Шүгэл үлээгчийн эрхзүйн байдлын тухай хуулийн төсөлтэй холбоотойгоор иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл болох "Нээлттэй нийгэм” форумын Эрх зүйн хөтөлбөрийн менежер, АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн гишүүн П.Бадамрагчаатай ярилцлаа.
-Шүгэл үлээгч гэж хэнийг хэлэх вэ?
-Сонгодог ойлголтоороо шүгэл үлээгч гэдэг нь өөрийн хийж буй ажлын хүрээнд хууль бус үйлдэлтэй холбоотой мэдээлэл олж авсан этгээдийг хэлдэг. Өөрөөр хэлбэл, шүгэл үлээх үйлдэл хийж буй хүн гэж ойлгож болно. Тухайлбал, авлига, ашиг сонирхлын зөрчил, гэмт хэрэг, нийтийн эрүүл мэнд, эрх мэдлээ урвуулан ашиглах зэрэг үйлдэлд шүгэл үлээж болдог. Эдгээр нь нийтийн ашиг сонирхлыг хохироосон, хохироож болзошгүй байвал зохих арга хэмжээ авах хүн, хуулийн этгээдэд хандан өргөдөл, гомдол гаргах, тайлбар өгөх зэрэг үйлдэл хийж буй хүнийг шүгэл үлээгч гэж үзнэ.
Энэ утгаараа Шүгэл үлээгчийн эрхзүйн байдлын тухай хууль бол маш чухал. Монгол Улсын тухайд авлигатай тэмцэх, далд байдаг гэмт хэргийг ил болгоход хуулиар зохицуулалт хийж байна гэсэн үг юм.
-Тэгвэл сэтгүүлчдийг шүгэл үлээгч гэж хэлж болох уу?
-Яг ч тэгж ойлгож болохгүй. Хуулиндаа мэдээллийг хамгийн анх олж аваад үйлдэл хийчихсэн хүнийг шүгэл үлээгч гэнэ гээд тодорхойлчихсон байгаа. Тодруулбал, хууль бус үйлдлийг таслан зогсоох үүднээс хэн нэгэнд хандсан хүнийг шүгэл үлээсэн гэж үзэх боломжтой.
Харин хуульч, мэдээллийн хэрэгслээр дамжуулах үйл явц нь мэдээллийг ил болгох арга замуудын нэг юм. Хэвлэл бол үндсэндээ мэдээлэл дамжуулах суваг нь гэсэн үг. Олон улсын практикт үүгээр дамжуулан шүгэл үлээж болно гэж үздэг. Мөн шүгэл үлээгч өөрөө ил гарахыг хүсэхгүй байгаа тохиолдолд хуульч буюу итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулан мэдээллийг ил болгож болдог.
-Иргэний нийгмийн байгууллагуудын зүгээс тус хуулийн төслийг дэмжиж байгаа юу?
-Шүгэл үлээгчийн эрхзүйн байдлын тухай хууль цаг хугацаа алдахгүй батлагдах нь чухал. Гэхдээ хэд хэдэн зүйл дээр анхаарах ёстой гэж харж байгаа. Ихэнх хүмүүс шүгэл үлээгчдийг матаач нар гэж харах хандлагатай байдаг. Тиймээс энэ тохиолдолд зөвхөн хууль баталж гаргаад зогсохгүй соён гэгээрүүлэх ажил хийх хэрэгтэй.
Хоёрдугаарт, шүгэл үлээгч нарт нийгмээс үзүүлэх дарамт маш их. Тиймээс тэднийг хэрхэн хамгаалах вэ гэдгийг тодорхой болгох ёстой. Энэ бол иргэний маш том эр зориг гаргаж хийдэг ажил. Өөрийн нэр хүнд, ажил хөдөлмөр, бизнес эрхлэх боломжоо дэнчин тавьж байгаагаас ялгаагүй. Тиймээс тэднийг хамгаалах арга зам нь хуулинд бүрэн тусгагдсан уу гэдгийг анхаарч авч үзэх шаардлагатай гэж харж байгаа.
Төрийн бус байгууллагууд уг хуулинд ач холбогдол өгч, санаа зовж байгаагийн цаад шалтгаан нь, бидэнд давтаж болохгүй маш олон гашуун туршлага бий. Бидний хувьд нэг төрлийн ацан шалаанд орчхоод байгаа юм. Хуулийг батлах ёстой юу гэвэл зайлшгүй, маш хурдан батлах ёстой. Гэвч яг баталъя гэхээр учир дутагдалтай болчих вий гэж санаа зовж байна.
Хэрэв энэ чигээр нь явуулчихвал их хайран зүйл болох гээд байгаа юм. Учир нь хуулийг дахиж засаж, залруулна гэдэг маш хүндрэлтэй байдаг. Ялангуяа төсөв, хүний нөөц шаардагдсан ийм хуулийн тухайд бүх зүйлийг нь маш тодорхой болгож батлах ёстой.
Монгол Улс шүгэл үлээгчийн тухай хуультай боллоо гэж яриад явах нь чухал уу, эсвэл энэ хууль яг ямар үе шаттайгаар, яаж хэрэгжих вэ гэдэг мөн чанарт анхаарах нь чухал уу гэдгийг бодолцож үзэх хэрэгтэй.
Ямартай ч хуультай байх нь чухал. Гэхдээ хэрэгжихүйц байх ёстой.
-Шүгэл үлээгчийн тухай хууль өмнө батлагдаж байсан ижил төстэй хуулиудаас юугаараа ялгарах вэ?
-Авлига, ашиг сонирхлын зөрчил болон нийтийн эрх ашигтай холбоотой асуудлыг илүү тусгасан. Үүгээрээ л онцлог байх.
Нөгөөтээгүүр Авлигын эсрэг НҮБ-ын конвенцод энэ механизмыг үндэсний хэмжээнд бий болгох ёстой гэж шаарддаг. Олон улсад шүгэл үлээгчийн хуулийг авлигатай тэмцэхэд маш чухал үүрэгтэй гэдгийг хүлээн зөвшөөрчихсөн. Энэ утгаараа уг хуулийг батлах гэж зорьж байгаа.
-Шүгэл үлээгчийн өгч буй мэдээлэлд ямар шаардлага тавих вэ?
-Мэдээллийг хүлээж авах хэд хэдэн байгууллага бий. Юуны өмнө шүгэл үлээгчээс ирүүлж буй мэдээлэл нотлох баримттай байх ёстой. Мэдээлэл илгээсний дараагаар холбогдох байгууллагууд нягталж, мэдээлэл тодорхой хэмжээнд үндэслэлтэй гэж үзвэл тухайн иргэнийг хамгаалалтад авна. Үүний дараагаар мөрдөн шалгах ажиллагааг явуулна.
-Шүгэл үлээгч болон түүний гэр бүл, ойр дотнынхон заналхийлэлд өртсөн тохиолдолд хэрхэн хамгаалах вэ. Яг аль институт энэ асуудлыг хариуцаж ажиллах вэ?
- Шүгэл үлээж буй иргэний хувийн мэдээлэл нууц байх ёстой. Энэ хуулийн хамгийн чухал зүйл нь субъектийг хамгаалах тогтолцоог бий болгох юм. Энэ тогтолцоонд багтаж буй байгууллагууд төсөв, нөөц бололцооны хувьд хэвийн ажиллагаатай, итгэл хүлээхүйц байх ёстой. Харин төр засгаас эдгээр асуудлыг шийдэж өгөх боломжтой юу гэдэг гол асуудал болоод байна.
Хуулийн байгууллагуудын хувьд яам л гоё байшинтай болохоос биш бусад нь хүний нөөц хомс, дэд бүтэц муу маш хэцүү, хязгаарлагдмал нөхцөлд үйл ажиллагаа явуулдаг. Одоогоор шүгэл үлээгчдийг ямар институт хамгаалах нь тодорхойгүй байгаа. Тэгэхээр АТГ цагдаагийн байгууллагатай хамтарч шүгэл үлээгчийг хамгаалах юм уу, эсвэл цагдаагийн байгууллагад тодорхой нэгж байгуулах юм уу гэдгийг тодорхой болгох хэрэгтэй.
Яг үнэнийг хэлэхэд авлигын төсөөллийн индексийн оноог нэмэхэд шүгэл үлээгчийн хуулийг баталсан гэдэг энэ өгүүлбэр л чухал байгаад байгаа юм. Тэрнээс биш бодит байдал дээр шүгэл үлээгчийг хамгаалдаг механизм бий болгочихсон юм уу, энэ хуулиар бий болчих юм уу гэдэг асуултад хариулт байхгүй.
Мөн хамгаалах арга хэрэгсэл нь хэрэгжихүйц, бүхэл бүтэн байгууллагын бүтэцтэй дүйцэхүйц тогтолцоотой байх ёстой. Гэтэл одоо өргөн барьсан хууль нь олон улсын жишиг стандартуудыг харж байгаад буулгаад ирчихсэн хууль байгаа. Хөрсөн дээрээ АТГ энэ хуулийг хэрэгжүүлэхэд ямар чиг үүрэгтэй ажиллах, тус газарт шаардлагатай хүний нөөц байгаа юу, үгүй юу гэх мэт олон асуулт тодорхойгүй байна.
-Хамгийн чухал зүйл нь шүгэл үлээгчийн хувийн мэдээллийг нууцлах институт нь найдвартай, итгэл даахуйц байх ёстой шүү дээ?
-Тийм ээ. Нууцлал маш чухал. Үүнийг хэрэгжүүлэх иститут байх ёстой. Гэтэл маш олон байгууллагын дунд намайг хаячихвал яах юм бэ. Мэдээллийг маань ямар нэг аргаар задруулаад тавьчихвал яах вэ. Монголд сүүлийн өдрүүдэд болж өнгөрсөн хэргүүдээс хүний хувийн мэдээлэл гэдэг ямар эмзэг, нээлттэй болсныг харж болохоор байна. Хүн ямар ч хэрэг үйлдсэн байж болно. Гэм буруутай нь тогтоогдоогүй байхад ажлын газар, гэр бүлийн хувийн мэдээлэл, регистр гээд бүх зүйлийг нь гаргаад ирж байна. Энэ бүх мэдээлэл нээлттэй бэлэн байж байна шүү дээ. Ийм нөхцөлд шүгэл үлээсэн хүнд маань хамгаалагдана гэсэн итгэл үнэмшил яаж төрөх вэ. Иргэн хүний хувьд яалт ч үгүй ийм асуулт гарч ирж байгаа биз. Уг нь шүгэл үлээгч шүүх, цагдаа, хуулийн байгууллагадаа итгэмээр байдаг. Гэтэл нууц мэдээллүүд төр, хуулийн байгууллагуудаар дамжин хэвлэл мэдээлэлд нийтлэгдээд байна. Тэгэхээр шүгэл үлээж буй хүмүүсийн мэдээлэл алдагдахгүй гэх баталгаа байхгүй. Мэдээлэл өгсний төлөө зөрүүлээд шүгэл үлээгч рүү дайрах нөхцөл үүснэ.
Монголд түгээмэл байдаг нэг үзэгдэл бол хохирогч өөрөө буруутай болоод дуусдаг явдал. Бүр бэлгийн хүчирхийллийн хохирогчийг хүртэл архичин, явдалтай болгож өөрийг нь буруутгадаг. Нэр хоч өгөх, нийгмээрээ буруушаах хандлага маш их байдаг. Уг хууль бол энэ бүгдээс хамгаалах л үүрэгтэй. Гэхдээ яг хамгаалах гээд байгаа байгууллага нь мэдээллийн нууцлалаа яаж хангах юм бэ л гээд байгаа юм. Энэ асуудал шагнал, мөнгөнөөс илүү чухал хамгийн түлхүүр асуулт.
Мөнгө төгрөг бол дараагийн асуудал. Гэтэл дийлэнх хүмүүс мөнгө авах юм байна гэсэн утгаар нь л хараад байх шиг байна. Энэ хуулийг цөөхөн хүнд зориулсан хууль мэтээр харах нь зохимжгүй. Хэвлэл мэдээлэл эсвэл зарим эвгүй нөхдүүдэд зориулсан гэж харж болохгүй.
-Зарим нэг хүмүүс ашиг хонжоо хайх үүднээс Шүгэл үлээгчийн эрхзүйн байдлын тухай хуулийг батлах гэж байна гэх хардлага нийгэмд байна шүү дээ?
-Мэдсээр байж мэдээллийг нуун дарагдуулж, ашиг хонжоо хайх байдлаар нөгөө хүнээ дарамталдаг, дараа нь мэдээллээ ил болгож үүнийгээ “шүгэл үлээх” гэж нэрлэдэг асуудал манайд байдаг.
Гэхдээ мэдээлэл олж аваад өөрөө адилхан нуун дарагдуулах нь гэмт үйлдэл шүү дээ. Одоо оруулж ирж буй хуулийн төсөлд энэ асуудлыг зохицуулсан зүйл, заалт багтаагүй. Тиймээс энэ үйлдлийг ч гэсэн хуулиар зохицуулах шаардлагатай тулгарч байна.
Мөнгөн дүн гэдэг бол хөшүүрэг. Энэ утгаараа хуулийг буруугаар ашиглах, мушгин гуйвуулж, ашиг хонжоо хайх зэрэг асуудал гарах учраас үүнээс сэргийлэх хэрэгтэй. Нөгөөтээгүүр сэргийлж байна гээд шүгэл үлээгчийг дарамтлах асуудал үүсгэж болохгүй.
-Энэ хууль амьдрал дээр хэрэгжих боломжтой юу? Хэрэгжүүлэхийн тулд юу хийх шаардлагатай вэ?
-Гэрч хохирогчийг хамгаалах тухай хууль гэж байдаг. Энэ хуулийн хэрэгжилтээс Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн үр нөлөө ямар байх вэ гэдгийг урьдчилан мэдэх боломжтой. Өөрөөр хэлбэл, Гэрч хохирогчийг хамгаалах тухай хуулийг баталснаас хойш гэрчийн мэдүүлэг өгөх орчин сайжирсан уу, хэрэг мөрдөн байцаах, хянан шийдвэрлэх явцад хохирогч нарыг давхар хохироодог асуудал шийдэгдсэн үү гэдэгт дүгнэлт хийх хэрэгтэй.
Дээр хэлсэнчлэн энэ хуулийг батлах нь маш чухал. Сайн ч бай, муу ч бай иргэд шүгэл үлээгч гэдэг нь хуулиар хамгаалагдсан субъект юм байна гэдэг ойлголттой болно. Шүгэл үлээх гэдэг бол хууль ёсны үйл ажиллагаа, байх ёстой зүйл юм байна гэдгийг мэддэг болох нь маш чухал. Ядаж л матаач гэдэг үгнээсээ салах байх. Монголд бол хүний эрхийг хамгаалагч гэдэг нэр томьёо шинэ үзэгдэл. Тиймээс энэ нэр томьёог нутагшуулж, жил жилээр сайжруулаад явах хэрэгтэй.
-Ярилцсанд баярлалаа.