/2023.01.05/: Дэлхийн эрүүл мэндийн байгууллага Хятад улс Ковидын бодит нөлөөлөл, ялангуяа нас баралтыг дутуу мэдээлж байгааг анхааруулав.
Хятад улс өнгөрсөн сард ковидын ихэнх хязгаарлалтаа огцом цуцалснаас болж тохиолдлын тоо эрс нэмэгдэхэд хүргэсэн байна.
Гэвч Хятад улс өдөр тутмын тохиолдлын тоогоо мэдээллэхээ зогсоож, мэдээллийн хэрэгслүүдэд тавьдаг хатуу шалгуураа ашиглан арванхоёрдугаар сараас хойш ердөө 22 хүн Ковидоор нас барсан гэв.
ДЭМБ-ын онцгой байдлын асуудал эрхэлсэн захирал доктор Майкл Райан "Хятадын тоо баримт нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа, эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байгаа хүнд өвчтөн, ялангуяа нас баралтын бодит тоог дарж байна" гэжээ.
Өнгөрсөн сард Хятад улс Ковидийн үхэлд хамаарах шалгуураа өөрчилсөн бөгөөд зөвхөн амьсгалын замын өвчнөөр нас барсан хүмүүсийг тоонд оруулахаар болсон юм.
Их Британийн шинжлэх ухааны мэдээллийн компани Airfinity-ээс Хятадад өдөрт хоёр сая гаруй Ковид тохиолдож, 14,700 хүн нас бардаг гэж тооцоолж байна.
Хятад улс бараг сарын өмнө "тэг Ковид" стратегийн ихэнх хэсгүүдээс татгалзсанаас хойш эмнэлгүүд, чандарлах газрууд ачаалал ихтэй байгаа тухай мэдээллүүд гарч байна.
Арав гаруй улс Хятадаас ирсэн жуулчдын зорчихыг хязгаарласан. Бээжин эдгээрийг улс төрийн зорилготой гэж шүүмжилж, хариу арга хэмжээ авна гэж сүрдүүлж байгаа юм.
Лхагва гарагт Европын холбоо шинэ удирдамж гаргаж, бүх гишүүн орнуудад Хятадаас нисч буй зорчигчдыг ирэхээсээ өмнө Ковид тест өгсөн сөрөг хариутай байх шаардлагыг нэвтрүүлэхийг зөвлөж эхэллээ.
Хятадын эрх баригчид вакцинжуулалтын түвшин жигд бус байгаа хөдөө орон нутагт коронавирусын халдварын хүлээгдэж буй давалгаа эхлэхээс өмнө хөдөө орон нутгийн эмнэлгүүдэд эмнэлгийн хэрэгслийг илгээж байгаагаа мэдэгдэв.
ДЭМБ-ын сэрэмжлүүлэг, хариу арга хэмжээг зохицуулах газрын дарга, доктор Абди Рахман Махамуд хэдхэн долоо хоногийн дараа болох Хятадын цагаан сарын баяраар гэр бүлүүд цугларах үед халдварын дахин нэг давалгаа гарч болзошгүйг анхаарууллаа.
Эх сурвалж: BBC