/2022.10.20/: 2023 төсөвт хүүхдийн мөнгийг 100 мянган төгрөг хэвээр нь үлдээж, нийт хүүхдийн 91 хувьд нь буюу бага болон дунд орлоготой өрхийн хүүхдэд олгохоор шийдвэрлэсэн.
Үлдсэн 9 хувь нь өндөр орлоготой буюу өрхийн орлого нь сарын 3.5 саяас дээш бол хүүхдийн мөнгө авахгүй байхаар зохицуулалт хийжээ.
Энэ талаар Сангийн сайд Б.Жавхлан "Ирэх оны төсөвт 1 их наяд 396 тэрбум төгрөг нийт хүүхдийн 91 хувьд нь очихоор өргөн барих гэж байна. Эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдалд хүүхдийн мөнгөөр дамжуулж өрхийн орлогыг дэмжих томоохон төсвийн бодлого байсан. Үүнийг цаашдаа огцом бууруулах боломж байхгүй. Эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдал үргэлжлэх төлөвтэй байгаа ийм үед өрхийн орологын түвшинд өндөр орлоготой хэсэг нь хүүхдийн мөнгөнөөс татгалзах. Ингэснээр дунд болон бага орлоготой масс хэсгийн хүүхдийн мөнгийг тасалдуулахгүй хэвээр нь үргэлжлүүлэх боломжийг баталгаажуулж байна. 100 мянган төгрөг хэвээр нь үлдээж 91 хувьд нь олгоно.
Орлогын түвшний хувьд ХНХЯ болон Үндэсний статистикын хороо, төрийн мэдээллийн баазуудад байдаг судалгаанд түшиглэн 3,5 саяас дээш орлоготой өрхүүд өндөр орлоготойд тооцогдоно. ҮСХ дээр байгаа тооцооллоор нийслэлд өрхийн дундаж орлого 1.9 сая, орон нутагт 1.6 сая төгрөг байна. Улсын дундаж нь 1.7 сая төгрөг. Тэгэхээр дундаж хэмжээг хоёр дахин гэж тооцохоор 3.5 сая ба түүнээс дээш төгрөгийн орлоготой өрх өндөр орлоготой ангилалд байна" гэсэн байна.
УИХ-ын намрын чуулган нээлтээ хийж, Нээлтийн дараа УИХ-ын гишүүн Т.Доржханд 2023 оны төсвийн талаар мэдээлэл хийхдээ хүүхдийн мөнгөний талаар дараах байр суурийг илэрхийлсэн.
Тэрээр "Хүүхдийн мөнгийг 100 хувиас 91 хувьруу буулгасан байна. Үүнийгээ дорвитой буулгаж эхний ээлжид дор хаяж 20 хувь буулгах боломж байна. Тухайлбал хүүхэд 16 нас хүрээд иргэний үнэмлэх авдаг учраас 16, 17 настай хүүхдүүдийг хасаад 0-16 насны хүүхдэд олгох хэрэгтэй. Хоёрт, тухайн өрхийн гишүүдийн нэг хүнд оногдох сарын орлого нь нэг сая төгрөгөөс дээш байх юм бол хүүхдийн мөнгөнөөс чөлөөлөх бүрэн боломж байна. Дээрх зардлуудыг хэмнэх юм бол дор хаяж 20 хувийн хэмнэлт бий болж байна" гэсэн юм.
Гэвч энэ шийдвэрийг иргэд улс өөрөө иргэдээ баян ядуугаар нь ялгаварлан гадуурхсан хэрэг болж байна хэмээн үзэж байгаа юм. Монгол Улсын Үндсэн хуулийн 14.2-т зааснаар
Хүнийг үндэс угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал байдал, хөрөнгө чинээ эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно хэмээн заасан байдаг.
Сонгинохайрхан дүүргийн 14-р хорооны иргэн Д.Ариунзаяа "Хүүхдийн мөнгийг ялгавартай олгох нь буруу байх. Өрхийн орлогоор ялгаварлаж байгаа юм бол ам бүлд оногдох хэмжээг харгалзан үзэх хэрэгтэй санагдаж байна. 3.5 сая төгрөгөөр 10 ам бүлээ тэжээдэг айл байж болно шүү дээ. Өрхөд байгаа хүүхдийн тоог бодолцох хэрэгтэй. Зургаан хүүхэдтэй өрхийн нэг нь их сургуульд, хоёр нь дунд сургуульд, хоёр нь цэцэрлэгт, нэг нь гэртээ гээд тооцоход л үр дүн харилцан адилгүй гарна" гэсэн юм.
Мөн Сүхбаатар дүүргийн 1-р хорооны иргэн Б.Өнөржаргал "Эцэг эх нь илүү хөдөлмөрлөлөө гээд хүүхдийн мөнгөнөөс хасна гэдэг шударга бус л зүйл байхдаа" гэлээ.
МУИС-ийн Санхүүгийн тэнхимийн эрхлэгч Б.Энх-Амгалан "Манай улсын эдийн засгийн байдлаас харвал хүүхдийн мөнгийг 100 мянгаар тараах нь маш буруу зүйл. Анхнаасаа 20 мянга байсныг Ковидын нөхцөл байдлаас шалтгаалан 100 мянган төгрөг болгосон Одоо энэ оны 12 сарын 31 гээд Ковидын хууль цуцлагдаад нөхцөл байдал өөрчлөгдсөн учир ирэх оноос хүүхдийн мөнгөө эргүүлээд 20 мянга болгох хэрэгтэй. Харин 3.5 саяас дээш орлоготой өрхийн хүүхдүүдэд өгөхгүй гэж үзэж байгаа нь иргэдээ орлогоор нь ялгаварлан гадуурхсан хэрэг болж байна.
Үүн дээр мөн өрхийн орлогыг хараад хүүхдийн тоог нь харгалзан үзэхгүй байна. Нэг хүүхэдтэй айл, дөрвөн хүүхэдтэй айлын 3.5 сая төгрөгийн орлого хоорондоо маш их ялгаатай. Өрхийн орлогоор нь хүүхдийн ялгаварлаж их мөнгө тарааснаас өмнөх жишгээрээ 20 мянга төгрөгөө бүгдэд нь өгөөд өгөхгүй бол бүгдэд нь өгөхгүй байсан нь дээр. Үүнийхээ оронд эцэг эхийг нь ажлын байртай болох талаас нь илүү анхаараад, хангалттай орлоготой болгох хэрэгтэй" гэсэн юм.