
МУ-ын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж хэвлэл мэдээллийн байгууллагуудыг тойрсон шуугиантай холбогдуулж дараах санаачлагыг дэвшүүлжээ.
Хэвлэл тойрсон хэлэлцүүлэг үр дүнд хүрээсэй. Асуудлыг улс төрөөр харвал зөв шийдэл рүү явна. Энд гурван харилцааг хуулиар тодорхой болгох учиртай.
1. Хэвлэл мэдээллийн байгууллага болон иргэдийн оюун санаанд нөлөө үзүүлдэг аливаа субъект төрөөс, мөн төрийн өмчит үйлдвэрийн газраас ямар нэг хэлбэрийн санхүүжилт авахыг хуулиар хориглох.
2. Харин иргэд, аж ахуйн нэгжээс тэдний үйл ажиллагааг нь дэмжиж өгсөн хандивыг татвараас чөлөөлдөг. Тэр дэмжлэг, зарцуулалт нь нэр устайгаа ил тод, шилэн байдаг.
3. Төр, түүнтэй холбоотой этгээд өөрийгөө сурталчлах зорилгоор хориглосон үйл ажиллагаа хийсэн бол албан тушаалаасаа чөлөөлөгдөж, эрүүгийн хариуцлага хүлээдэг. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл, инфлүүнсэр эрх, зөвшөөрлөө алддаг, хураалгадаг. Энэ харилцааг хуульчилж хэрэгжүүлэхгүй бол хэвлэл тойрсон дээрх шуугиан ямар ч үр дүнгүй. Төрөөс, төсвөөс мөнгө дэмжлэг авсан бол тэр этгээд төрийн, засгийн, яам агентлагийн, төрийн өмчийн бүрэлдэхүүн хэсэг л болно. Төрийн тархи угаалт, төрийн хулгайн хамсаатан болно. Төр болно. Түүгээр ч үл барам ард иргэдийн мэдэх эрх, ард түмэн төрөө удирдах, хянах ардчиллын суурь зарчимд халдсан гэмт хэрэг болно. Манайд төр засгийн байгууллагууд хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй байхыг 1996 онд хуулиар хориглосон. Араас нь миний хэлж буй зохицуулалт хийгдэх нь цаг хугацааны асуудал байсан. Одоо цаг нь иржээ. Байдал ийм болсонд улс төр буруутай. Улс төрчид буруутай. Шийдвэр гаргагчид буруутай гэсэн үг. Үндсэн асуудал, гаргах шиидлээ одоо хүртэл харж чадаагүй явна гэсэн үг. Ардчилал олон нам бий болсоноор баталгааждаг зүйл биш. Энэ ч тодорхой боллоо. Үзэл санааны хуваагдлаар нийгэм эрүүлждэг. Үзэл санаа, хуваагдаагүй, түүнд төр гол тоглогч байх юм бол тэр оронд эрх чөлөө байхгүй гэсэн үг. Үзэл санааны тээгчид, мэдээлэл тээгч, хүргэгчид төрөөс ангид болсон цагт ардчилал, ил тод байдал, олон нийтийн хяналт бий болдог. Улс орон хулгайгаас, дарангуйллаас, тархи угаалтаас аажмаар салдаг.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.