Афган бүсгүй: Би энд төрсөн, эндээ үхнэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Афган бүсгүй: Би энд төрсөн, эндээ үхнэ

- Би хэдэн мянган км-ийн цаанаас, зөвхөн цахим сүлжээнд амьдармааргүй байна -

Афганистаны Засгийн эрхийг талибанууд аваад удаагүй байна. Тэд 2021 оны наймдугаар сарын 15-ны өдөр нийслэл Кабулыг эзэлснээр 20 жилийн дараа Афганистаныг дахин захирах болсон юм.

Тэртээх 1990 оны үед байсан эмэгтэйчүүд сургуульд явах, ажил хийхийг зөвшөөрдөггүй байсан гэх мэт аймшигтай олон дүрэм журмууд дахин гарах вий гэхээс айсан мянга мянган афганчууд эх орноо орхин нислээ. Харин 38 настай Надима гэх афган бүсгүй огт өөр байр суурьтай байна.

Түүнийг нэг настай байхад гэр бүлийнхэн нь Афганистанаас Канад руу дүрвэжээ. Надима яагаад бусдын адил өөр улс орон руу явахгүй байгаа талаар өөрийн бодлоо бичсэнийг хөрвүүлэн хүргэж байна. Тэрээр сошиалд олон мянган дагагчтай, инфлүнзер бүсгүй юм.

Надима,

Би Афганистанд үлдсэн, бяцхан охидтой үеэлүүдтэйгээ холбогдож, ярилцсан. Тэд маш их айдастай байгаа. Энэ нь надад хэцүү байгаа ч, би ОК.

Би хаашаа ч явахгүй.

Ямар ч нөхцөл байдал үүссэн бай, би эх орноо орхихгүй.

Би энд төрсөн, эндээ үхнэ.

Яагаад гэдгийг хэлье. Бид юм л бол зугатдаг энэ хэв маягийг эвдэх ёстой.

Мэдээж би хүн бүхний өмнөөс ярьж чадахгүй, болохгүй. Гадаадад хэдийнээ гарсан нутаг нэгтнүүддээ бид эндээ үлдэх ёстой гэж хэлэхэд тэд маш их уурлаж, намайг сошиал хаягуудаасаа блоколсон нь үнэхээр ганцаардуулсан.

Гэр бүлийнхэн маань намайг нэг настай байхад буюу 1984 онд Афганистаныг орхисон. Ээж маань надад нутгаа орхин Пакистан руу зугатан гарахдаа олон уулсыг давж, нохойд хөөгдөж, хөлд нь цэврүү үсэрч, ямар их зовлон бэрхшээлийг туулснаа хожим ярьж өгсөн юм. Хэдэн хоног хоол унд идэхгүй явж, бусдад дээрэмдүүлж, маш их айдсыг даван туулсан байдаг.

Би дөнгөж нэг настай байсан болохоор ээжийнхээ мөөмийг хөхөж, уйлахаас өөрийг мэддэггүй байсан гэдэг.

Гэтэл энэ бүх аймшигтай түүхийг ээж маань надад дөнгөж 10 жилийн өмнө л ярьж өгсөн. Бид 1999 онд Канад руу цагаачлах үед ээж маань Пакистан руу хэрхэн дүрвэсэн дээрх түүхийг ярьсан юм. Учир нь тэр үед бид 14 жил амьдарсан гэрээсээ нүүх болох үед гомдоллосон хэрэг л дээ.

Ээж, аавынхаа тэвчиж өнгөрүүлсэн тэр бүх зүйлсийг сонсоод үнэхээр цочролд орж байлаа.

Ээж маань тэр түүхийг ярихдаа “Та нар үнэхээр азтай хүүхдүүд. Дуртай үедээ онгоцонд сууж, бэлэн хоол иднэ. Харин бид хэрхэн яаж дүрвэсэн түүхийг сонсмоор байна уу” гээд инээмсэглэж байсан юм. Тэгээд ээж нэг газраас нөгөө рүү нүүхээс үнэхээр залхаж байгаагаа хэлэхэд, аав ээжийг маань хэзээ ч Канадыг орхихгүй гэдгийг хэлсэн билээ.

Найзууд маань афганыг орхин нүүхдээ надад үлдээсэн ургамлыг нь арчлахыг хүсэж, хоол хүнсээ үлдээсэн. Зарим нь гоо сайхны үнэтэй бүтээгдэхүүнээ ч өгсөн. Магадгүй тэд хилийн чанадад очихоороо худалдаад авчих байх, эсвэл хэн нэгнээс бэлгэнд авчих биз.

Тэд нэг нэгээрээ, ар араасаа нутгаа орхин явахыг би харсаар үлдэж байна.

Надима

Хэдхэн хоногийн өмнө Кабулыг орхин явах болсон нэг найздаа цүнх саваа баглахад нь тусалж байлаа. Харахад үнэхээр гунигтай байсан тул би найзынхаа сэтгэлийг өргөх гээд “Найз минь чи хараач, энэ бүхнийг үлдээж байгаагаараа чи бас бусдад тусалж байна, буян болж байна шүү дээ. Энэ бүх үлдээсэн хүнсний бүтээгдэхүүн, хувцас хунарыг чинь бусдад тус болон өгөхдөө би чамайг сайнаар дурсаж, тэдэнд ярих болно. Чи өөр улс орон руу аялж, өөрийн түүхээ бусадтай хуваалцана. Чи зүгээр л зугатчихаагүй. Үнэхээр шаардлагатай нөхцөл байдал үүссэн болохоор л явсан. Тиймээс битгий гунигла, хөнгөнөөр хүлээж ав” гэж билээ. Түүнд энэ бүхнийг ярьж байхдаа би хүмүүс бид эд зүйлс бүхэнтэйгээ ямар нэгэн дурсамжаар холбогдсон байдгийг мэдэж авсан.

Одоо хүртэл би түүний үлдээсэн зарим зүйлсийг ялган, ангилж л байгаа. Хамаатан саднууд нь ирж эд зүйлсийг нь авахдаа найзыг маань ямар сайн бүсгүй байсан талаар нулимс дуслуулан ярьдаг юм. Тэгээд тэд найзад маань амжилт хүсэхийн оронд “Түүний итгэл хүчирхэгжих болтугай” хэмээн хэлдэг.

Энэ үг нь үнэндээ нутгаа орхиж байгаа хүмүүсийг зүгээр нэг явуулж байгаа биш бүр нөгөө ертөнцөд үдэж байгаа шашны хэллэг л дээ.

Харин би эндээ үлдэж, эх орныхоо төлөө өөрийн дуу хоолойг хүргэж чадах тэр үеийг хүлээнэ. 2019 оны арванхоёрдугаар сард би Афганистандаа эргэн ирсэн юм. Тэр хүртэл амьдарсан Канад улс руу буцаж, эх орноо дахин орхин явах нь надад зөв гэж санагдахгүй байна. Хэдэн мянган км-ийн цаанаас эх орноо харж, зөвхөн сошиал сайтад амьдрахыг би хүсэхгүй байна.

Би эндээс явлаа гэдэг нь хүчтэй мессэж болохгүй. Тиймээс би эндээ үлдэнэ. Бусдыг ч мөн эх орондоо үлдэхийг шаардаж, хүсэх болно.

Зарим найзыгаа би ятгасаар энд үлдээсэн болохоор би хариуцлагыг ч мэдэрдэг. “Та нар дөнгөж нэг настай хүүхэдтэй. Тиймээс онгоцны буудал руу битгий яв. Та нар шархдаж, муу зүйл тохиолдож мэднэ” гэж би тэдэнд хэлсэн юм.

Сэтгэлийнхээ гүнд, энд үлдсэнээр муу зүйл болж болзошгүй гэдгийг би мэдэрч байна. Гэхдээ хэн мэдэхэв, сайн зүйлс ч тохиох юм бил үү?

Би хэзээ ч яаран сандран шийдвэр гаргадаггүй. Би хэзээ ч аливаад хөнгөн хуумгай ханддаггүй. Би эргэцүүлж, хойш сууж, асуудлыг олон талаас нь хардаг. Тиймээс би эндээ үлдэх бодлоо өөрчлөхгүй.

Би сүргийг дагадаггүй. Тиймээс би эндээ үлдэж байна.

Та бүхэн Надимагийн фэйсбүүк пэйжид зочлохыг хүсвэл ЭНД ДАРНА уу.

“Johnson&Johnson” компаний BOOSTER вакцин хариу урвалыг 8 сар тогтооно
“Johnson&Johnson” компаний BOOSTER вакцин хариу урвалыг 8 сар тогтооно
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.