаашид хэрхэн компанийн үйл ажиллагаатайгаа уялдуулан ажиллахаар зорьж байгаа талаар төгсөгч, "Премиум групп"-ийн Мэдээллийн технологийн албаны дарга Р.Гал-Эрдэнэтэй тодруулахад:
-Сургалт маань Харвардын стандартын дагуу явагддаг. Мөн суралцах явцдаа компани дээрээ шууд хэрэгжүүлэх боломжтой байсан учир нэлээд өгөөжтэй байлаа. Миний хувьд цаашид байгууллагадаа мэдлэгээ хуваалцах аян зохион байгуулахаар төлөвлөж байна. Зөвхөн би суралцах биш нийтээрээ бие биенээсээ суралцах боломжийг бүрдүүлэхийг зорьж байгаа хэмээв.
Бизнес эрхлэгчдэд энэ төрлийн сургалтыг олгох нь хувь хүн хийгээд компанийн хувьд ямар маш олон давуу талтай байдаг талаар Д.Асралт ярьж байв. Юуны түрүүнд хувь хүнийхээ хувь манлайллын ур чадварыг дээшлүүлнэ. Цаашилбал яг одоо цаг үед бизнесийн салбарт гарч буй өөрчлөлтүүд, ирэх 20 жилийн өнгө төрх ямар байхыг судалж, энэ талын мэдлэг мэдээллийг цаг алдалгүй авах боломжийг нээж өгч байгааг дурдсан юм.
Мөн Менежментийн зөвлөх П.Батхишиг:
-Бизнесүүд улам нээлттэй болж, гаднын компаниуд манайд нэлээд орж ирж, монголын компаниуд ч гэсэн гадагшаа гарч байна. Үүнийг дагаад бид хүссэн хүсээгүй глобал өрсөлдөөнд орж байна. Тиймээс гаднын томоохон компаниудтай өрсөлдөхүйц хэмжээний бизнесүүдийг бэлтгэх хэрэгтэй болж байгаа юм. Энэ утгаараа 5 сарын хөтөлбөрийг удирдах албан тушаалтнуудад хүргэж байна. Нэг талдаа хувь хүний зүгээс энэ нь маш том хөрөнгө оруулалт. Нөгөө талдаа компанийнхаа үйл ажиллагааг дүгнээд сайжруулах боломж олгож буйгаараа нэлээд ололттой сургалт юм гэлээ.
Хөтөлбөрийн дараагийн үе шат энэ оны гуравдугаар сарын 27-нд эхэлнэ. Та сургалтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Бизнес академи пэйж хуудас болон Монголын Үндэсний Худалдаа аж үйлдвэрийн танхимаас авах боломжтой.