СУРВАЛЖИЛГА: Нэгдүгээрт, аюулгүй байдал!
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СУРВАЛЖИЛГА: Нэгдүгээрт, аюулгүй байдал!

Өглөөний 7 цаг 20 минут. Ханбумбат нисэх буудал. Биднийг буухад говийн нар аль хэдий нь мандсан байв. Буух ээлжээ хүлээх зуурт Улаанбаатараас гарахдаа өөрийн байх хугацаан дахь Өмнөговь аймгийн цаг агаарын төлвийг харснаа саналаа. "+12, +... " гэсэн бодол зурсхийнэ. Ямартай ч нэмэх градус гэж бодон онгоцны хаалгаар дөнгөж цухуймагц хүйтэн, жихүүн салхи өөдөөс угтав. Тиймээс түргэхэн шиг дулаан газар бараадхаар нисэх буудал руу зүглэлээ.

7 цаг 50 минут. Сэтгүүлчид нэгдсэн журмаар автобусанд суун Ханбумбат нисэх буудлаас Оюу толгойн зүг хөдөллөө. Ойролцоогоор 14 км яваад хүрэх газартаа ирэв. Тийм ч хол биш юм. Гэхдээ үүрийн 3.00 цагт боссон бидний зарим нэг нь замдаа дуг хийн, нойроо авах хугацаа өнгөрсөн. Зам нь хучилттай биш ч донсолгоогүй. Тиймээс хучилттай зам дээр явж буйгаас ялгаагүй байлаа. Ингээд бид зорьсон газартаа ирлээ. Өнөөдөр ил уурхай, геологийн лаборатори, хүнд машин механизмын засварын цех зэргийг үзэж сонирхоно. Мэдээж аяллын хамгийн чухал хэсэг болох гүний уурхайтай танилцана.

“Уурхайчдын хот”

Уншигч таныг чилээхгүйн тулд шуудхан гүний уурхайн аялал руу шилжье. Та бүхний мэдэж байгаачлан Оюу толгойн бүлэг ордын 80 хувь нь газрын гүнд байрладаг. Мөн ил уурхайн ордтой харьцуулахад гүнд буй бүлэг орд нь эрдсийн өндөр агууламжтай. Газрын гадаргаас 700 метрийн гүнээс эхлэн үргэлжлэх эдгээр ордыг ил уурхайн аргаар олборлох боломжгүй учир гүний уурхай хэмээн нэрийджээ.

Уурхайн талбай гэдэг тусгай бүс гэсэн үг. Тиймээс зааварлагчид хамгийн түрүүнд бидний аюулгүй байдалд анхаарлаа. Гүний уурхайд ороход хүн бүр бээлий, нүдний шил, чихний бөглөөс, GPS, хамгаалалтын малгай зэргээр бүрэн тоноглох ёстой. Түүнчлэн гутлаа сольж, уурхайд өмсөх зориулалттай хүнд, шар гутал өмслөө. Мөн өөрийг тань гүний уурхайд орсон гэдгийг илтгэх ID карт өгнө. Үүнийгээ уурхайд орохоос өмнө самбарт өлгөж улмаар цааш явах юм. Ингээд бид 300 хүний багтаамжтай лифтээр газрын гадаргаас доош 1300 метрийн гүн рүү буулаа. Доошлох тусам агаарын даралт ихсэж байсан тул хэсэгхэн зуурт чих сонсох мэдрэмжээ алдав. Ойролцоогоор 3 гаруй минутын дараа бид 1.3 км-ын гүнд бууж ирлээ.

Гүний уурхайд +20 хэм. Газрын гүнд автобус явж байна. Мөн лифтнээс дөнгөж буухад цементээр бүрж, эрэг боолтоор бэхэлсэн саарал хана нүдэнд тусав. Дээр хэлсэнчлэн уурхайн хамгийн гол дүрэм бол аюулгүй байдал. Иймд нуралт үүсгэхгүйн тулд таазанд 8 метр, хананд 6 метрийн урттай тросон боолтыг өрөмдөн, хана, таазны чулуулгийг бэхэлжээ.

Бид хөтөч нараа даган арав арваараа хуваагдаж хуваарилагдсан автобусууд руугаа явлаа. Хамгийн эхний зогсоол бол анхдагч бутлуур. Энэ нь 1300 метрийн гүнээс доош 20 метрийн гүнд байрладаг бөгөөд өндрөөрөө Улсын их дэлгүүртэй тэнцэх аж. Анхдагч бутлуурт тэсэлгээ хийн нураасан хүдрийн биет, чулуулгийг тээвэрлэн авчирдаг байна. Үүний дараагаар буталсан хүдрийг туузан дамжуулагч эсвэл үйлдвэрлэлийн амаар тээвэрлэн гадарга дахь баяжуулах үйлдвэрт хүргэдэг ажээ.

Гүний уурхайг олборлох маш олон арга байдаг. Харин Хюга Даммет ордын хувьд чулуулгийн нөхцөл, геотехник, эдийн засгийн үр ашиг талаасаа “блоклон олборлох арга” нь гүнийн олборлолт хийхэд хамгийн тохиромжтой ажээ. Хэдийгээр бүтээн байгуулалт эхлэхээс өмнөх шат буюу дэд бүтэц, хөрөнгө оруулалтад маш өндөр зардал гаргасан ч уурхайн үйл ажиллагаа жигдэрсний дараагаар бусад олборлох аргуудтай харьцуулахад маш бага зардалтай байх гэнэ. Түүнчлэн аюулгүй байдал талаасаа хамгийн найдвартай аргачлал хэмээн уурхайн ажилтан хэлэв.

Үүний дараагаар хүдрийн бутлууртай танилцахаар автобусандаа суулаа. Хүрэх газартаа очих хүртэл хэд хэдэн хонгилын хажуугаар өнгөрөв. Одоогоор нийт 18 хонгил үүсгээд байгаа бөгөөд хүдрийг олборлож дуусахад 300 гаруй болно хэмээн Оюу толгойн ажилчид онцоллоо.

Уурхай хойноосоо урагш 12 км сунаж тогтжээ. Гүний уурхай Хюго Дамметтын хойд бүс, Хюго Дамметтын өмнөд бүс, Оюут болон Херуга гэсэн хүдрийн биетээс бүрддэг байна. Бид багагүй зам туулсны эцэст хүдрийн бутлуур дээр ирлээ. Энд олборлосон хүдрийг бутлаад туузан конвейрээр дамжуулан газрын гадаргад хүргэдэг. Нийтдээ 8.2 километр урттай дамжуургыг туулж, далд уурхайгаас олборлосон хүдэр газар дээр ийн гарна. Ингээд ил уурхайгаас олборлодог хүдрийн хамт, нэг туузан дамжуургаар баяжуулах үйлдвэрт очиж эцсийн бүтээгдэхүүн болох зэсийн баяжмалаа гарган авна.

Ийнхүү бид гүний уурхайд хоёр цагийг өнгөрүүлж ерөнхийдөө аялал өндөрлөлөө. Газрын гадаргаас 1300 метрийн гүнд оффис, авто засварын төв, автобус холхиж байна гэвэл танд төсөөлөгдөж байна уу. Үүгээр ч зогсохгүй орчин үеийн ариун цэврийн байгууламжтай хоргодох байр, шатахуунаа дүүргэх боломжтой түгээгүүр байна гэвэл бүр ч итгэмээргүй байх. Гэхдээ энэ бүхнийг бодитоор үзсэн хүний хувьд Оюу толгойчууд газар доор "уурхайчдын хот" байгуулжээ...

“Уурхай бүрэн чадлаараа ажиллаж эхлэвэл жилд 500 мянган тонн зэсийн баяжмал үйлдвэрлэнэ”

Оюутолгойн ил уурхайгаас жилд 40 сая тонн хүдэр гардаг. Харин ил болон гүний уурхай бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхлэхэд жилд 500 мянган тонн зэс олборлох юм. Тооцоолж буйгаар уурхай 2028-2036 онд бүрэн хүчин чадлаараа ажиллана.

Зөвхөн Оюу толгой, Эрдэнэт үйлдвэр хоёр гэхэд Монгол Улсын төсөвт 2.2 их наяд төгрөгийн татвар төлдөг талаар Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар ярьсан юм.

Мөн гүний уурхай ашиглалтад орсноор эдийн засаг болон улсад оруулах үр өгөөж багадаа 3 дахин нэмэгдэнэ хэмээн Сангийн сайд Б.Жавхлан мэдэгдээд буй.

Үүнээс гадна шинжээчдийн хэлж буйгаар цаашид ч зэсийн хэрэглээ өссөөр байх бөгөөд эсрэгээрээ нийлүүлэлт нь эрэлтээ гүйцэхгүй байх магадлалтай байна. Мөн энэ байдал дэлхий нийтээр 2030 он хүртэл үргэлжлэх төлөвтэй байгаа юм. Тэгэхээр бид хамгийн эрэлт өндөртэй, тохиромжтой цаг үед бүтээгдэхүүнээ экспортод гаргахаар байна хэмээн “Рио Тинто” группийн Монгол дахь үйл ажиллагаа эрхэлсэн захирал Х.Амаржаргал ярьж байлаа. Мөн түүний хэлснээр Оюу толгой төслийн борлуулалтын орлого, хөрөнгө оруулалт 100 хувь Монголбанкаар дамжин Монгол Улсад орж ирдэг байна. Улмаар гадаад валютын нөөц болон төгрөгийн ханшийн тогтвортой байдлыг хангахад дэмжлэг үзүүлдэг ажээ. Тухайлбал, өнгөрсөн онд 1.6 тэрбум ам долларыг Монгол Улсад оруулж ирсэн байна.

Цаашид манай улс дан ганц зэсийн баяжмал гаргах бус эцсийн бүтээгдэхүүн гаргахаар зэхэж буй. Үүнийг дагаад аж үйдвэрлэл хөгжиж, эдийн засаг сэргэж эхэлнэ гэсэн хүлээлт бий.

Өнөөдөр ХААНА, ЮУ болох вэ
Өнөөдөр ХААНА, ЮУ болох вэ
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.