М.Батболд: Эрхтэн шилжүүлэн суулгуулсан хүмүүс эмнэлэг байнга орох нь эрсдэлтэй байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

М.Батболд: Эрхтэн шилжүүлэн суулгуулсан хүмүүс эмнэлэг байнга орох нь эрсдэлтэй байна

No description available.

/2021.08.23/ Монголд эрхтэн шилжүүлэн суулгуулсан 700 орчим иргэн байдаг. Тэдний дархлаа энгийн хүнийхтэй харьцуулбал хэд дахин бага. Тэгвэл цар тахлын үед тэдэнд тулгарч буй хүндрэл бэрхшээлийн талаар Эрхтэн шилжүүлэн суулгуулагсдын холбооны гүйцэтгэх захирал М.Батболдтой ярилцлаа.

ЭРХТЭН ШИЛЖҮҮЛЭН СУУЛГУУЛСАН 700 ХҮН БҮГД ХОЁРХОН ЭМЧЭЭС ЭМ, ТАРИАГАА БИЧҮҮЛЖ АВДАГ

-“Ковид-19” халдварын үед эрхтэн шилжүүлэн суулгуулсан хүмүүст тулгарч буй гол асуудал юу байна вэ?

-Эрхтэн шилжүүлэн суулгуулсан хүмүүс дархлаа дарангуйлах эмийг насаараа уудаг. Өөрөөр хэлбэл, дээрх иргэдийн дархлаа энгийн хүнийхээс харьцангуй бага байдаг.

Эрхтэн шилжүүлэн суулгуулсан иргэдийн хувьд эмнэлэг дээр очих зайлшгүй шаардлагатай.

Энэ хүнд үед эмнэлэгт байнга очно гэдэг нь байнгын улаан бүсээр дамжин явах эрсдлийг бий болгодог. Энэ нь сул дархлааг онилдог коронавируст халдвар тусах магадлал бидэнд илүү болж байна гэсэн үг.

Эрхтэн шилжүүлэн суулгуулсан 700 хүн бүгд хяналтын хоёрхон эмч дээр дугаарлаж эмчилгээ, эм тариагаа бичүүлж авдаг.

-Заавал эмнэлгээр үйлчлүүлэхгүйгээр асуудлыг хэрхэн шийдвэрлэвэл зүгээр вэ?

-Биднийг эм авахдаа хурууны хээгээ дарж байж бичүүлж авахыг шаарддаг. Тиймээс манай холбооноос “Эрхтэн шилжүүлэн суулгуулсан хүмүүс эмнэлэгт очихгүйгээр эмээ авдаг систем рүү оруулж өгөөч” гэж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт хүсэлт явуулсан.

Ингэхдээ тухайн иргэний регистрийн дугаараар шүүж, цаанаас нь эмийнх нь кодыг өгдөг байвал зүгээр байгаа юм. Харин шинжилгээ өгөх ч юм уу, зайлшгүй тохиолдол гарвал эмнэлэг дээр очиж болно. Тиймээс эрсдэлт бүлгийн хүмүүс гэдэг утгаар нь ядаж нэг ч гэсэн асуудлыг нь шийдэж өгөхийг хүсэж байна.

-Эрхтэн шилжүүлэн суулгуулсан иргэдийн зайлшгүй уух ёстой эм гэж байдаг. Тэдгээр эмийн нөөц хэр байдаг вэ?

-Эрхтэн шилжүүлэх суулгуулсан иргэдийн тогтмол уудаг хэд хэдэн эм бий. Уг эмийн үйлчлэх хугацаа 12 цаг байдаг. Өөрөөр хэлбэл тухайн хүмүүсийн амь нас 12 цагаар хэмжигддэг гэж ойлгож болно. Тийм учраас дархлаа дарангуйлах нэлээд хэдэн төрлийн эм уудаг.

Эдгээр эмийн заримыг нь улсаас даадаг. Үлдсэнийг нь өөрсдөө худалдаж авдаг. Эм тасрах тохиолдол заримдаа гарна. Харин улсаас даадаг эмийг улсын төвийн эмнэлэг цаанаасаа тендерээр шалгаруулж бэлтгэдэг учраас асуудал гардаггүй. Эмийн нөөцийг хангалттай бэлдсэн байдаг. Дархлаа дарангуйлах эмийн нөөц хэрэв долоо хоног л тасарвал аюул болно.

ЯАГААД АППЛИКЭЙШН АШИГЛАЖ ЭМ, ТАРИАГАА АВЧ БОЛОХГҮЙ ГЭЖ?

-Emch аппликэйшний хамт олон энэ тал дээр шаардлагатай технологийн өөрчлөлтийг хийж байгаа гэсэн. Энэ талаар?

-Emch аппликэйшн бол маш сайн. Бид энэ апп-ын нэг модульд ороод явж байгаа. Үүгээр дамжуулаад бусад эмнэлэг, эмчтэй харилцах, эмийн код авах асуудлыг ч мөн шийдвэрлэх боломжтой.

Эрүүл мэндийн салбар нэгдсэн сантай болмоор байгаа юм. Тухайн мэдээллийн санд нь бүгд байх ёстой. Эм, эмийн сан, эмнэлэг, төрөл бүрийн нарийн мэргэжлийн эмч нар, өвчтөнүүд байх ёстой. Үүнийг хийх боломжийг Emch аппликэйшн дээр байна гэж хараад байгаа юм. Аппликэйшнээрээ дамжуулан эм захиалах, зөвлөгөө, эсчид үзүүлэх цаг авах, шинжилгээний хариу авах гэх мэт маш олон үйлчилгээнүүдийг авч болно. Тэгэхээр ЭМЯ-наас Emch аппликэйшнийг хөгжүүлж байгаа хүмүүстэй энэ тал дээр хамтарч ажиллаач гэж хүсмээр байна. Энэ бол зөвхөн эрхтэн шилжүүлэн суулгуулсан хүмүүс төдийгүй бүх иргэнд хэрэгтэй зүйл байгаа юм. Одоо цагт ер нь хэрэгтэй байгаа бүх зүйлээ апп-аар дамжуулж авч байна. Хоол, хувцас, тавилга гэх мэт. Тэгэхээр яагаад эмээ ч гэсэн үүн шиг захиалж авч болохгүй гэж. Үүгээр дамжуулаад шүдний эмнэлэгт ч гэсэн захиалга өгч болно шүү дээ.

-Улсаас дээрх хүмүүсийн эмийн тал хувийг даахаас өөрөөр хэрхэн дэмжлэг үзүүлдэг вэ?

-Эрхтэн шилжүүлэн суулгуулсан иргэд тодорхой хугацаанд хөдөлмөрийн чадамжгүй болж 2-3 жил улсаас группийн мөнгө, тэтгэмж авдаг. Гэхдээ дээрх иргэдийн зарим нь заасан хугацаанд бүрэн хөдөлмөрийн чадамжтай болж чаддаггүй. Группийн хугацаа дуусахаар бүрэн эдгэрч амжаагүй хүмүүсийн эм, эмчилгээнд асуудал үүсдэг. Амжиргаагаа залгуулах, эм авах төлбөрийн хувьд ч хүндрэл бий болж амьдралын чанарт нөлөөлдөг гэсэн үг.

Эрхтэн шилжүүлэн суулгуулсан хүмүүст эмчилгээ хийлгэх, эм авах гээд сард 1.5-2 сая төгрөгийн зарлага гардаг.

Монголд бүтэн цагаар ажиллаад ч ийм хэмжээний цалин авахгүй шүү дээ. Тиймээс энэ тал дээр жаахан тусалж дэмжмээр байдаг юм.

Группийн хугацааг тухайн хүний биеийн байдал тодорхойлно. Тэрнээс биш нэг хоёр жилийн дараа тухайн хүн бүрэн эдгэрэх эсэхийг тааж мэдэхгүй шүү дээ.

Тэгэхээр тухайн хүний биеийн байдал, хяналтын эмч, групп тогтоодог эмнэлгийн комиссын шийдвэрийг үндэслэж тэтгэмжийг цаашид олгох эсэхийг шийдвэл амьдралд илүү бодит байх болно. Энэ бол эрхтэн шилжүүлэн суулгуулсан хүмүүст тулгамдаж буй хамгийн том асуудал юм.

Хэрэв уг иргэний биеийн байдал сайжрахгүй байгаа бол хэдэн жил ч байсан хамаагүй группээс мөнгө аваад явж л байг. Нөгөө талаас хугацаанаасаа өмнө эдгэрсэн хөдөлмөрийн бүрэн чадамжтай болсон хүн бас эрт групппээс гарч болно шүү дээ.

Тиймээс манай холбооноос Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яаманд группыг тодорхой заасан хугацаагүй болгох талаар хүсэлт гаргасан байгаа.

-Эрхтэн шилжүүлэн суулгуулсан иргэд вакциндаа бүрэн хамрагдсан уу?

-Ихэнх нь вакциндаа хамрагдсан. Эрсдэлтэй бүлэгт багтдаг учир улсаас дааж Пфайзер вакцин хийлгүүлсэн.

-Монгол хүмүүс ямар эрхтэнийг хамгийн их шилжүүлэн суулгуулдаг вэ?

-Элэг болон бөөрийг ихээр шилжүүлэн суулгуулдаг.

ОХУ: Сурагчдын танхимын хичээлийг бүтэн цагаар явуулна
ОХУ: Сурагчдын танхимын хичээлийг бүтэн цагаар явуулна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.