/2022.11.14/: ЭМЯ зүгээс хамтран ажиллагч НҮБ Хүүхдийн сан ба БНСУ Олон Улсын Хамтын ажиллагааны байгуулага КОЙКА байгууллагуудай хамтран сумын эмнэлгүүдийг ариун цэврийн байгууламж, халуун устай болгох төслийг үе шаттай хийж байна.
Энэхүү ажлын хүрээнд Завхан, Баянхонгор, Говь-Алтай аймгийн 21 сум ариун цэврийн байгууламж болон халуун устай болоод байна.
Энэхүү төсөлд хамрагдсан сумын нэг болох Завхан аймгийн Нөмрөг суманд нийт 160,209,278 сая төгрөгийн өртөг бүхий ариун цэврийн байгууламж ашиглалтад орсон. НҮБ Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан, Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр болон бусад холбогдох хүмүүс Завхан аймгийн Нөмрөг суман дахь байгууламжтай газар дээр нь очиж ажиллан өвлийн улиралд хэрхэн ажиллаж байгаатай танилцлаа.
Сумын эрүүл мэндийн төвийн хамт олон энэхүү байгууламж ашиглалтад орсноор өвчтнүүд халуун усанд орох, орчин үеийн шаардлага хангасан эко 00-д бие засах боломжтой болсоноор иргэдийн сэтгэл ханамж, тав тух ихээхэн дээшилсэн гэдгийг онцоллоо. Мөн эмч ажилчдын ажлын байрны тав тух ч ихээхэн нэмэгдсэн гэдгийг онцоллоо. Энэхүү байгууламж нь эко цэвэрлэх байгууламжтай юм.
Цаашид ЭМЯ зүгээс донор байгууллагуудтай хамтран төслийн улам өргөжүүлэн олон сумыг хамруулахаар төлөвлөж байна.