Г.Мөнгөн: Ямар хүн хадгаламж үүсгэж ЧАДДАГГҮЙ ГЭЭЧ?
Шуурхай мэдээ
 

Г.Мөнгөн: Ямар хүн хадгаламж үүсгэж ЧАДДАГГҮЙ ГЭЭЧ?

Хувь хүний санхүүгийн сахилга бат, хуримтлалын талаар Лектор Г.Мөнгөнийг урьж ярилцлаа.

Тэрээр хамгийн анх хэвлүүлж байсан “Хадгаламж өлсөхөөс эхэлнэ" номоороо олонд танигдаж, үүнээс хойш “Тархины блок”, “Мөнгөө тайван орхи” зэрэг бүтээлээ уншигчдад хүргэсэн билээ.

-Сүүлийн үеийн сонин сайхнаас яриагаа эхэлье. Таны хувьд дахин ном бичихээр төлөвлөж байна уу. Одоогоор юу хийж байна вэ?
-Ирланд Улсад ирж амьдраад сар гаруй болж байна. Ерөнхийдөө тус улсад сурах төлөвлөгөөтэй ирээд байгаа. Үүнээс гадна одоогоор хувь хүний санхүүтэй холбоотой мэдлэг олгох онлайн сургалт зохион байгуулж байна. Мөн дахин ном бичих төлөвлөгөөтэй байгаа. Гэхдээ эцсийн байдлаар хэзээ хэвлэгдэж гарах нь тодорхойгүй байна.

-Эдийн засаг нэлээд хүндрэлтэй байна шүү дээ. Иргэдийн амьдрал өдрөөс өдөрт уруудсаар байна гэж ярьж байна. Яг энэ нөхцөл байдалд иргэдэд хуримтлуулах боломж байна уу?
-Хадгалах гэдэг боломжийн тухай ойлголт биш юм. "Хадгалах боломж олдвол хадгална" гэх ойлголт хүн бүрт байдаг. Учир нь хүмүүс “Юм үнэтэй байна, зардал их байна” гэж шалтаг тоочиж өөртөө “боломжгүй” гэдэг хариултыг өгсөөр байдаг.

Миний хувьд Ирландад ирж амьдраад хэд хэдэн зүйлийг ойлгож байна. Нэгдүгээрт, энд хөдөлмөрлөхгүй л бол амьдрах боломжгүй. 7 хоног ч амьдрах боломжгүй. Учир нь ихэнх хүмүүс байр түрээсэлж, байнгын түрээс төлж амьдардаг. Тиймээс үүнийгээ төлөхөөс өөр арга байхгүй. Хоёрдугаарт, ажлын олдоц муу, маш их хайж байж олддог. Олдлоо гэхэд ихэнхдээ маш хүнд ажлууд байдаг. Гуравдугаарт, ажил хийгээд жаахан мөнгө оллоо гэж бодоход яг тухайн сардаа амьдрахад л хүрэлцдэг. Хүнсээ цуглуулах, түрээсээ төлөх, сургалтын төлбөрөө төлөөд л бараг дуусна. Хадгалах боломж байна уу гэж асууж байсан даа. Ирландад бол боломжгүй юм шиг сонсогдох хэдий ч хүмүүс хадгалсаар л байдаг. Маш завгүй амьдарч, хоёр ажил зэрэг хийдэг. Тэгсэн атлаа хадгалдаг. Тэгэхээр хадгалах боломж гэхээс илүү хадгалах ёстой гэж боддог байх хэрэгтэй. Энэ бол маш чухал дадал.

Хөгжингүй улс орнуудын өнгөрсөн түүхийг харахаар ихэвчлэн хүнд хэцүү цаг үед хадгалах дадлыг хэвшүүлж сурсан байдаг. Тэр үед сурсан дадал, зан төлөв хүмүүсийн нийгмийн амьдралыг сайжрахад нөлөөлсөн гэсэн үг юм. Харин манайханд хуримтлуулдаг зан төлөв тогтоогүй. Тэгсэн атлаа аливаа зүйлийг хийхдээ маш олон хувилбар боддог, маш хурдан шийдвэр гаргах гэж оролддог. Дадал гэдэг богино хугацаанд үр дүнгээ өгчихдөг зүйл биш.

-Хуримтлуулах зан төлөв суулгах хэрэгтэй гэж та хэллээ. Манайхан ер нь яагаад хадгалж чадахгүй байна. Энэ юутай холбоотой вэ?
-Маш олон зүйлээс хамаарна. Надаас зөвлөгөө авч буй хүмүүсийг харахад янз бүрийн шалтгаантай байдаг.

Нэгдүгээрт, аав ээжээсээ хамааралтай байдаг хүмүүс хадгалдаггүй. Яагаад гэвэл эцэг эх нь тухайн хүний асуудлыг шийдээд өгчихдөг. Өрийг нь төлөлцөөд өгдөг, идэх хоолных нь махыг хөдөөнөөс явуулчихдаг, том том зардлуудыг нь шийдэж өгөөд байдаг учир тухайн хүн амьдраад байдаг. Тэр хүн амьдрах аргагүй болох мэдрэмж авдаггүй гэсэн үг.

Хоёрдугаарт, халамж. Халамжийн тогтолцоо хүнд мөнгө хадгалах шалтгаан өгдөггүй. Дараагийн сард дахиад мөнгө ороод ирнэ, дахиад халамжийн мөнгө буучихна гэсэн сэтгэхүйтэй болгодог. Гуравдугаарт, хуримтлуулдаг хүн ойр хавьд нь байхгүй, хүрээлэлгүй хүн хадгалдаггүй. Тухайн хүнд мөнгө хуримтлуулах талаар үлгэр дуурайлал авах хүн байхгүй. Тиймээс санаа зовох гэдэг зүйлийг мэдэрдэггүй. Учир нь эргэн тойронд нь байгаа хүмүүс бүгд ялгаагүй байгаа юм чинь гэсэн байдлаар ханддаг.

Түүнчлэн үзэл бодлын асуудлууд яригдана. “Өрөө төлж дуусчхаад хадгална" гэж боддог хүмүүс байна. Мөнгө хадгалах бол хамгийн тэнэг үйлдэл гэж боддог хүн ч бий. Үүний оронд байр, үнэт эдлэл авч хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй гэж боддог. Саяхан нэг хэсэг бүх хүмүүс коин руу хөрөнгө оруулалт хийнэ гэж шуурлаа. Энэ бүхэн хадгаламж үүсгэхгүй байх шалтгаан нь болчхоод байгаа юм.

-Монгол мөнгөний ханш сул байгаа энэ үед төгрөгөөр хадгалах нь хэр зөв бэ?
-Мөнгөө банканд хадгалах гэдэг буруу зүйл биш. Хадгалах хэрэгтэй. Гэхдээ энэ цаг үед төгрөгийн ханш маш их уналттай байна. Эсрэгээрээ евро, долларын ханш маш их өсчихлөө. Энд ирээд монгол мөнгө ямар хүч муутай вэ гэдгийг маш сайн ойлгож байна. Би сүүлийн 5 жил чадахаараа хуримтлуулах гэж хичээсэн. Өөрийгөө гайгүй хуримтлуулчихлаа гэж боддог байлаа. Гэтэл Ирландад ирэхэд л монголоос бүх зүйл нь тэнгэр газар шиг ялгаатай байгааг харж байна. Энэ улс Европын жижиг орон шүү дээ. Сүртэй том улс биш. Тэгэхэд л мөнгөнийх нь ханш төгрөгийг хэд дахин үржсэнтэй тэнцэхээр байна.

-Тэгэхээр таны хувьд төгрөгөөс илүү доллар, гадаад валютаар хуримтлал үүсгэх хэрэгтэй гэж үзэж байна уу?

-Тийм ээ. Энэ маш чухал. Бид үнэ цэн муутай мөнгөтэй. Тэгэхээр надад "Илүү их хуримтлуулах ёстой" гэсэн бодлоос гадна валютаар хуримтлуулах хэрэгтэй юм байна гэж бодогдож байна. Монголд 5, 10 сая төгрөгтэй хүн гайгүй амьдарчихна. Харин энд тэр мөнгө нь ихдээ л 2-3 мянган евро л болно. Энд бол ердөө л нэг сарын амжиргааны мөнгө гэсэн үг.

-Хуримтлал үүсгэхдээ зорилго тавих нь хэр үр дүнтэй вэ?
-Миний хувьд ямар нэг зорилго тавихгүйгээр мөнгө хадгалж эхлэх хэрэгтэй гэж боддог. Учир нь зорилго хадгаламжийг үрэх шалтгааныг өгдөг. Тухайлбал, 50 сая төгрөг болчихвол хүн шуудхан л байр авах тухай боддог. Тэгээд хуримтлуулсан бүх мөнгөн дээрээ нэмээд ипотекийн зээл авч байгаа юм. Ингээд дахиад тэг цэг дээр ирнэ. Өмнө нь тулгардаг байсан асуудлууд ахиад гарч ирнэ гэсэн үг. Тэгэхээр нөгөө хүн маань дараагийн асуудалдаа бэлэн биш болдог. Ахиад сул дорой болдог.

Нэг үгээр зорилго тавьж хадгалах нь хүмүүсийн хийхээр төлөвлөсөн, хийхийг хүсэж буй зүйлийг үгүй хийчих гээд байдаг. Тиймээс зорилго тавих нь оновчтой биш. Үүний оронд эхлээд ямар ч зорилгогүйгээр мөнгө хадгалаад өөрийгөө сориод үз гэж зөвлөмөөр байна. Зургаан сарын хугацаанд орж ирсэн бүх орлогынхоо 40 хувийг үрэхгүйгээр хадгалж чадах эсэхээ өөрөөсөө асуу. Мэдээж тодорхой хэмжээний хуримтлалтай болоод ирэхээр үрэх гээд эхэлдэг. Яг энэ үед тавьсан зорилгуудаа чухлаас нь эхлээд эрэмбэл. Үүний дараагаар мөнгөө хуваарил. Энэ үеэс мөнгө хадгалах дараагийн алхам эхэлдэг. Өөрөөр хэлбэл, нэг том зорилготой байсан бол хэсэг хэсгээр нь хуваагаад одоо үүндээ хүрэхийн тулд хичээх хэрэгтэй болж байгаа юм.

-Таны амьдрал одоо 5 жилийн өмнөхөөс хэр өөрчлөгдсөн байна вэ?
-Бид зовдог. Гэхдээ зовлонгоо маш хурдан мартдаг. "Найзуудтайгаа гарч сайхан сууя" гэж түрдээ мартана. “Шинэ жил, бүх зүйлийг шинээр эхэлнэ гэж нэг хэсэг мартана. Тэгснээ ахиад “Агаар салхинд гарна” гэж зундаа Хөвсгөл орж мартаад л. Бид зовлонг огоорох зүйлсийг өөрсдөө хийдэг. Сошиалд хүртэл өдөр бүр нэг сенсац дэгдэхэд тэдгээрт анхаараад өөрийнхийгөө мартчихдаг. Энэ байдал хүний амьдралын чанарыг жилээд жилд муутгаж байдаг.

5 жилийн өмнө миний санхүүгийн байдал нэлээд хүндэрсэн. 4,5 жилийн өмнө би маш хоосон эерэг хүн байсан юм билээ. “Залуу хүн юм чинь болчих байлгүй дээ” л гээд яваад байдаг. “Хүн болгон өртэй байна. Би ганцаараа өртэй нь биш. Шударгаар хөдөлмөрлөж байгаа хүн өнөөдөр ингэж л амьдарч байна” гэсэн бодлуудтай байдаг байлаа. Тухайн үед өөрийгөө зөвтгөж болох бүхий л “хогийн зөв” үгнүүдээ өөртөө хэлдэг, бусдыг шүүмжилдэг, амьдарч буй нийгмээ үгүйсгэдэг л хүн байсан. Гэхдээ миний амьдрал огт сайжраагүй, улам л муудсан.

Яг тэр үеэс яагаад миний бодож буй бүхэн амьдралыг маань өөрчилж чадахгүй байгаа юм бэ гэсэн асуултын хариуг хайж эхэлсэн л дээ. Тиймээс ер нь хуримтлуулах ёстой гээд эхний алхмаа хийж, их бага нь хамаагүй хадгалж эхэлсэн байдаг. Мөн бусдад зааж зөвлөхөө болиод өөрөө өөртэйгөө тулж ажилладаг болсон. Өмнө нь хэлдэг байсан бүх үг, утгагүй яриагаа зогсоогоод зөвхөн өөртөө л анхаарсан. Одоо харахад би хуримтлуулаад тийм их мөнгөтэй болж баяжсан зүйл байхгүй. Гэхдээ гадагшаа явж сурна гэсэн мөрөөдөл минь биелж байна. Өнгөрсөн 5 жилийн дотор байр, машин гээд амьдралд хэрэгтэй гэсэн бүх зүйлээ нэг мэдэхэд авчихсан байсан. Мөн бизнестээ хөрөнгө оруулах бага хэмжээний мөнгө цуглуулчихсан, нэг мэдэхэд л номоо биччихсэн байна.

Тэрнээс биш 5 жилийн төлөвлөгөө гаргаад, яг биелүүлээд яваад байсан зүйл байхгүй. Гоё гоё мөрөөдлийн төлөвлөгөөнүүд ихэнхдээ худлаа байдаг учраас яг үүсээд буй нөхцөл байдалдаа төвлөрч, юу болохгүй байна вэ гэдэгт л анхаарал хандуулахыг хичээсэн. Өөрийнхөө байгаа байдлыг шударгаар үнэлж, нүүр тулсан. Тэгэхгүй бол хүн өөрийгөө хуураад л яваад байдаг юм байна лээ. Чи хэн бэ гэдгээ мэдээгүй атлаа хийж чадахгүй зүйлсээ төлөвлөөд байдаг. Үүний оронд чамд байгаа сул тал юу вэ? Юу болохгүй байна вэ гэдэгтээ анхаарах нь илүү чухал юм байна лээ. Тэгэхгүйгээр мянга гоё мөрөөдөл цаасан дээр буулгаад бүтэхгүй.

-Монголчуудын хувьд нэг үеэ бодвол хуримтлуулах дадалтай болж байна уу. Таны хувьд юу гэж бодож байна?
-Өвдөж зовж байгаа, өр зээлтэй маш олон хүн бий. Тиймээс хадгалахгүй л бол болохгүй гэдгийг амьдрал угаасаа сургаж байгаа байх. Б
эрхшээл зовлонг шийдэх, эрсдэлээс хамгаалах хамгийн чухал аргазүй бол хуримтлал. Ийм ганцхан л арга зам бий.

Санхүүгийн зах зээлийн суурь нь хуримтлал байдаг. Хуримтлалгүй бол энэ улсад даатгалын систем хөгжихгүй. Хуримтлалгүй нөхцөлд ямар ч компаниуд хувьцаат компани болж өсөж дэвжихгүй. Иргэд нь мөнгөгүй учир цөөхөн хэдэн хүний эзэмшил л болно.

Эцэст нь хэлэхэд иргэд ядуу байгаа учраас хуримтлалгүй байсаар байна. Ард иргэд маш олон асуудалтай, өлсөж байгаа учраас сонгуулиар саналаа худалдаж байна. Дөрвөн жилд ганц удаа мөнгө тараадаг учир нэг хүний нэр бөглөчихвөл асуудал нь шийдэгдэнэ. Тиймээс улс төрчид зовлон дээр нь тулгуурлаж шийдвэр гаргуулдаг. Тэдний хуримтлуулж чаддаггүй зан төлөвөөр нь далимдуулж тоглолт хийдэг.

-Ярилцсанд баярлалаа.

ДЭМБ-аас БНХАУ-ыг ковидын нас баралтаа дутуу мэдээлж байгааг анхаарууллаа
ДЭМБ-аас БНХАУ-ыг ковидын нас баралтаа дутуу мэдээлж байгааг анхаарууллаа
 
ВИДЕО: Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Бүгд Найрамдах Киргиз Улсын парламентын дарга Н.Шакиевыг угтан авлаа
ВИДЕО: Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Бүгд Найрамдах Киргиз Улсын парламентын дарга Н.Шакиевыг угтан авлаа
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.