/2022.10.28/: 23 дахь жилдээ зохион байгуулагдаж буй уг үзэсгэлэнгийн албан ёсны түншээр Булган аймаг, дэмжигч байгууллагаар Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Нийслэлийн аялал жуулчлалын газар хамтран ажиллаж, аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгж байгууллагуудын түншлэл, харилцаа холбоог өргөжүүлэх, зочлох үйлчилгээний чанар, маркетинг, чадавхыг бэхжүүлэх, цаашлаад олон улсын зах зээлд энэхүү үзэсгэлэнгээр дамжуулан салбарын бизнес эрхлэгчдийн бүтээгдэхүүн үйлчилгээг сурталчлахад гол зорилго нь оршиж байна.
INTERNATIONAL TRAVEL MART MONGOLIA буюу “ITM-2022” үзэсгэлэнгийн нээлтэд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ оролцож үг хэллээ. Тэрбээр хэлсэн үгэндээ, Засгийн газраас Эдийн засгийн тэргүүлэх чиглэлээр аялал жуулчлалын салбарыг нэрлээд буй. Ковид цар тахлын дараах амаргүй цаг үед эдийн засгаа богино хугацаанд сэргээх чиглэлд дэлхийн улс орон бүр шинэ стратеги, бодлогоор аялал жуулчлалын салбараа хөгжүүлэхэд анхаарч байгааг дурдаад, ирэх 2023, 2024 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбогдуулан аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх стратеги төлөвлөгөөг боловсруулж, шат дараатай ажлыг хэрэгжүүлж эхлээд байна.
Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 371-р тогтоолоор Аялал жуулчлалыг хөгжүүлэх Үндэсний хороо байгуулж, Ерөнхий сайд тэргүүлж ажиллахаар шийдвэрлэсэн. Өчигдөр буюу 2022 оны 10 дугаар сарын 27-ний өдөр тус хороо анхдугаар хурлаа хийж, аялал жуулчлалын салбарын өнөөгийн нөхцөл байдал, хэтийн зорилт, хөгжлийн стратеги төлөвлөгөөний талаар ярилцсан.
Монгол Улс 2022 оны хоёрдугаар сарын 14-нд хилээ нээж, олон улсад нээлттэй улс болсноо зарласан бол долоодугаар сарын 5-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар 2023, 2024 оныг “Монголд зочлох жил” болгон зарлах тухай 264 дүгээр тогтоол гаргасан. Энэ хүрээнд ирэх хоёр жилийг “Монголд зочлох жил”-ээр зарлаж байна. Аялал жуулчлалыг зөвхөн “жуулчлах” гэдэг агуулгаас хальж эдийн засгийн үр өгөөж бий болгох, улс орныхоо нэр хүндийг дэлхий дахинд өсгөх, тусгаар тогтнолоо бэхжүүлэх боломж болгох өргөн агуулгаар хөгжүүлэх зорилт бид тавьж байна. Үүний тулд төр хувийн хэвшил нэгдсэн бодлогын дор хамтран ажиллах шаардлагатай байна гэсэн юм.
Мөн тэрбээр үргэлжлүүлэн хэлсэн үгэндээ, аялал жуулчлалыг хөгжүүлэхэд тээвэр логистик, агаарын тээврийг либералчлах нь чухал үүрэгтэйг онцлон тэмдэглэв. Түүнээс гадна Монгол Улс аялал жуулчлалаа хөгжүүлэхийн тулд улс орноо олон улсад сурталчлах нэгдсэн бодлого, уриа үг, бэлгэ тэмдэгтэй байх ёстойгоос гадна үндэсний өв соёл, онцлогийг харуулсан аялал жуулчлалын эвентүүд, эдгээрийг багтаасан жилийн төлөвлөлттэй болох, дэлхийн аль ч улсын жуулчид Монголд саадгүй зорчих агаарын тээвэр, тав тухтай, аюулгүй, сэтгэл ханамжтай үйлчилгээ үзүүлэх нэгдсэн стандарттай байх, эцэст нь тогтвортой аялал жуулчлал хөгжих эрх зүйн орчныг бүрдүүлсэн байх шаардлагатайг онцолсон юм.
"ITM 2022" аялал жуулчлалын түнш аймгаар ажилласан Булган аймаг зорилтот ажлуудаа амжилттай хэрэгжүүлэн шилжин явах тугаа Хөвсгөл аймагт шилжүүлэн өгснөөр “Далай ээж”-ийн өлгий нутаг Хөвсгөл аймаг 2023 онд орон нутгийн онцлогт тулгуурласан аялал жуулчлалыг хөгжүүлэхэд бусад аймгуудаа манлайлан ажиллахаар боллоо. Энэ жилийн үзэсгэлэнд Турк, ОХУ, Буриад зэрэг улс орны аялал жуулчлалын 60 гаруй, дотоодын 250 орчим аж ахуй нэгж байгууллага оролцож байна.
Аялал жуулчлалын олон улсын “ITM-2022” үзэсгэлэн аравдугаар сарын 28, 29, 30-ний өдрүүдэд үргэлжилнэ.
Эх сурвалж: БОАЖЯ