ОХУ-д дроны халдлага болж, газрын тос боловсруулах үйлдвэрт ГАЛ ГАРЧЭЭ
 

ОХУ-д дроны халдлага болж, газрын тос боловсруулах үйлдвэрт ГАЛ ГАРЧЭЭ

Украины цэргийн хүчин болон Тусгай ажиллагааны хүчин Москвад томоохон хэмжээний дроны цохилт өгчээ.

2026 оны 9 дүгээр сарын 20-нд шилжих шөнө Украины цэргийн хүчин Москва хотыг чиглүүлэн өргөн хүрээний дроны цохилт өгсний улмаас Капотня дахь "Газпромнефть" компанийн газрын тос боловсруулах үйлдвэрт томоохон хэмжээний гал түймэр гарчээ.

Оросын Батлан хамгаалах яамнаас мэдээлснээр улсын хэмжээнд болон Крымын хойг орчимд 1,100 гаруй дроныг агаарын довтолгооноос хамгаалах систем болон цахилгаан соронзон суваг ашиглан устгасан байна. Москва хотын дарга Сергей Собянин болон албаныхны мэдээлснээр нийслэл хотыг чиглэсэн 450 орчим дроныг агаарт устгасан бөгөөд энэ нь Москва болсон хамгийн том дроны халдлагад тооцогдож байна.

Москва мужийн Раменский болон Орехово-Зуево орчимд халдлагын улмаас 2 хүн амиа алдаж, 20 орчим хүн шархадсан байна.

Цохилтын улмаас анхдагч боловсруулалтын төхөөрөмж болон изомеризацийн нэгжүүд эвдэрч, үйл ажиллагаа нь зогсоход хүрсэн байна. Москва хотын дарга болон албаныхан үүнийг нийслэлд чиглэсэн хамгийн том дроны халдлага хэмээн мэдэгдээд байна.

Мөн энэ сарын 17-нд Ярославль мужид байрлах ОХУ-ын томоохон үйлдвэрүүдийн нэг болох "Славнефть-ЯНОС" рүү дрон халдсаны улмаас мөн гал гарч, тоног төхөөрөмжүүд нь гэмтсэн бол энэ сарын эхээр Рязань хотын газрын тос боловсруулах үйлдвэр дроны цохилтод өртөн, анхдагч боловсруулах нэгжүүд (CDU-4, CDU-6) нь шатсаны улмаас үйл ажиллагаагаа нь бүрэн зогсоод байсан юм. Түүнчлэн Омск хот дахь "Газпромнефть"-ийн томоохон үйлдвэрүүд ч цуврал халдлагад өртөөд байгаа билээ.

Украины тал Оросын цэргийн шатахууны хангамж, дайны санхүүжилтийн эх үүсвэрийг сулруулах зорилгоор ОХУ-ын нутаг дэвсгэрийн голд байрлах эрчим хүч, газрын тосны дэд бүтэц рүү чиглэсэн цохилтоо ийнхүү эрчимжүүлсээр байгаа бөгөөд газрын тосны үнэд өөрчлөлт орж болзошгүй нөхцөл байдал үүсээд байна.

ОХУ-аас манай улсад нийлүүлэх 10-р сарын шатахууны үнэ ирээд байгаа бөгөөд авто бензиний үнэ 300 төгрөг, дизель түлш 1000 орчим төгрөгөөр нэмэгдэх төлөвтэй байгаа талаар эх сурвалж мэдээлээд байна.

Ж.Сондор

Путины нам дахиад ялав
Путины нам дахиад ялав
 
Хойд Солонгос зүүн эргийнхээ ойролцоо хоёр баллистик пуужин харважээ
Хойд Солонгос зүүн эргийнхээ ойролцоо хоёр баллистик пуужин харважээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.