Д.Ням-Осор: Сурагчдын иддэг ПИРОЖКИ нь муутгахгүй, шинэлэг байлгах ТРАНС ТОС ИХЭЭР агуулдаг
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Ням-Осор: Сурагчдын иддэг ПИРОЖКИ нь муутгахгүй, шинэлэг байлгах ТРАНС ТОС ИХЭЭР агуулдаг

Мэдээллийн mpress.mn сайтаас “Дунд, ахлах ангийнханд үдийн хоол өгье” уриалгыг гаргаад байгаа билээ. Энэ хүрээнд ахлах, дунд ангийн сурагчдын өдрийн хоолны чанартай холбоотойгоор АШУҮИС-ийн Шим тэжээл судлалын тэнхимийн багш Д.Ням-Осортой ярилцлаа.

-0-18 насны хүүхдийн өдөрт авах ёстой илчлэгийн хэмжээ хэд байх ёстой вэ?

-Нас бүртээ харилцан адилгүй. Тухайлбал 0-6 сартай хүүхэд 700 ккал орчим илчлэгийг хоногтоо авах ёстой байхад 10 настангууд 1600-1800 ккал орчмыг, 15-18 настай өсвөр насны охидууд 2280 ккал, хөвгүүд 2700 ккал илчлэгтэй хоол, хүнс идэхийг зөвлөдөг. Эрүүл мэндийн сайдын 2017 оны А74 тоот тушаалд нас, хүйсээр нь тодорхой заагаад өгсөн байдаг. Үүн дотроо өсвөр насны хүүхдүүд ялангуяа хамгийн их илчлэг авах ёстой байдаг. Учир нь энэ үед хүүхдүүдийн бодисын солилцоо, өсөлт маш эрчимтэй явагддаг. Хоолоор авах илчлэг, шимт бодисуудын хэрэгцээ ч нэмэгддэг. Иймээс шим тэжээллэг хоол хүнс идэж уураг, өөх тос, нүүрс ус, амин дэм, эрдэс бодисуудыг хангалттай авах ёстой байдаг.

-Тэгвэл манай дунд, ахлах ангийн хүүхдүүд өдөрт авах ёстой шим тэжээлээ хангалттай авч чадаж байна уу?

-АШУҮИС-иас хийсэн судалгаагаар энэ насны хүүхдүүд өөрийн бие махбодын өсөлт, хөгжилд тохирсон хоол хүнс хэрэглэж чадахгүй байна гэсэн судалгааны үр дүн гарсан. Үүнд олон шалтгаан байж болно. Жишээ нь хүүхдүүдийн эрүүл мэндийн боловсрол дутмаг, хооллох амьдралын дадал, хэвшил төлөвшөөгүй, цаг төлөвлөлт муу байгаатай холбоотой.

Үүнээс гадна бидний хийсэн судалгаагаар өсвөр насны хоёр хүүхэд тутмын нэг нь өглөөний цайгаа уухгүй хичээлдээ явдаг гэх үр дүн гарсан. Өглөөний цай уухгүй байна гэдэг өөрөө маш олон сөрөг үр дагавартай байдаг. Өглөөний цай ууснаар тухайн өдөртөө өөрийгөө бэлдэж байна гэсэн үг шүү дээ. Хүүхдийн хоолноос авч буй шимт бодис нь сургууль руугаа явах, дасгал хөдөлгөөн хийх, хичээлдээ төвлөрөх, оюуны хөдөлмөр хийхэд нь зарцуулагдах ёстой. Гэтэл үүнийгээ авч чадахгүй байхаар ходоод хоосон тогтвортой сууж, хичээлээ хийж төвлөрч чадахгүй. Түүнчлэн ядарна.

Өглөө, өдөр нь хангалтгүй хоол идээд, орой ирэхдээ их өлсөж нэг дор их хэмжээний хоол идээд иймэрхүү буруу дадал зуршилтай удаан хугацаагаар явбал насанд хүрсэн хойноо өвчин эмгэгтэй болох эрсдэлтэй. Өдөржингөө юу ч идэхгүй явж байгаад орой их идэх нь хоол боловсруулах эрхтэн системд ачаалал өгч ядраадаг. Ингэхээр бие нозоорч, ядарч гэрийн даалгавар, хичээлээ үр дүнтэй хийх бүтээмж муудах, цагийг үр бүтээлтэй өнгөрөөх боломж багасдаг.

-Уг нь сургуулийн орчинд худалдаалахыг хориглосон хүнсний бүтээгдэхүүн гэж байдаг шүү дээ. Үүний хэрэгжилт хэр байна гэж харж байна вэ?

-Эрүүл мэндийн сайдын 2021 оны А/370 тушаалаар Сургуулийн орчинд худалдаалахыг хориглосон хүнсний бүтээгдэхүүний жагсаалтыг баталсан байдаг. Энэ хүрээнд Ерөнхий боловсролын сургуулийн орчимд ширхэгийн, шарсан хуурсан хоол, хүнс худалдаалахыг хориглодог. Гэвч манай судалгааны багийн ажиглалт хийх явцад сургууль орчим, зарим сургуулийн цайны газарт хориглосон хүнсний бүтээгдэхүүнүүдийг зарж байсан. Үүнийг нь хэн хамгийн их авч иддэг вэ гэхээр үдийн хоолонд хамрагддаггүй хүүхдүүд буюу дунд, ахлах ангийнхан байдаг. Хүүхдүүд бол сургууль дээрээ бэлэн зарагдаж байгаа хоолыг л авна шүү дээ.

10-18 насны хүүхдүүдийн дунд хийсэн судалгаагаар өсвөр насны хүүхдүүдийн 23,5 хувь нь өдөр тутамдаа ширхэгийн хоол, пирожки авч идэж байна. Бараг л 4-5 хүүхэд тутмын нэг нь өдөр бүр пирожки иддэг гэсэн үг.

-Пирожки нь бусад ширхэгийн хоолтой харьцуулбал илчлэг өндөр, мөн хямд үнэтэй учраас хүүхдүүд хамгийн их авч иддэг талаар ярьж байна. Энэхүү бүтээгдэхүүнд агуулагдах илчлэгийн хэмжээ хэр өндөр байдаг вэ?
-Бид худалдааны пирожкины илчлэгийг шинжлүүлэхэд ойролцоогоор нэг пирожкинд 300-400 ккал илчлэг агуулагдаж байна. Энэ нь нэлээд өндөр гэсэн үг. Пирожки мах, гурил орсон хүнс. Эрүүл мэндэд хэрэгтэй аминдэм, эрдэс бодис гэхээр зүйл байхгүй. Эсрэгээрээ тос ихээр агуулдаг.

Ингэхээр тосны чанарын асуудал яригдана. Тосыг олон дахин ашиглах тусам бүтэц нь өөрчлөгдөж хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй транс тос үүсдэг. Хадгалах хугацаа удаантай гурилан бүтээгдэхүүнүүд ихэвчлэн транс тосыг ихээр агуулдаг. Учир нь энэ тос бүтээгдэхүүнийг муутгахгүй, удаан хугацаагаар шинэлэг байлгадаг, илүү амттай болгох шинж чанарыг агуулдаг. Ингээд харвал ширхэгийн хоолнууд нь хүүхдийн хоногт авах ёстой шимт бодисын хэмжээг нөхөж чаддаггүй. Өөрөөр хэлбэл өсөлт хөгжил, хоногийн энерги зарцуулалтад шаардагдах илчлэг, шимт бодисыг өгч чадахгүй.

-Шим тэжээлтэй хоол хүнс хэрэглэж чадахгүй байх нь алсдаа ямар хор уршигтай байх вэ?
-Хүүхдэд ч, яваандаа нийгэмд ч сөрөг үр дагавартай. Зохисгүй хооллосноос болж тухайн хүүхэд өөртөө өвчин л хурааж байна гэсэн үг. Гэрт нэг хүн өвдөхөөр эм, тариа авах шаардлага гардаг. Нэлээд зардал гарч өрхийн санхүүд дарамт учруулдаг. Хүн бүр эрүүл мэнддээ анхаарахгүй яваад байвал яваандаа эрүүл мэндийн тогтолцоонд дарамт учруулах нэг эрсдэл бий болгож байгаа хэрэг.

Эрчимтэй өсөлтийн үед хүүхдүүдийн ясны эзлэх хувь огцом нэмэгддэг. Бодисын солилцоо мөн эрчимтэй явагддаг. Цусны хэмжээ ч нэмэгдэнэ. Мөн үүний хэрээр төмрийн хэрэгцээ их болно. Ялангуяа өсвөр насны охидын төмрийн хэрэгцээ хоёр дахин нэмэгддэг. Тиймээс төмрийн агууламж өндөртэй мах, махан бүтээгдэхүүн хэрэглэх ёстой. Хэрэв энэ хэрэгцээгээ хангаж чадахгүй бол цус багадалттай болох эрсдэлтэй. Цус бол хүний эрхтэн системд бүхий л шимт бодисуудыг дамжуулах үүрэгтэй. Иймд хүн эрүүл саруул, өдрийг эрч хүчтэй, бүтээмжтэй өнгөрөөхийн тулд зайлшгүй шим тэжээллэг хоол хүнсийг өдөр тутамдаа хэрэглэх ёстой байдаг.

-Цаг гарган ярилцсан танд баярлалаа.

ШУУД: “Зөвлөлдөж шийдье“ зөвлөлдөх санал асуулгын хоёр дахь шат
ШУУД: “Зөвлөлдөж шийдье“ зөвлөлдөх санал асуулгын хоёр дахь шат
 
Нийслэлд МАН үнэмлэхуй ялалт байгуулж ХҮН нам суудлаа алдав
Нийслэлд МАН үнэмлэхуй ялалт байгуулж ХҮН нам суудлаа алдав
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.