/2022.11.07/: Улс орны эрүүл мэндийн салбарын үзүүлэлтийг эх, хүүхдийн тусламж үйлчилгээгээр хэмждэг ба Монгол Улсын Засгийн газар Эх хүүхдийн эрүүл мэндийг сахин хамгаалах зорилтыг тэргүүлэх чиглэлээ болгон ажиллаж байна.
Уг зорилтын хүрээнд 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн Засгийн газрын хуралдааны шийдвэрээр Нийслэлийн өмчлөлд байсан Өргөө, Хүрээ, Амгалан амаржих газруудыг ЭМЯ-ны харьяанд шилжүүлсэн ба эх барихын тусламж, үйлчилгээг нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангаж барилга байгууламж, засвар үйлчилгээ, тоног төхөөрөмжийн хангалтыг тасралтгүй хийж байна.
Энэ ажлын нэг болох ЭХЭМҮТ-д ашиглалтад орж буй Олон улсын жишигт нийцсэн төрөх тасгийн засварын ажилтай УИХ гишүүн, НББХ дарга П.Анужин, УИХ гишүүн Х.Ганхуяг нарын хамт танилцлаа.
Тус тасагт төрөх ээжүүд гэр бүлийнхэнтэйгээ нэг өрөөнд хамт байж, хүсвэл зориулалтын усан ваннд төрөх боломжтой. Өрөө бүхэн стандартын ор, аавын буйдан, хүчил төрөгчийн шугам, дотуур холбоо, ариун цэврийн өрөө, тусгай шүршүүртэйгээс эхлээд төрөх ээжүүд, тэдний гэр бүлийнхэнд хамгийн тав тухтай орчин бүрэн бүрдсэн. Удахгүй тус тасаг маань эхчүүдэд үйлчилгээгээ үзүүлэхээр зэхэж байна.
Байгуулагдсан цагаасаа хойш буюу 35 жилийн хугацаанд нэг ч удаа их засварын ажил хийж байгаагүй тус төвийн хэд хэдэн тасагт их засварын ажил хийгдэж, инженерийн байгууламж болох агааржуулалтын систем, дулааны шугам, сангийн сүлжээнд иж бүрэн шинэчлэлт хийж, бүх өрөөнд хүчил төрөгчийн шугам оруулсан.
Өнөөдрийн байдлаар тус төвд “Нөхөн үржихүйн зөвлөх поликлиник"-ийн өргөтгөлийн барилга, "Хүүхдийн зөвлөх поликлиник"-ийн өргөтгөлийн барилга, 150 хүүхдийн багтаамжтай ажилчдын хүүхдийн цэцэрлэгийн барилгын ажлууд үргэлжилж байна.
2021-2022 онуудад эх, хүүхдийн тусламж үйлчилгээний чиглэлд улсын хэмжээнд 80 гаруй тэрбум төгрөгийн улсын төсвийн болон гадаадын зээл тусламжийн хөрөнгө оруулалтууд хийгдээд байна. Дээрх хөрөнгө оруулалт хийгдсэнээр тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, эмчилгээний шинэ технологи нэвтрүүлэх, хүний нөөцийн гадаад, дотоод сургалтыг эрчимжүүлэх, хот, орон нутгийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийн ялгааг арилгах чиглэлд олон ажлууд хийгдэж байна.
Онцлох эмчилгээнээс дурдвал Монгол улсад эмчлэгдэх боломжгүй байсан дутуу нярайн торлогийн эмгэгийн улмаас торлог ховхрох үеийн торлог шилэнцэрийн мэс засал, хүүхдийн хавсарсан хөх, хүнд хэлбэрийн зүрх судасны гажгийн үеийн мэс засал, ихэр жирэмсний үед ургаас урагт цус юүлэгдэх хам шинжийн үеийн лазер эмчилгээ, мэдрэлийн ёзоор тайрах ризотомын мэс заслуудыг ЭХЭМҮТ-д дээр нэвтрүүлсэн байна.
Эх сурвалж: ЭМЯ