/2022.09.28/: Москвагийн иргэн Родион Логвин өнгөрсөн долоо хоногт Ерөнхийлөгч Владимир Путин дайчлах тухай зарласнаас хойш дайчилгаанд явахгүйн тулд Өмнөд Кавказын Гүрж улс руу дүрвэхээр шийджээ.
30 настай Логвин "Тэр өдрийн орой гэхэд би эд зүйлсээ баглаж, ээждээ яах гэж байгаагаа хэлээд Москвагаас гарлаа. Сэтгэл хөдлөл үнэхээр гайхалтай байсан" гэв.
Тэрээр 2000 км замыг туулж, цагдаагийн шалган нэвтрүүлэх цэгээс бултаж, хил дээр асар урт машины цуваанд зогссоны эцэст өнгөрсөн амралтын өдрүүдэд Гүржийн нийслэл Тбилисид хүрэлцэн иржээ.
Кремль цэргийн насны залуусыг гаргахгүй тулд хил гарахыг хориглох вий гэсэн болгоомжлолын улмаас Логвин шиг цэрэг татлагын насны хэдэн арван мянган орос эрчүүд хөрш орнууд руу дүрвэжээ.
Орос улс лхагва гарагт дайчлах боломжтой хүмүүст хилээ хааж магадгүй гэж Медуза ням гарагт эх сурвалжаас иш татан мэдээлэв.
Орос-Гүржийн хил дээр байгаа нэрээ нууцлахыг хүссэн нэгэн орос эр даваа гарагт The Moscow Times сонинд "Олон хүн машинаа орхихоор шийдсэн. Тэдэнд ус, түлш, юу ч байхгүй" гэж хэлжээ.
Логвин хэмээх залуу есөн километр үргэлжилсэн түгжрэлд 34 цаг хүлээсний эцэст хил давж чадсан бөгөөд тэрээр "Энэ бол эмх замбараагүй байдал" гэж хэлжээ.
Даваа гарагт хилийн боомт дээр 3500 орчим машин жагсаж байсныг орон нутгийн албаныхан мэдээлэв. Мөн хил дээр байсан хэд хэдэн хүмүүс хуягт тээвэрлэгч дээр Оросын цэргүүдийг харсан гэж The Moscow Times сонинд ярьжээ.
“Шатахуун түгээх станц байхгүй. Хамгийн ойрын жорлон нь хилээс хоёр километрийн зайд байдаг. Бид эгнээнд байраа хамгаалах ёстой байсан. Тулаан мэт санагдлаа” гэж Логвин хэлэв.
Зарим хүмүүс их хөл хөдөлгөөн, түгжрэлийг тойрч гарахын тулд скутер, унадаг дугуйгаар Гүржийн хилийг давжээ.
Дэлхийн 2-р дайнаас хойшхи анхны дайчилгаа зарласнаас хойш дөрөв хоногийн дотор 260 мянга орчим цэргийн насны эрчүүд эх орноо орхин гарсан гэж бие даасан хэвлэл мэдээллийн Novaya Gazeta Europe ням гарагт Кремлийн эх сурвалжаас иш татан мэдээлэв.
ОХУ-тай хиллэдэг Европын Холбооны орнуудад нэвтрэх шаардлагыг чангатгаснаар тус улсаас гарсан хүмүүсийн ихэнх нь Өмнөд Кавказын Гүрж, Армен, Беларусь, Турк, Төв Азийн орнуудыг зорьж байна.
Нэрээ нууцлахыг хүссэн 30 настай Москвагийн нэгэн иргэн "Би улсаасаа явах шийдвэрийг гаргахад ердөө л 30 минут зарцуулсан. Би дэмий хоосон үхмээргүй байна" гэв.
Telegram нь дүрвэж буй хүмүүсийн мэдээллийн гол эх сурвалж байсан бөгөөд Орос-Гүржийн хил дээрх нөхцөл байдлын талаар хүмүүст мэдээлэх зорилготой нэг суваг таван өдрийн дотор захиалагчдаа хоёр дахин нэмэгдүүлж, 127,000 гаруй хүнтэй болжээ.
Эх сурвалж: Themoskovtimes