/2021.08.25/
Монгол орон даяар элсэлтийн ерөнхий шалгалтыг гурав хоногийн хугацаанд авч дууслаа. Элсэлтийн шалгалтуудаас математик, биологи, химийн хичээлүүд дээр хүүхдүүд ямар оноо авсныг сонирхуулъя.
Шалгуулагчдын авсан оноог дараах гурван янзаар дүгнэсэн юм.
- АНХНЫ ОНОО: Анхны оноо /100 хүртэлх оноо/ гэдэг нь тухайн хичээлийн шалгалтын сэдэв, даалгаврыг хэрхэн гүйцэтгэснийг илтгэх үнэлгээ бөгөөд авбал зохих онооноос хэдэн оноо авсныг хувьд шилжүүлсэн тоон үзүүлэлт юм.
- ХЭМЖЭЭСТ ОНОО: Тухайн хичээлийн нийт гүйцэтгэлийг шалгалтад орсон шалгуулагчдын гүйцэтгэлтэй харьцуулан хэмжээсжүүлж үзүүлсэн оноо.
- ПРОЦЕНТАЛЬ ОНОО: Шалгуулагч тухайн хичээлийн шалгуулагчдын жагсаалтад хэдэд байгааг харуулсан үзүүлэлт юм.
Ингээд 2021 оны ЭЕШ-аар дараах хичээлүүдэд сурагчдын авсан АНХНЫ ОНООГ улсын хэмжээгээр авч үзвэл дараах үр дүн харагдаж байна.
ХҮҮХДҮҮД ЯАГААД БАГА ОНОО АВАВ?
Элсэлтийн ерөнхий шалгалт гэдэг нь ерөнхий боловсролын сургуульд 12 жил суралцахдаа гол академик хичээлүүдээр юу сурч мэдсэн бэ гэдгийг нэгтгэн дүгнэдэг, их дээд сургуульд элсвэл суралцаж чадах уу гэдгийг дүгнэх гол шалгуур.
Гэтэл хүүхдүүд яагаад ийм бага оноо авав?
Шалгалтын 100 оноог боловсруулахдаа нийт хүүхдүүдийн дундаж 40-50 оноо авна гэж бодож тооцсон гэж үзвэл, жишээ нь, математикийн шалгалтад нийт хүүхдүүдийн 95 хувь нь 59-өөс доош оноо авсан байгаа нь ихээхэн тааруу үзүүлэлт юм. Коронавирус, зайны сургалт гээд шалтаг, шалтгаан мундахгүй бий. Гэхдээ л яалт ч үгүй тааруу үзүүлэлт мөн үү гэвэл мөн.
Нийтээрээ тааруу байгаа шалтгааныг хоёр хувааж үзье. Нэгдүгээрт, ийм олон хүүхэд сул оноо авсан нь шалгалтын материалын даалгавар хэтэрхий хүндэдсэн байж болох. Энэ тохиолдолд Боловсролын үнэлгээний төв шалгалтын материалаа зөв боловсруулж чадаагүй болно.
Харин хоёрдугаар шалтгаан нь, сурагчид нийтээрээ гүйцэтгэл муутай байна. Энэ нь сурагчдын чадвар ерөнхийдөө сул байна гэсэн үг. Энэ нь манай улсын боловсролын систем тааруугаас бид хүүхдүүдээ сургаж чадахгүй, нөгөөтэйгүүр шинжлэх ухааны боловсролын чанар дэндүү суларчээ гэсэн үг болох нь.
Боловсролын үнэлгээний төвөөс коронавирусийг тооцож шалгалтын материалаа боловсруулсан гэж мэдээлж байсан. Тэгвэл хоёрдугаар шалтгаан нь илүү үнэнд ойртож, “Бид ерөнхий боловсролын сургуулийн шинжлэх ухаан, математикийн хичээлээ хэр зааж байна вэ” гэх асуулт руу биднийг хөтлөх нь.
Энэ нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж, цаашдаа засаж залруулж явахгүй бол ирээдүйд амжилттай өгсөн 5 хувь маань ч уусан алга болох магадлал өндөр байна. Тэр үед шинжлэх ухаангүйгээр улс орны маань хөгжил хэрхэх бол гэж бодохоос айдам төрөм байна.