Northeastern Их Сургуулийн хүндэт профессор, татагдсан эшлэлүүдээрээ судлаачдын топ нэг хувьд багтдаг сэтгэл судлал болон мэдрэл судлалын салбарын тэргүүлэх судлаач, доктор Лиза Фелдман Барретт өөрийн олон жилийн ажлын туршлага, судалгаан дээр тулгуурлан хүүхдээ уян хатан, тэсвэртэй, гутардаггүй бодол сэтгэлгээтэй болгож өсгөхөд туслах дараах долоон зөвлөгөөг өгч байна.
Хүүхдийн тархи бол том хүний жижигрүүлсэн тархи биш. Дэлхийтэй өөрийгөө холбож байгаа бүтээн байгуулалтын шатандаа явж буй тархи. Тиймээс эцэг эхийн оролцоо маш чухал.
Мужаан биш цэцэрлэгч бай
Мужаан хүн модыг өөрийн хүссэн хэлбэрээрээ сийлдэг бол цэцэрлэгчид үржил шимтэй газар бүрэлдүүлж аливаа зүйлийг бие даан ургахад тусладаг. Үүний нэгэн адилаар эцэг эх хүүхдээ хийлч, төгөлдөр хуурч гэх мэт тодорхой хэн нэгэн болгон урлах эсвэл хүүхэд өөрийнх нь хүссэн чиглэлд эрүүл өсөлтийг нь дэмжих орчинг бүрдүүлж чадна.
Та хүүхдээ симфони оркестрийн бүрэлдхүүнд багтаж хийл тоглохыг харахыг хүсэж болох ч хөгжмийн хичээлд албадах нь хөгжмийг тааламжгүй гэж хүлээж авдаг уран бүтээлчийг бий болгож магадгүй юм. Харин цэцэрлэгчийн арга барил бол гэрийн эргэн тойронд хөгжмийн зэмсгийг орлох янз бүрийн боломжуудыг бий болгож, аль нь хүүхдийн тань сонирхлыг татаж байгааг олж мэдэх явдал юм. Жишээ нь хүүхэд тань тогоо шанага нүдэх дуртай бол магадгүй рок хамтлагын бөмбөрчин бий болж байгаа нь энэ байх. Та ямар төрлийн ургамал тарьж ургуулж байгаагаа ойлгосны дараа үндэслэж, цэцэглэхэд нь тохирсон хөрс бэлдэх боломжтой.
Хүүхэдтэйгээ МАШ ИХ ярилцаж бас ном уншиж өгөх
Судалгаанаас харахад хүүхдүүд үгийн утга ойлгодоггүй хэдхэн сартай байхдаа хүртэл тархи нь ажиллаж сонссон үгсээ ашигладаг байна. Энэ нь суралцах мэдрэлийн үндэс суурийг бий болгодог. Тиймээс хэр их үг сонсоно төдий чинээгээр үр дүнд сайнаар нөлөөлнө.
Мөн илүү сайн үгсийн сантай, уншиж ойлгох чадвартай болно. Ялангуяа сэтгэл хөдлөлийн үгсийг заах нь тус нэмэртэй байдаг. Ийм үгс илүү ихийг мэдэх тусам илүү уян хатан үйлдэл хийх чадамжтай болно. Бусад хүмүүсийн сэтгэл хөдлөлийн талаар дэлгэрэнгүй тайлбарлах замаар энэ зөвлөгөөг хэрэгжүүлээрэй. Сэтгэл хөдлөлийг юу үүсгэдэг, хэн нэгэнд хэрхэн нөлөөлж болох талаар ярилцах хэрэгтэй: “Тэр уйлж буй хүүг харж байна уу? Унаж өвдгөө шалбалснаас болж өвдөлт мэдэрч байна. Тэр хүү гуниглаж байгаа нь эцэг эхдээ тэврүүлэхийг хүсч байгаа байх" гэх мэт.
Хүмүүсийн нууцлаг ертөнц, тэдний хөдөлгөөн, дуу чимээгээр дамжуулан хүүхдүүдийнхээ аяллын хөтөч гэж өөрийгөө бодоорой.
Юмсыг тайлбарла
Зогсолтгүй “Яагаад?” гэсэн асуулт ядармаар, залхмаар санагдуулж болно. Гэхдээ та аливаа нэг зүйлийг тайлбарласнаар түүний мэдэхгүй цоо шинэ зүйлийг ойлгомжтой, таамаглах боломжтой болгож өгдөг. Аливаа зүйлийг сайн таамаглаж чаддаг үед хүний тархи илүү үр дүнтэй ажилладаг. “Би хэлж байгаа болохоор” гэж “Яагаад” гэсэн асуултад хариулахаас зайлсхийгээрэй. Хүүхдүүд ямарваа нэг үйлдлийн уг учир шалтгааныг мэддэг байх тусмаа өөрсдийн үйлдлээ илүү үр дүнтэй зохицуулж чаддаг. Жишээ нь: Бүх жигнэмгийг нэг дор идэж болохгүй гэдгийг хэрвээ “чи бүгдийг нь идчихвэл асуудалд орно” гэх байдлаар хэлэх нь дараа нь эцэг эх байхгүй үед хүүхдэд энэхүү ухамсар бодол нь тус болж чадахгүй. Харин “Би бүх жигнэмгийг нэг дор идэж болохгүй яагаад гэвэл миний гэдэс өвдөнө, бас амттан байхгүй болчихвол ах эгч хоёр сэтгэл дундуур байна” гэж ойлгуулах ч юм уу. Энэхүү үндэслэл нь тэдний үйлийн үр дагаврыг ухамсарлахад тусалдаг бөгөөд өрөвдөх сэтгэлийг мөн бий болгоно.
Тухайн хүнийг биш үйл явдлыг тайлбарла
Хэрвээ хүү чинь охины чинь толгойг цохиод авбал хүүгээ “муу хүүхэд” гэж бүү дуудаарай. Харин түүний оронд: “Эгчийгээ цохихоо боль. Эгч чинь өвдөж бас түүнийг бухимдуулж байна. Түүнээс уучлал гуй” гэж маш тодорхой тайлбарлах хэрэгтэй.
Магтаалд ч мөн адил энэ дүрэм үйлчилнэ. “Сайн охин” гэхийн оронд түүний үйлдэлд “ахыгаа эргүүлж цохилгүй сайн сонголт хийсэн, зөв зүйл хийлээ” гэх маягаар сэтгэгдлээ хэлээрэй. Иймэрхүү үгс нь тухайн хүүхдийн тархинд өөрийн үйлдлүүд болон өөрийнхөө тухай илүү хэрэгтэй ойлголтыг бий болгоход тусална.
Өөр нэг санал болгох зүйл нь үлгэрийн баатруудын үйлдлүүдийг тайлбарлаарай. Хэрвээ хэн нэгэн нь үнэнийг хэлж чадахгүй бол тэр хүний тухай “Тэр бол худалч” гэж бүү хэлээрэй яагаад гэвэл хэн нэгний талаар дүгнэлт хийсэн болох учир, харин “Тэр худал ярив” гэж хэлэх нь түүний үйлдлийг тайлбарлаж буй. “Яагаад тэр ингэх болов? Бусад хүмүүс энэ талаар олж мэдвэл яаж хүлээж авах бол? Тэд түүнийг уучлах болов уу?” гэх мэтчилэн үргэлжлүүлэн асуугаарай.
Ингэж хэлснээр энэ хүн худалч биш бөгөөд тодорхой нэг нөхцөлд худал ярьсан гэж ойлголт өгнө. Магадгүй тэр бусад нөхцөлд илүү шударга байх байсан гэдгийг ойлгуулдаг. Тодорхой, баталгаатай нөхцлөөр биш харин сониуч зан дээр нь тулгуурлан бодит нөхцөл байдалд хэрэгтэй хүүхдийн уян хатан байдлыг загварчилж буй нэг хэлбэр юм.
Таныг хуулбарлахад хүүхдүүддээ туслаарай
Хүүхдүүд харж, тоглож, хамгийн ихээр томчуудыг дуурайж хуулбарлах замаар элдэв зүйлсд аяндаа суралцдаг. Томчуудыг хуулбарлан суралцах нь үр дүнтэй арга бөгөөд хийж байгаа зүйлсээ төгс эзэмшиж байгаа мэдрэмжийг тэдэнд өгдөг.
Бидний хувьд ажил гэж хардаг гэрээ цэвэрлэх, зуслангийн зүлэг ногоогоо тэгшлэх нь хүүхдүүдийн хувьд тоглоом зугаа байж болдог. Тиймээс хүүхдүүддээ жижиг тоглоомон шүүр, хүрз, зүлэг хадагч өгөөд өөрсдийгөө дуурайлгаж эхэлцгээе. Нэг сэрэмжлүүлэг, бяцхан хүүхдүүд маань сайн муу бүх зүйлийг дуурайдаг гэдгийг мөн санаарай.
Хүүхдүүдийг олон (аюулгүй) хүнтэй уулзуулах
Эмээ, өвөө, авга, нагац, найз нөхөд болон бусад тогтмол уулздаг хүүхдүүдээс гадна аль болох бага балчир үед нь олон төрлийн хүмүүстэй уулзуулах хэрэгтэй.
Судалгаанаас үзэхэд өөр өөр хэлээр ярьдаг хүмүүстэй тогтмол харилцдаг нялх хүүхдүүд ирээдүйд бусад хэлийг сурахад нь туслах тархины чухал холболтууд хадгалагдаж байдаг байна. Үүнтэй нэгэн адил нялх байхдаа олон царай хардаг байсан хүүхдүүд хожим насандаа илүү олон төрлийн царайг ялгаж, санах чадвартай өөрсдийгөө болгож чаддаг.
Энэ нь арьс өнгөөр ялгаварлах үзлийн эсрэг хийх хамгийн энгийн алхам байж магадгүй.
Дэмжих агентлаг
Хүүхдүүд хувцас өмсөх, оньсого эвлүүлэх гэх мэт зүйлсийг таны тусламжгүйгээр бие даан туршиж үзэх дуртай. Энэ бол сайн зүйл. Тэд өөрсдийгөө удирдах, хянах, сонгох мэдрэмжийг хөгжүүлэхийг та ч гэсэн хүсч байгаа.
Буруу зан мэт харагдах үйлдлүүд ч гэсэн хүүхдийн ертөнцийг танин мэдэх, өөрсдийн үйлдэл ямар нөлөө үзүүлж болохыг ойлгох гэсэн оролдлого байж болно. Хоёр настай бяцхан сахиусан тэнгэр чинь хоолоо газар шидээд таныг авахыг хүлээж байгаа нь таныг удирдах гэсэндээ биш. Харин түүний үйлдлүүд эргэн тойрны ертөнцөд яаж нөлөөлдгийг танин мэдэх гэсэн, дэлхийн таталцал хэрхэн үйлчилж байгааг харан сурч буй нь тэр.
Тиймээс хоолыг нь ахиад аваад өг. Хүүхдийнхээ үйл ажиллагаанд хэзээ оролцож, хэзээ хөндлөнгөөс ажиглах ёстой гэдгийг мэдэхэд хэцүү. Гэхдээ хэрвээ та үргэлж хүүхдийнхээ хажууд байж, бүхий л зүйлийг нь зааварлаж, бүх хэрэгцээг нь хангаад байвал тэд өөрсдөө юм хийж сурдаггүй. Тиймээс заримдаа тэднийг өөрсдөөр нь байлгаж тэсвэр хатуужлыг нь нэмэгдүүлж, үйлдлийнхээ үр дагаврыг ойлгоход нь тусла.
Эх сурвалж: www.cnbc.com