Ш.Ариунаа: Малчин эмэгтэйчүүд хоногт 25 цаг ямар ч цалингүйгээр ажилладаг
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ш.Ариунаа: Малчин эмэгтэйчүүд хоногт 25 цаг ямар ч цалингүйгээр ажилладаг

Монголын Эмэгтэйчүүдийн хөдөлмөрийг дэмжих холбооны тэргүүн Ш.Ариунаа

/2022.8.23/ Иргэний нийгмийн байгууллагуудын дуу хоолойг хүргэдэг Индэр булангийн Өөрчлөгчид цуврал ярилцлагын шинэ дугаарыг хүргэж байна.

Энэ удаа бид Монголын Эмэгтэйчүүдийн хөдөлмөрийг дэмжих холбооны тэргүүн Ш.Ариунаатай ярилцлаа.

-Монголын Эмэгтэйчүүдийн хөдөлмөрийг дэмжих холбоо нь 2014 онд байгуулагдсан, эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, эдийн засгийн боломж хүртэх эрх ашгийг илэрхийлэн хамгаалах эрхэм зорилготой, нийгэмд үйлчилдэг ашгийн бус, төрийн бус байгууллага юм байна. Танай байгууллага нийгэмд ямар өөрчлөлт, эерэг үр дүнг бий болгосон бэ гэж асуувал?
-2014 онд магистрийн ангийн сурдаг, ажил хийдэг, бага насны хүүхэдтэй эмэгтэйчүүд хамтдаа ярилцаад суухдаа “Энэ нийгэмд эмэгтэй хүн сураад ажиллах, ажиллаад хүүхдээ харах яасан хэцүү юм бэ, энэ байдлыг яаж өөрчилж болох вэ" гэж ярилцаж байлаа. Эндээс эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих байгууллагаа байгуулсан. Өнөөдрийг хүртэлх хугацаанд бид багагүй амжилт гаргасан. Юун түрүүнд ажлын уян хатан цагийн асуудлыг бид байгуулагдсан цагаасаа ярьж байлаа. Энэ бол эмэгтэйчүүдийг хөдөлмөр эрхлэхэд хамгийн шаардлагатай зүйл. Ажлын байрны бэлгийн дарамтыг бусад иргэний нийгмийн байгууллагатай хамтран Хөдөлмөрийн хуулиар хуульчилж чадлаа. Гэхдээ энэ асуудлыг Эрүүгийн хуульд буцаан тусгуулах шаардлагатай. Манай байгууллагын дангаар хийж чадсан зүйл гэвэл НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлд хэд хэдэн тайлан илтгэлийг бэлтгэн, илгээсэн. Заримд нь Хүний эрхийн форумтай хамтарч ажилласан.

Одоо анзаарвал, дөрвөн жилийн өмнө “Эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дангаар дэмжих шаардлага байхгүй” гэдэг мэдээллийг төрөөс гаргаж байлаа. Харин одоо Монгол Улсын Засгийн газар эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бие даасан хөтөлбөртэй боллоо.

Энэ бол манай байгууллагын бие даан хийсэн ажлууд тодорхой хэмжээнд шийдвэр гаргах түвшинд болон иргэдэд хүрч байгааг илэрхийлэх болов уу.

-Танай байгууллага орон нутагт салбаруудтай. Орон нутгийн эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт ямар түвшинд байна вэ?
-Бид анх байгуулагдахдаа “Монголын эмэгтэйчүүдийн... “ гэж байгууллагаа нэрлэсэн. Яагаад ингэж нэрлэсэн бэ гэхээр олон нийтэд хүргэх төрийн бодлого шийдвэр нь Улаанбаатарт хамгийн сайн хүрдэг юм шиг анзаарагддаг. Орон нутгийн иргэд малчдын, малчин эмэгтэйчүүд, хязгаар нутгийнхны, Улаанбаатарт амьдарч байгаа ч төр засгийн мэдээлэл хүрч чадахгүй байгаа тэр хэсгийнхний дуу хоолойг яаж хүргэх вэ гэдгийг манай байгууллага стратеги зорилготоо 2015 онд оруулсан. Тиймээс бид хамгийн анхны салбараа Өвөрхангай, дараа нь Хөвсгөл аймагт байгуулаад байна. Орон нутагт эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийн тулгамдаж байгаа асуудал нь хүртэл өөр. Жишээ нь, цэцэрлэг байх атлаа ажлын байр байхгүй. Тиймээс хөдөлмөр эрхлэлтийн бодлогыг төлөвлөхдөө Улаанбаатар, орон нутагт өөр өөр байхаар тусгах, түүн дотроо малчин эмэгтэйчүүдийнх гээд тус бүр онцлогийг нь харгалзан боловсруулах шаардлагатай юм байна. Бидний хөтөлбөрт туссанаар малчин эмэгтэйчүүдийн хөдөлмөрийг үнэлэх шаардлага нэн тулгамдсан. Үүний тулд малчин эмэгтэйчүүд өөрсдийнхөө төлөө өөрсдөө дуу хоолойгоо хүргэдэг болгох тэр боломжийг бий болгохын төлөө ажиллаж байна.

-Орон нутгийн малчин эмэгтэйчүүд дуу хоолойгоо хүргэх гээд явах зав байгаа болов уу? Өглөө босоод л, үдшийн бүрий хүртэл завсаргүй хөдөлмөрлөдөг хүмүүс шүү дээ. Магадгүй, тэдгээрийг төлөөлж дуугарах хүн хэрэгтэй юм болов уу?
-Манай байгууллагын дүрэмд нэг заалт байдаг юм. Салбар зөвлөл байгуулсан ч малчин, өрх толгойлсон, олон хүүхэдтэй, төрийн байгууллага, хувийн хэвшилд ажилладаг эмэгтэй байх ёстой гэсэн үндсэн зарчимтай. Яг тэр зовлон жаргалыг өөрсдийн биеэр туулж байгаа хүмүүс байх ёстой. Тэгэхээр тэр хүмүүс өөрсдөө л дуугарна. Малчин эмэгтэйчүүдэд ямар асуудал тулгамдаад байгааг би ярих нь утгагүй. Харин тэр эмэгтэйчүүд хэрхэн нэгдэн нийлж, дуу хоолойгоо яаж өргөх вэ гэдэгт сургах нь чухал.

Бид ковид эхэлж байсан 2019 онд Өвөрхангайн 4 сумаар, 96 малчин эмэгтэйчүүдийн гэрээр орж, анкетын судалгаа хийсэн. Хангайн хоёр, говийн хоёр сум хамрагдсан.

Ингэхэд хангайн эмэгтэйчүүдийн эдийн засгийн хувьд эрх мэдэл нь арай дээгүүр. Бог, бод малаа бие даан худалдан борлуулах эрх нь тэдэнд 60 хувьтай байна. Эсрэгээрээ говьд амьдардаг эмэгтэйчүүд илүү хүнд нөхцөлд, мэдээлэл хомс, эдийн засгийн эрх мэдэл муутай амьдарч байна. Цагаан идээгээ л бага хэмжээгээр худалдан борлуулах багахан эрх мэдэлтэй байна. Харин шимийн архи, бог, бод мал худалдан борлуулах гэхээр тийм эрх тэдэнд алга.

Тэгэхээр мэдээлэл хаана хүрч чадахгүй байна тэнд эмэгтэйчүүдийн дуу хоолой, хүчирхэг байдал сул байна. Хүчирхэг байдал гэдэг нь өөрийнхөө бодол санааг нээлттэй илэрхийлдэг болохыг хэлж байгаа юм. Төвд нь хурал боллоо гэхэд эмэгтэйчүүд үнэлгээгүй гэрийн ажлаа хийгээд үлддэг, эрчүүд нь яваад очдог. Эмэгтэйчүүд хуралд очсон ч “Би энэ үгийг хэлчихвэл намайг ингэж хэлэх байх” гэж хойш суудаг. Орон нутагт байгаа эмэгтэйчүүдийн дуу хоолойг хүчтэй болгоно гээд байгаа нь энэ нийгэмд амьдарч байгаа хүмүүс эр, эмээсээ үл хамаараад өөрийнхөө төлөө дуу хоолойгоо нээлттэй хэлж чаддаг болгохыг хэлээд байгаа юм. Ингэж чадахгүй бол тэнд ардчилал байхгүй. Тиймээс бид энэ газруудад ажиллаж байна. Бусад орон нутгаас манайд санал ирж байгаа. Гэхдээ эхний ээлжинд байгуулсан хоёр салбараа хөл дээр нь босгочихоод дараагийнх руу нь орох төлөвлөгөөтэй.

-Тархан суурьшсан хөдөө орон нутагт 100 орчим эмэгтэйгээс судалгаа авна гэдэг тийм бага тоо биш болов уу. Судалгаагаар малчин эмэгтэйчүүдийн үнэлэгдэхгүй байгаа хөдөлмөрийн цаг нь хэд байна вэ?
-Судалгаагаар малчин эмэгтэйчүүд хоногт 25 цаг ажилладаг юм байна гэдэг үр дүн гарсан. Яагаад ийм байна гэхээр, эмэгтэйчүүд гал дээр хоолоо хийнгээ, хүүхдээ хөхүүлж, хажуугаар нь гарч малаа төллүүлдэг гэх мэт. Хүн ажил хийж байгаа бол түүнийг үнэлэх ёстой. Цагийн ажлын үнэлгээ 2019 онд 3500 төгрөг байсан. Ингээд малчин эмэгтэй 20 жил ажиллана гэж тооцвол наад зах нь 195 сая төгрөгийн ажлыг ямар ч үнэгүй, цалингүй хийдэг юм байна гэсэн дүн гарч байсан.

-Ялангуяа 20-35 насны эмэгтэйчүүд, эрэгтэйчүүдийн хөдөлмөрийн оролцооны хувь даруй 15-аар доогуур байсаар ирлээ. Энэ тоо цаашид мөн хэвээрээ байх төлөвтэй байна гэж өөрөө ярьсан байсан. Үүнийг эергээр өөрчлөхийн тулд ямар алхам хийх нь зүйтэй гэж бодож байна вэ?
-Манай зорилтот бүлэг бол яг л нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүд. Бид тэдний хөдөлмөрлөх эрхийг хангахын төлөө ажилладаг. Энэ хорвоод эмэгтэй хүнд нөхөн үржихүйн үүргийг байгалиас заяасан. Эмэгтэй, эрэгтэй тэгш эрхтэй юм бол байгалиас заяасан үүргийнхээ төлөө хөдөлмөрлөх эрхээ хязгаарлуулах ёсгүй. Энэ тоо баримтыг Үндэсний статистикийн хорооноос гаргасан байна. Насны бүлгээр нь аваад үзвэл 25-35 нас гэдэг нь хөдөлмөрийн болон нөхөн үржихүйн нас давхцдаг. Энэ асуудал ганц манай улсад тохиолддоггүй. Бусад улс орон үүнийг тусгай арга хэмжээгээр зохицуулдаг.

Төр нь хүн амаа өсгөх зорилготой байгаа бол эмэгтэйчүүд хүүхдээ өсгөж байгаа хөдөлмөрт тусгай арга хэмжээ авна. Манай иргэд болон шийдвэр гаргах түвшний зарим хүн нэг зүйлийг ойлгодоггүй. Тэгш эрхтэй байна гэхээр “Угаасаа эрхтэй шдээ” гэдэг. Гэтэл бодит амьдрал дээр эрхээ эдэлж чаддаггүй.

Тэр эрхийг нь олгохын тулд л тусгай арга хэмжээ авч байгаа хэрэг. Аливаа улс оронд хүн амын цонх үе гэж байдаг. Энэ нь нөхөн үржихүйн насныхан олуулаа болдог. Энэ үед хүн амаа өсгөхийн зэрэгцээ хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлж, эддийн засгаа өсгөх маш том боломж нээгддэг. Харамсалтай нь Монгол Улс энэ цонх үеийг ашиглахгүй байгаа. Монголд тусгай арга хэмжээ авч байсан арвин туршлага бий. Социализмын гэх үед монгол эмэгтэйчүүд хүүхдээ яслид өгчихөөд, эрчүүдтэй зэрэгцэж ажиллаад, цалингаа аваад амьдарч байсан. 2030 он гэхэд энэ цонх үе хаагдана. Тэр болтол тусгай арга хэмжээг авч чадахгүй л байна.

-Монгол улс анх удаа эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр баталж, 2022 оноос хэрэгжүүлж эхлэхээр болсон. Энэ хөтөлбөр үр дүнгээ хэр өгөх бол. Аль хэсэгт, яаж?
- Энэ хөтөлбөрийн тухайд эмэгтэйчүүдийг дэмжих тусгай арга хэмжээ авах нь зөв гэдгийг Засгийн газар ойлгосон нь маш том алхам. Үр дүнг нь хэмжихийн тулд бодитоороо хэдэн хүнд хүрч вэ гэдгийг гаргаж ирэх нь чухал. Жилийн дараа л бид хөтөлбөрийн үр дүнг ярих боломжтой болно. Хавар бид ийм хөтөлбөр явагдаж байна шүү, хамрагдаарай гэж зарласан. Одоогоор бидэнд “Энэ хөтөлбөрийн мөнгө нь танилын хүрээгээр явагдаж байна, төрийн албан хаагч нь хувь авч байна” гэх мэт мэдээлэл ирж л байна. Бид мэдээллийн дагуу баримт цуглуулж, хяналт үнэлгээ хийх ажил төлөвлөж байна. Мөн энэ хөтөлбөрт бидний тусгаж чадаагүй нэг зүйл нь малчин эмэгтэйчүүдийн хөдөлмөрийг үнэлэх асуудал энэ хөтөлбөрт тусгагдаж чадаагүй.

Ярилцлагыг бүрэн эхээр нь ҮЗЭХ:

-Ажлын байрны бэлгийн дарамт эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтэд хэр нөлөөлдөг вэ?
-Нөлөөлдөг. Сая шинэчлэн батлагдсан хуулийн нэг давуу тал нь хөдөлмөр эрхлэх үндсэн зарчим дээр суурилсан нь давуу тал болсон. Ялангуяа, шулуухан хэлэхэд төр гэдэг хамгийн том ажил олгогч. Гэтэл төр өөрөө ажлын байрны дарамтлагч болчихоод байгаа юм. Цаг хугацаагүй ажиллуулдаг, төрийн анхан шатны байгууллагат ажилладаг төрийн албан хаагчид цайгаа ч уух завгүйгээр хөдөлмөрийн мөлжлөгт өртөж ажилладаг гэхэд хилсдэхгүй байх. Ажлын байрны бэлгийн дарамтын хувьд НХХЯ, ХЭҮК, иргэний нийгмийн байгууллагуудын Ажлын байрны бэлгийн дарамттай тэмцэх эвсэл хамтран журмууд гаргасан. ТББ-уудын санал болгож байгаа стратеги бол “Урьдчилан сэргийлээч ээ” гэж байгаа юм. Энэ үүргийг Хөдөлмөрийн хуульд оруулчихсан. Хэрэв урьдчилан сэргийлж чадаагүй бол ажил олгогч торгууль хүлээх заалттай байгаа. Дараагийн удаад Эрүүгийн хуульд орох ёстой заалт юм. Бусад улс орны хувьд эрүүгийн гэмт хэрэг мөн гэж хуульчилсан байдаг. Энэ алхмыг бид хийгээд явж байна.

-Монголын эмэгтэйчүүдийн хөдөлмөрийг дэмжих холбоо эмэгтэйчүүдийн ажил эрхлэлт, боловсролын талаар судалгаа явуулжээ. Судалгаанд оролцогчдын 40 хувь нь 11 ба түүнээс дээш жил хөдөлмөр эрхлээгүй, 65 хувь нь дээд боловсролтой, 80 хувь нь мэргэжилтэй хэрнээ ажил хийж чадахгүй байгаа гэж хариулсан. Монгол эмэгтэйчүүд ажил эрхлэхэд хүндрэлтэй байгаа шалтгаан нь юу вэ. Үүнийг эрэмбэлж үзсэн үү?
-Манай байгууллага хөдөлмөр эрхлэлтийн бодлогод судалгаа хийхдээ 0-7 насны хүүхэдтэй болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эмэгтэйчүүдийн дунд явуулсан. Ковидын үед утсаар холбогдож, 300 хүнээс анкетын судалгаа авсан. Хамгийн харамсалтай нь, 11 жил ажил хийж үзээгүй эмэгтэйчүүд байна. Манай судалгаанд ингэж таарснаас биш насаараа ажил хийж үзээгүй эмэгтэйчүүд ч байна. Яагаад гэхээр эмэгтэйчүүдэд “Ажлаа хийх үү, хүүхдүүдээ харах уу” гэдэг сонголт тулгардаг. Өнөөгийн байгаа хүүхэд харах үйлчилгээ, цэцэрлэгийн хүртээмж, цэцэрлэгийн багш нарын хүүхдийн эрх зөрчдөг асуудал гэх зэрэг нь эмэгтэйчүүдэд өөрийгөө золиослон хүүхдээ харах сонголтыг хийхэд хүргэдэг. Ажил хийхэд хүндрэлтэй байгаа асуудлыг эрэмбэлсэн. Ингэхэд,

  1. Хүүхэд харах үйлчилгээ найдваргүй.
  2. Ажлын уян хатан цагийн зохицуулалтгүй. Дийлэнх гэр бүлүүдийн хувьд “Орой 17 цагт, өдөр 12 цагт хүүхдүүдээ хичээлээс нь хэн авах вэ” гэдэг сонголттой тулгардаг. Ингээд эмэгтэйчүүд л гэртээ үлдэж, хүүхдээ авч, хүргэх ажлыг хийхээс аргагүйд хүрдэг.
  3. Нийтийн тээврийн хүртээмжгүй байдал. Энэ хариултыг Улаанбаатарын эмэгтэйчүүд буюу СХД, БЗД-ийнхэн өгсөн. Арай гэж хүүхэд харах хүн олчихоод ажил руугаа явтал түгжирч, түгжирч очоод ажлаасаа хоцорч загнуулдаг. Орой нь замдаа түгжирсээр хоол, хүүхдээ харах бүх зүйл оройтдог.
    Энэ асуултад орон нутгийнхан “Ажлын байр байхгүй” гэдэг хариултыг өгсөн.

Та бүхэн ярилцлагыг бүрэн эхээр нь үзэхийг хүсвэл ЭНД ДАРНА уу.

МХЕГ-аас тарвас, хүнсний ногоонд шинжилгээ хийж байна
МХЕГ-аас тарвас, хүнсний ногоонд шинжилгээ хийж байна
 
Н.Учрал: Цөмийн энергийн тухай ХУУЛЬ  батлагдаж БУРУУ жишгээс саллаа
Н.Учрал: Цөмийн энергийн тухай ХУУЛЬ батлагдаж БУРУУ жишгээс саллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.