/2023.3.16/ Байгаль орчин аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ дуучин Д.Болдод Богд уулын аманд газар олгосон гэх асуудлаар тодруулга өглөө. Б.Бат-Эрдэнэ:
-Дуучин Д.Болд долоон жилийн өмнө Нүхтийн аманд орон сууц буюу хаус худалдаж авсан юм билээ. Энэ үйл ажиллагаатай холбоотой үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гарах болж, газар олголт хийгдсэн. Тэгэхээр сошиалд яриагдаад байгаа шиг 2,7 га газар биш, бэлэглэлийн гэрээ бол бас биш. Харин хуульд заасан дагуу газрыг нь олгосон.
Зөвхөн Д.Болдтой холбоотой бус бусад хаусуудын үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргасан. Үндсэн хууль, Иргэний хуульд Эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгөтэй холбоотой, 84, 85, 86 дугаар зүйл дээр зааж өгсөн байгаа.
Мөн Горхи Тэрэлжтэй холбоотой 48 уугуул иргэнд газар олголт хийсэн. Энэ дотор Кёкүшюзан Батбаяр болон Т.Баясгалан нар орсон юм байна гэв. Горхи Тэрэлж болон Богд уулын аманд амьдарч байгаа нутгийн уугуул иргэд компаниудад газраа зарсан тохиолдол цөөнгүй байдаг байна. Цаашид энэ үйл ажиллагааг зогсооно гэдгийг сайд мэдэгдлээ. Соёмботой уулын энгэрт амьдардаг айлуудыг аюулгүй байдлыг нь хангах улмаас буюу үерийн амнаас холдуулахаар нүүлгэн шилжүүлэх шийдвэрийг гаргасан байна.
Б.Бат-Эрдэнэ сайдын өгүүлж буйгаар ТНБД-ын шийдвэрээр ажлын хэсэг байгуулж, аливаа газар олгох баримт бичигт сайдын өмнө гарын үсэг зурдаг хүн нь АТГ-ын комиссар гарын үсэг зурдаг ажээ.
Соёмботой уулан дээр барилга барих зөвшөөрөл өгчихсөн байсан гэх мэдээллийг мөн өглөө. "Соёмботой уулыг бид ухуулахгүй, газраа өөр газарт сонго" гэдэг шаардлагыг өгсөн, УИХ-ын гишүүний дүүтэй холбоотой асуудал. Тогтоогдоогүй учир энэ талаарх мэдээлэл өгөх боломжгүй байна гэв.