П.Отгонтуяа: “МҮОНТВ нь Монголын нийгэмд хэрэгтэй медиа байгууллага“ гэсэн судалгааны дүн гарсан
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

П.Отгонтуяа: “МҮОНТВ нь Монголын нийгэмд хэрэгтэй медиа байгууллага“ гэсэн судалгааны дүн гарсан

/2022.9.27/ 1967 оны 9-р сарын 27 нд Монгол улсад анх телевизийн салбар үүссэн өдөр. Өнөөдөр телевизийн салбарын 55 жилийн ой тохиож байна. Бид МҮОНРТ-ийн Төрөлжсөн сувгийн захирал П.Отгонтуяатай ярилцлаа.

-МҮОНТВ үндсэн сувгаасаа гадна Мэдээний, Спортын, Англи хэл дээрх MNB World гээд төрөлжсөн сувгуудтай. Ер нь төрөлжсөн сувагтай байхын давуу тал нь юу вэ?

-MNB World гэдэг сувгийг үүсгэн байгуулъя гэж арваад жилийн өмнөөс ярьсан ч таван жилийн өмнө л байгуулсан. MNB спорт суваг мөн тав дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. MNB World сувгийн давуу тал бол англи хэл дээр Монголын талаарх мэдээллүүдийг хүргэдэг. Үйл явдлын мэдээлэл дамжуулахын зэрэгцээ өв уламжлал, түүх, соёлынхоо талаар бэлтгэсэн маш олон контентыг орчуулж гаргадаг. Спортын суваг бол мэдээж спорт сонирхогчдод зориулсан төрөлжсөн суваг. Мөн үүсэн байгуулагдаад 5 жил болж байна. Олон нийтийн радио телевизийн тухай хуулинд эдгээр сувгуудыг шинээр үүсгэн байгуулна гээд заачихсан байдаг.

-Зорилтот хэрэглэгчдэдээ хэр зэрэг хүрч чаддаг вэ?
-MNB World сувгийн хувьд Монголд байгаа олон улсын байгууллагууд болон ЭСЯ-д хамтын ажиллагаатай байдаг. Мөн монголд амьдарч байгаа гадаад иргэд, хилийн чанадад байгаа үзэгчид биднээр дамжуулан монголын тухай мэдээллийг хүлээн авч байна. Англи хэл сурах гэж байгаа залуус болон англи хэл дээр мэдээлэл авах сонирхолтой хүн болгонд нээлттэй суваг.

MNB world суваг цаашид “Вэб телевиз”-ийн хувилбараар дэлхийн зах зээлд хүрч, ирээдүйд интернэтэд суурилдаг болгох төлөвлөгөөтэй. Асар өндөр өртөгтэй хиймэл дагуулын сувагт нэгдэх биш интернэтэд суурилсан хувилбар илүү ашигтай болж ирсэн. Тийм учраас өргөн нэвтрүүлгийн суваг буюу Үндэсний телевизийн 5 сувгийн ядаж 1 нь интернетэд суурилсан байвал үүнийг дэлхий хаанаас ч ороод үзэх боломжтой шүү дээ.

-Ер нь ямар контент чинь үзэгчдэд хамгийн их хүрдэг вэ?
-Цагийн хүрд хөтөлбөрт бэлтгэсэн мэдээг орчуулгатай гаргах нь монголтой холбоотой мэдээг англи хэл дээр авах гэсэн үзэгчдийн хэрэгцээнд нийцдэг. Хоёрдугаарт, англи хэл дээрх контентуудаас Монголын уран сайхны кинонуудыг бид орчуулж гаргадаг. Тэдгээр нь хамгийн их хандалттай, ер нь кино үзэх сонирхолтой үзэгчид маш их.

-MNB World болон спорт сувгийн ажилтнууд үндсэн сувгийн ажилтнуудынхаа хэдэн хувийг эзэлдэг вэ?
-Нийт МҮОНТВ-ийн нийт орон тоо 700 орчим гэж батлагдсан байдаг. Төрөлжсөн сувагт одоогийн байдлаар 65-70 хүн буюу нийт ажилтнуудын 10 хувийг эзэлж байна.

-МҮОНТВ бусад телевизүүдээс юугаараа давуу талтай гэж бодож байна?
-МҮОНРТ бие даасан хуулиар зохицуулагдддаг олон нийтийн мэдээллийн хэрэгсэл.Хамгийн том онцлог бас давуу тал нь энэ. Монгол орны аль ч хязгаарт амьдарч байгаа айлд үндэсний радио, телевиз саадгүй гардаг техникийн нөхцөлд бид бэлэн байх ёстой. Энэ бол олон нийтэд үйлчилж байгаа эхний шалгуур.

Үндэсний радио, телевизийн сурвалжлах баг тэр хязаарт очиж мартагдаж байгаа өв соёлыг нь уран бүтээлдээ буулгаж ирэх, нэвтрүүлэг сурвалжлагаараа ахуй амьдралыг нь таниулахаар гарах нь бас нэг үүрэг. Энэ үүргээ бид биелүүлсээр л байна. Түүнээс гадна МҮОНТВ-ийн мэдээ нэвтрүүлгийг гадаад ертөнцөд Монгол Улсын байр суурь гэж хардаг. Бидний хариуцлага үүн дээр л илэрнэ.

-Өнөөдрийг хүртэлх 55 жилийн 20 жилд өөрөө МҮОНТВ-д ажиллажээ. Ажиллаж байх хугацаандчинь энэ телевиз хэр зэрэг өсөж хөгжиж, өөрчлөгдсөн гэж боддог вэ?
-2002 онд намайг анх ажилд ороход Радио телевизийн хэрэг эрхлэх газар гэж байдаг байлаа. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг гэсэн үг. Харин 2005 оны 1-р сард статус нь өөрчлөгдөж “Олон нийтийн радио телевиз” болсон. Нэг ёсондоо төрөөс хамаарахгүй мөн хэн нэгний хувийн өмч биш гэж тодотгосон.

Олон нийтийн телевиз болсноор хуулиар үүрэг хүлээсэн контентуудыг хийж эхэлсэн. Өөрөөр хэлбэл арилжааны биш олон нийтэд зориулсан, бүх насны бүлэг, зорилтот бүлэгт чиглэсэн нэвтрүүлгүүд бэлтгэх ёстой. Энэ хүрээнд одоо үйл ажиллагаагаа явуулж байгаа MNB сувгууд програмын бодлогоо төлөвлөн хэрэгжүүлж байна.

Хамгийн том өөрчлөлт бол техник, технологийн өөрчлөлт. Араас нь барьж авч гүйцэж чадахааргүй тийм хурдтай өөрчлөгдөж байна. Энэ шуурга MNB-г дайрсан уу гэвэл дайрч байгаа. Уламжлалт хэвлэл мэдээллийн хэрэгслээс дижитал ертөнц рүү контентийн урсгал чиглэж байгаа энэ үед дэлхийн бүх л хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй адилхан сорилтод бид орж байна.

Олон нийтийн телевизийн хууль батлагдсанаар төрийн шууд харъяанд байсан байгууллага гэнэт олон нийтийн гэдэг статус руу шилжсэн. Энэ үед ажилтнууд, уран бүтээлчдийнхээ сэтгэлзүйн шилжилтийг давхар хийх ёстой байсан юм болов уу гэж боддог. Яагаад гэвэл, “Чи Засгийн газрын агентлагт ажилладаг хүн шүү дээ гэдэг ойлголттой насаараа ажилласан ирсэн. Зарим нь 10, зарим нь 20 жил ийм ойлголттой явсан. Гэтэл гэнэт нэг өдөр “Чи олон нийтийн статустай ажиллана” гэчихэж байгаа юм.

Хүмүүсийн сэтгэлгээний өөрчлөлтөд маш их хугацаа зарцуулагдана шүү дээ. Бидний шилжилтийн үе одоо л цэгцэрч, оролцогч талууд нь статусаа ойлгож байх шиг санагддаг. Одоо дахиад ҮОНРТ-ийн тухай хуулийг өөрчилж шинэчилнэ гэдэг хүлээлттэй болсон.

УИХ-ын төрийн байгууллалтын байнгын хорооны ажлын хэсэг ҮОНРТ-ийн үйл ажиллагаатай танилцсан. Дүгнэлт гаргасан. Үүнтэй холбогдуулж хуульд өөрчлөлт оруулна гэдэг ойлголттой байна. Хамгийн гол нь ҮОНРТ-ийн тухай хуулийг хэрвээ өөрчилбөл бие даасан, хараат бус байдлыг нь илүү тодорхой болгож өгөх шаардлагатай.

-Саяхан танай байгууллага иргэдийн дунд судалгаа явуулсан гэсэн. Ямар үр дүн гарсан бол?
-Саяхан манай байгууллагаас захиалж үзэгчдийнхээ дунд нэгэн судалгаа явуулсан. МҮОНРТ гэдэг энэ байгууллага ер нь үндэсний хэмжээнд үзүүлэх нэр нөлөө нь хэр байна, иргэдийн итгэл хүлээсэн байдал нь хэр байна вэ гэдэг утгаар нь. МҮОНРТ-д хэр итгэдэг вэ гэдэг асуултын хариултаас 65 хувь нь эерэг гарсан. MNB гэдэг байгууллага институцийн хувьд ч мөн 63 хувьтай эерэг дүн үзүүлсэн. Монголын нийгэмд хэрэгтэй медиа байгууллага мөн гэдэг дээр 68 хувийн эерэг дүн гарсан. Үзэгчдэд хамгийн их хүрдэг, танигдах байдлаараа “Цагийн хүрд” мэдээллийн хөтөлбөр хэвээрээ. “Гэрэлтэй цонх”, “Цаг агаарын мэдээ”, Спортын мэдээ, Өглөө хөтөлбөр үзэгчдийн хувьд хүлээлт үүсгэдэг нэвтрүүлгүүд гэдэг үр дүн харагдаж байсан.

-Одоогоос 15-аас 20 жилийн өмнө сэтгүүлчдэд тавьдаг байсан шаардлага одоо ажиллаж байгаа сэтгүүлчид тавьдаг шаардлагаас юугаараа ялгаатай вэ?
-2002 онд би спортын сэтгүүлч, хөтлөгчөөр анх ажилд орж байсан. Хийдэг ажил мэдээ хөтөлнө. Тэмцээн уралдаануудыг сурвалжилна. МУСГЗ Г.Золжаргал ахтай “Спорт ритм” гэж нэвтрүүлэг хөтөлнө. Үндсэндээ хөтлөгчийн ажил голлодог байж. Харин 2006 онд ММ агентлагийн сурвалжлагчаар ажилд ороод мэдээ сурвалжлага гэж юу болох дуу, дүрс, текст, орчны чимээ өгүүлэмж гээд зөвхөн сэтгүүл зүй биш телевизийн ажил гэдгийг ойлгож эхэлсэн. МҮОНТ үндэсний хэмжээний медиа учраас үндэсний эрх ашигт дүйцэх хэмжээний мэдээ сурвалжилгууд бэлтгэнэ гэдэг шаардлагыг нэн тэргүүнд тавьдаг байлаа. Сэтгүүлчид өөрсдөө сэдвээ бэлтгэж шалгуулна. Чанаргүй сэдэв бэлтгэвэл "Цагийн хүрд"-ээр цацагдах мэдээний тоонд орж чадахгүй. Цалингүй л болно гэсэн үг.

-Тэр үед Мэдээний албанд хэчнээн сэтгүүлчид ажилладаг байсан бэ?
-Ойролцоогоор 15-18 сэтгүүлч ажилладаг байсан. Чанартай сайн сэдэв олчихоод, түүнийгээ батлуулсны дараа зураглаачтайгаа хамт мэдээндээ гарна гэдэг бол жинхэнэ телевизийн ажил шүү дээ. Хэчнээн гоё сэдэв бэлтгээд батлуулсан ч дүрс байхгүй бол нэмэргүй. Тийм болохоор зураглаачтайгаа маш сайн ойлголцож, ярилцах хэрэгтэй. Дараа нь дүрс, текстээ барьж очоод найруулагчтайгаа ойлголцох ёстой. Өдөржингөө яваад 10 минутын дүрс, 20 минутын яриа авчихсан байхад тэр нь оройны мэдээнд 3 минутл болж гардаг. Үхрийн махыг үнхэлцгэнд нь гэдэг шиг шүүсээ шахуулдаг л байлаа.

Цагийн хүрд”-д мэдээллээ өгч бэлтгэнэ гэдэг бол тэр үед маш нэр төрийн хэрэг байсан.

-Хэвлэл мэдээллийн байгууллагад тогтвортой хүний нөөц гэдэг маш чухал. Тэгэхээр төрөлжсөн сувгуудын хувьд чанартай боловсон хүчээ олж тогтоох гол арга нь юу вэ?

-Мэдрэмжтэй, ур чадвартай, бага зэргийн өгөгдөлтэй байхад их хурдан телевизийн хүн болдог. Цаашдаахэрхэн өсөж хөгжих нь сэтгүүлчийн өөрийнх нь зүтгэл, бүтээлч байдал, редакц болон редактораас шалтгаална.

-Ярилцлага өгсөнд баярлалаа.
-Баярлалаа.

Америк доллар эхлээд еврог одоо фунтийг залгиж байна
Америк доллар эхлээд еврог одоо фунтийг залгиж байна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.