/2022.11.15/ Үндсэн хуулийн цэц Шүүхийн тухай хууль дах Шүүхийн сахилгын хороотой холбоотой зарим заалт Үндсэн хууль зөрчсөн гэх иргэний мэдээллийг хүлээн авч маргаан үүсгэжээ.
Тус маргааныг хэлэлцэх дунд суудлын хуралдаан 2022 оны арваннэгдүгээр сарын 16-ны Лхагва гарагт 09.30 цагт товлогдоод байна.
Гомдлын агуулга нь иргэн хэрэг маргааныг шүүхэд шийдүүлэх явцдаа шүүгчид гомдож, Шүүхийн сахилгын хороонд гомдол гаргасан байтал Сахилгын хорооны хуралд оролцогч нь гомдолд хамаарах шүүгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч байхаар заасан нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн юм.
Шүүхийн сахилгын хороо, Үндсэн хуулийн цэцийг дараа дараагийн шатны шүүх мэт үзэж, зарга үүсгэх хүсэлтэй иргэд цөөнгүй. Тэгвэл Шүүхийн сахилгын хороо дараагийн шатны шүүх мөн үү?
Шүүхийн сахилгын хороо нь шүүхийн нэр хүнд, түүнд итгэх олон нийтийн итгэлийг хангах, хамгаалах чиг үүрэгтэй төдийгүй, сахилгын зөрчил гаргасан шүүгчид хуульд заасан хариуцлага оногдуудах бүрэн эрхтэй Үндсэн хуулийн байгууллага юм.
Энгийн үгээр тайлбарлавал, салбар бүрт байдаг Ёс зүйн хороо юм. Энэ хорооны хурлаар гомдол хаяглагдсан этгээдийн ёс зүйн алдаа мадагтай холбоотой асуудал л хэлэлцэгддэг. Аль ч ёс зүйн хорооны хуралд гомдол гаргагч оролцдоггүй бөгөөд хэрэв оролцвол нарийн төвөгтэй олон асуудал үүсэх нь ойлгомжтой.
Гомдол хүлээн авах, шийдвэр гаргах, эргээд гомдол гаргагчид мэдээлэл хүргэх үйл явц нь ч Сахилгын хорооны хувьд бусад хороотой адил.
Шүүхийн тухай хуулиар (103-р зүйл) шүүгчийг сахилгын зөрчил гаргасан гэж үзсэн хүн, албан тушаалтан, хуулийн этгээд холбогдох шүүгчид сахилгын хэрэг үүсгүүлэхээр Сахилгын хороонд өргөдөл, мэдээлэл гаргах боломжтой гэж заасан байдаг.
2021 оны арваннэгдүгээр сард шинээр томилогдсон Шүүхийн сахилгын хорооны шийдвэр, үйл ажиллагааны мэдээллээ бүгдийг олон нийтэд нээлттэй мэдээлдэг болохыг та бүхэн ЭНД ДАРЖ сонирхох боломжтой.
Олон улсын жишгээр гомдол гаргагч этгээд гомдол шийдвэрлэх ажиллагаанд оролцдоггүй нь дараах үндсэн шалтгаантай:
- Шүүхийн сахилгын хороонд гаргасан гомдол нь Шүүхийн тухай хуулийн 11-р бүлэгт 50-53-р зүйлд заасан хориглох үйлдлийг үйлдсэн талаар байх бөгөөд шууд хувь хүний эрх, ашиг сонирхлыг зөрчсөн байх албагүй юм. Хэрэв тухайн гомдол гаргагч этгээд хууль ёсны эрх, ашгаа зөрчигдсөн гэж үзвэл зохих хуулийн байгууллагад гомдол гаргах эрх нь нээлттэй байна. Нэгэнт шууд эрх ашиг зөрчигдсөн гэж тооцохгүй тул заавал хэргийн оролцогчоор оролцох шаардлагагүй.
- Шүүгчийн нэр хүндийг хамгаалах нь шүүхэд итгэх олон нийтийн итгэлийг хамгаалах ач холбогдолтой. Иргэдийн гаргасан өргөдөл, гомдол бүрийн мөрөөр шалгалт хийгддэг ч тэр бүр шүүгчийн сахилгын зөрчилтэйд тооцдоггүй. Мөн тооцсон ч зарим шийтгэл хаалттай сануулах, сургалтад хамрагдах зэрэг хэлбэртэй байгаа нь хууль тогтоогчид шүүгч, шүүхийн нэр хүндийг хамгаалах, тэнцвэргүй шударга бус дайралтад өртөхөөс сэргийлсэн явдал юм.
Шүүхийн сахилгын хэргийг хянан шалгах, шийтгэл оногдуулах үйл явц нь бусад улсад ч хаалттай явагддаг практиктай бөгөөд энгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас өөр гэж үздэгтэй холбоотой.