/2022.11.8/ Засгийн газрын ордонд Холбоо, Сангийн эрхзүйн байдлын тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг болж байна.
Хэлэлцүүлгээр дээрх хоёр хуулийн төслийн танилцуулга, үзэл баримтлал болон түүний талаарх хөндлөнгийн судалгаа, саналыг хэлэлцэх юм.
Хэлэлцүүлгийг Төрийн байгуулалтын байнгын хороо, ХЗДХЯ, МУИС-ын Үндсэн хуулийн эрхзүйн хүрээлэн, Нээлттэй нийгэм форумаас зохион байгуулж байна.
Хуралдаанд Хууль зүй, дотоод хэргийн яамны төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг “Холбоо, Сангийн эрхзүйн байдлын тухай хуулийн төслийн танилцуулга” илтгэлийг тавьлаа.
Тэрээр “Иргэний нийгмийн зөвлөлийн асуудалд Иргэний нийгмийн байгууллагууд шүүмжлэлтэй хандаж байгаа. Төслийн энэ хэсгийг эргэн ярьж болно, хассан ч болно. Ер нь Иргэний нийгмийг дэмжих зөвлөл гэдэг нэртэйгээр, 8 чиглэлтэйгээр төсөлд тусгагдсан. 8 чиглэлийн салбар салбараас өөрсдийн хүмүүсээ гаргаж, нээлттэй сонголтоор хамгийн их санал авсан хүмүүсийг энэ зөвлөлд оруулна. Тэргүүнийг нь Ерөнхий сайд баталгаажуулна. Томилох, чөлөөлөх зүйл байхгүй” гэв.
Түүний дараа МУИС-ийн Үндсэн хуулийн эрхзүйн хүрээлэнгийн захирал, Хууль зүйн сургуулийн профессор О.Мөнхсайхан “Эвлэлдэн нэгдэх эрхийн хязгаарлалтад тавих Монгол Улсын Үндсэн хуулийн нөхцөл” илтгэлийг тавьлаа. О.Мөнхсайхан:
Эвлэлдэн нэгдэх эрх нь Олон улсын гэрээ хэлцлүүдээр болон Үндсэн хуулиар хамгаалагдсан. Монгол Улс нь иргэддээ чөлөөтэй эвлэлдэн нэгдэх эрхийг олгох нь зүйтэй гэж үзсэн учир Үндсэн хуульд оруулж өгсөн хэрэг. 2020 онд төрийн бус 10806 байгууллагаас улсад бүртгэлтэй нь 9,7% болж өмнөхөөс хоёр дахин өссөн байна.
Хуулийн төсөлд олон дэвшилттэй зүйлс байна, сайжруулах ч зүйл байна. Жишээ нь, улстөрийн нам, улстөрийн намын байгууллагын үйл ажиллагааг хэрэгжүүлэхийг хоригложээ. Улстөрийн намын байгууллагын үйл ажиллагаанд юу орох вэ гэдэг нь маш тодорхойгүй. Тайван жагсаал цуглааныг улстөрийн намын байгууллагатай хамтран хийвэл шууд татан буугдах уу. Сонгуулийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх нь орохгүй гэж П.Сайнзориг хэлээд байгаа. Гэхдээ энэ нь орохгүй гэдгийг бид яаж мэдэх вэ. Хүний эрх ардчиллын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ-ууд өргөн утгаараа улстөрийн үйл ажиллагаанд хамаарах боломжтой. Тэгэхээр энэ байгууллагуудын үйл ажиллагааг явцууруулах магадлалтай.
Мөн “Монголын, үндэсний, нэгдсэн” зэрэг нэрийг зарим холбоо хэрэглэхийг хориглоно гэжээ. Дахиад асуухад, яг ямар хуулийн зорилгоор бүгдийг нь нэгтгэн хориглож байна вэ. АНУ-д байгаа монгол оюутнууд “Монголын оюутны холбоо” байгуулж болохгүй юу? Ерөнхийлөн хязгаарлах хууль ёсны зорилго нь юу вэ.
Иргэний зөвлөл гээчид салбар бүрээс нэр дэвшихийг нээлттэй сонгон шалгаруулалтаар явуулна, хамгийн олон санал авсан нэр дэвшигчийг Ерөнхий сайд батламжилна гэж байгаа юм. Ямар шалгуураар орох юм бэ, ажлын хэсэг нь яаж бүрдэх юм гэдгээ хуульдаа нарийвчлан тусгахгүй бол эргээд ТББ маш олон үйл ажиллагаа явуулах бүрэн эрхтэй учир энэ зөвлөл нь хөндлөнгийн, төвийг сахисан байж чадах уу гээдг дээр эргэлзээ үүсэж байна. Хүний эрх ардчиллын чиглэлээр ажилладаг, ил тод нээлттэй байдлаар ажилладаг байгууллагууд ийшээ орох уу, хэд нь болох юм, хуваарилалт тэнцвэртэй шударга байж чадах уу. Ямар журмаар энэ зөвлөлийг байгуулах вэ гэдгийг иргэний нийгэм болон бусад байгууллагын хувьд нарийвчилсан журмыг батлах ёстой юм болов уу гэж бодож байна.
Хуралдаанд ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан оролцож нээлтийн үг хэлсэн юм. Д.Амарбаясгалан:
-Юун түрүүнд Засгийн газар иргэний нийгмийг шахан хавчих бодлого огт байхгүй гэдгийг хэлье. Энэ хуулийн төслийг боловсруулах шаардлага нь ФАТФ-аас манай улсын саарал жагсаалтад оруулахтай холбоотойгоор үүссэн гэдгийг та бүхэн ойлгож байгаа байх. Шаардлагатай гэж үзвэл энэ хуулийн төслийг буцаан татаад, зөрүүлээд шинэ төсөл оруулах эсэхийг ч хоёр талаасаа ярилцаж шийдье. Ажлын хэсэг байгуулж, хамтран ажиллаж болно гэж бодож байна. Ажлын хэсгийг ЗГХЭГ дээр байгуулж, ахлагчаар нь Ц.Мөнх-Оргил гишүүнийг ажиллуулах боломжтой.
Нэн тэргүүнд өргөн баригдсан хуулийг хэлэлцэх эсэхийг УИХ шийдвэрлээд, түүний дараа ажлын хэсгийг өргөн бүрэлдэхүүнтэйгээр байгуулаад, засаж шинэчлэх тал дээр ярья. Гэхдээ хэлэлцэх эсэхийг шийдвэрлэчихээд тэр төслөөрөө хүч түрээд явчихна гэж ойлгож болохгүй. Энэ талаар байр сууриа илэрхийлж байгаа гишүүдийн зүгээс ч тэр, сонсох ёстой. Миний хэлэх гээд байгаа санаа нь бид энэ ажлыг ажил хэрэг болгох тал руугаа явбал нэлээн боломжууд нээлттэй гэдгийг хэлэхийг хүсэж байна.
Засгийн газрын зүгээс иргэний нийгмийн байгууллагыг төлөвшүүлэх, нээлттэй хамтран ажиллахыг зорьж байгаа. Хамгийн сүүлд МХЕГ-ыг татан буулгаж, мэргэжлийн яамдад тараан байршуулах ажлыг хийж байна. Улмаар мэргэжлийн төрийн бус байгууллагуудаар зарим хяналтын үйл ажиллагаа явуулдаг болгох зорилтод чиглэн ажиллаж байна. Тэгэхээр Засгийн газар ТББ, ИНБ-уудын үйл ажиллагааг дэмжинэ. Бид хүний эрхийг үгүйсгэдэггүй төр байх зорилт тавин ажиллаж байна. Жагсаж цугладаггүй, эвлэлдэн нэгддэггүй ард түмэн байж болохгүй, тэр бүхнийг сонсдоггүй, хүлээн зөвшөөрдөггүй гэж төр байж болохгүй.
Хэлэлцүүлгийн асуулт хариултын үеэр Ардчиллын боловсрол төвийн захирал Г.Ундрал “ФАТФ манай улсыг Иргэний нийгмийн байгууллагуудын үйл ажиллагаатай холбоотойгоор саарал жагсаалтад оруулаагүй. Гэтэл Засгийн газар, тэдний төлөөллөөс үргэлж иргэний нийгмийн байгууллагуудаас болж саарал жагсаалтад орох нөхцөл үүслээ гэж ярьж байна. Энэ бол гүтгэлэг бөгөөд ингэж бидний нэр төрд халдсаныхаа төлөө биднээс уучлалт гуйхыг шаардаж байна” гэлээ.
Транспэренси интернэшнл байгууллагын зөвлөх Д.Тэгшбаяр:
-Холбоо, Сангийн эрхзүйн байдлын тухай хуулийн төслийг хууль тогтоомжийн төслийн үр нөлөөг 5 шалгуур үзүүлэлтийн дагуу шалгахад 4 шалгуурыг нь огт хангаагүй. Төслүүд нь Иргэний нийгмийн эвлэлдэн нэгдэх орчныг доройтуулсан, олон улсын хөгжлийн байгууллагуудад ардчилалд ухарлт хийсэн, үнэт зүйлээ устгасан, төрийн хяналтыг нэмэгдүүлсэн гэж үзэхээр байна. Энэ төсөл батлагдвал иргэний нийгмийн байгууллагууд нь олон улсын байгууллагуудаас цаашдаа дэмжлэг авах боломж хязгаарлагдмал болно. Мөн мэргэжлийн холбоонд бусад бүх ТББ-аас давуу байдал үүсгэсэн гэж үзэхээр байна гэлээ.
Хэлэлцүүлэг үргэлжилж байна.