Mpress.mn мэдээллийн сайт Өмнөговь аймгийн Ханбогд суманд байрлах Оюу толгойн гүний уурхайн нээлтийг сурвалжиллаа. Олон жил яригдсан энэхүү уурхайн нээлт өчигдөр буюу энэ сарын 13-ны өдөр болж, Монгол Улс олон улсын зах зээлд зэсийн томоохон тоглогчдын нэг болох сууриа тавилаа.
Ёслолын үйл ажиллагаанд Ерөнхий сайд болон Засгийн газрын бусад гишүүд, УИХ-ын зарим гишүүд ирж оролцсон юм. Ингээд Оюу толгойн гүний уурхайтай холбоотойгоор байр сууриа илэрхийлсэн албан тушаалтнуудын онцлох асуулт, хариултыг хүргэж байна.
Гүний уурхай ашиглалтад орсноор эдийн засагт ямар эерэг өөрчлөлтүүд гарах вэ. Энэ талаар тодорхой хэлж өгөөч?
Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар:
-Оюу толгой ордын нөөцийн 80 хувь нь гүндээ байдаг. Олон жилийн дараа гүний уурхай ашиглалтад орж байна. Хамгийн гол бидний хүсэж, хүлээж буй зүйл бол 2028-2036 оны хооронд 500 мянган тонн цэвэр зэс гаргахаар төлөвлөж байгаа. Та бүхний мэдэж байгаачлан Монгол Улс "Оюу толгой", "Эрдэнэт" гэсэн хоёр том зэсийн үйлдвэртэй. Зөвхөн энэ хоёр үйлдвэр Монгол Улсад 2.2 их наяд төгрөгийн татвар төлдөг. Харин "ЭТТ" ХК улсад 1.5 их наяд төгрөг төлдаг. Тэгэхээр улсын хэмжээнд төлөгдөж буй татварын хэмжээгээр дээрх хоёр зэсийн үйлдвэр тэргүүлж байна.
Дэлхий дахинд зэсийн хэрэглээ нэмэгдэж байна. Тиймээс Монгол Улс дэлхийн зэсийн томоохон тоглогч болж хувирах ёстой. Үүнийг дагаад улс хөгжиж, иргэдийн амьдралын түвшин дээшилнэ.
Одоо бол бид зөвхөн зэсийн баяжмал гаргаж байгаа. Тэгвэл бид зэсийн эцсийн бүтээгдэхүүн гаргаж, зэс хайлуулах үйлдвэр барьж байгуулах тухай санамж бичигт гарын үсэг зурлаа.
"Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын Ерөнхий захирал Г.Ёндон:
-Гүний уурхай ашиглалтад орж байгаа нь олон талын ач холбогдолтой. Далхий дахинд зэсийн өсөн нэмэгдэж буй хэрэгцээг хангаж чадах уу, үгүй гэх асуудал маш чухал байна. Яг энэ үед Оюу толгойн өндөр хүчин чадалтай гүний уурхай ашиглалтад орж байна. Гүний уурхай ашиглалтад орж байгаа нь дэлхий дахинд ач холбогдолтой. Тухайлбал, борлуултын орлого гурав дахин нэмэгдэнэ. Яг ижил тооны хүдрийг баяжуулах ч авах баяжмалын хэмжээ гурав дахин нэмэгдэж эхэлнэ. Энэ талаас яривал эдийн засагт маш зөв мөнгөн урсгалыг бий болгоно.
-Ус ашиглах асуудалд дээр хөрөнгө оруулагч тал ямар байр суурьтай байгаа вэ?
Сангийн сайд Б.Жавхлан:
-Үүнийг олон жил судалсан. Аль болох бүс нутагтаа ээлтэй, дэлхийн стандартад нийцсэн, мөн байгальд ямар нэг сөрөг үр дагавар үүсгэхгүй байхаар шийдсэн гэсэн дүгнэлтэд хүрлээ.
Оюу толгойн уурхайн ажилтнууд нь кэмпид байрладаг. Энд хөгжил цэцэглэлт гэж зүйл үлдэхгүй юу, хот байгуулж болдоггүй юм уу?
Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар:
-Жил бүр таван сая доллар буюу нийт 50 сая ам.долларын хүрээнд Ханбогдын ерөнхий төлөвлөгөөний хүрээнд Ханбогд хот болгон хөгжүүлэх санхүүжилтийн гэрээнд өнгөрөгч 2022 онд гарын үсэг зурагдсан. 2013 оноос ил уурхайн олборлолтын үйл ажиллагаа эхэлсэн, өнөөдрөөс далд уурхайн үйл ажиллагаа жигдэрч байна. Тэгэхээр цаашдаа манай улсын эдийн засаг улам бүр тэлэх боломжтой.
-Оюу толгой цахилгааны хэрэглээний талаар ямар байр суурьтай байна вэ?
Рио Тинто компанийн Зэсийн группийн захирал Б.Болд:
-Оюу толгой эрчим хүч худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Энэ нь олон улсад болон Монгол Улсад хүлээн зөвшөөрөгдсөн стандартын гэрээ учир, төрөөс Тавантолгойн цахилгаан станц бэлэн болох үед бэлэн гэрээ байгаа гэсэн үг. Гэхдээ говийн сэргээгдэх эрчим хүчний нөөц байгаа учир түүнийг хэрхэн ашиглаж болох талаарх судалгааг хийж байна.
-Зэс боловсруулах үйлдвэрийн талаар?
-Зэс боловсруулах үйлдвэр бол Ч.Хүрэлбаатар сайд бидний олон жил ярьж, мөрөөдөж ирсэн төсөл юм. Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээнд “Зэс боловсруулах үйлдвэр байгуулах судалгааг хийнэ” гэсэн заалттай. Энэ судалгаа хамгийн сүүлд 2016 онд хийгдэж байсан. Уул уурхайн салбарын хөгжил нэлээд сайжирсан учир Эдийн засгийн хөгжлийн яамтай хамтран Монгол Улсад ашигтайгаар яаж хийх вэ гэдэгт анхаарна. Мөн зэсийн эцсийн бүтээгдэхүүн гаргадаг болвол зэс импортлохоо болино. Мөн хайлуулах үйлдвэрийн эцсийн шатанд өөр ямар төрлийн ховор элемент гаргаж авч болох вэ гэдэг судалгааг хийж байна.
ВИДЕО: