Хүүхдийн “ӨРТӨГ” буюу Монголчууд яах гэж хүүхэдтэй болдог вэ?
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хүүхдийн “ӨРТӨГ” буюу Монголчууд яах гэж хүүхэдтэй болдог вэ?

-ҮЗЭЛ БОДОЛ-

“Үрээ танихгүй өнөр, үрээгээ танихгүй баян болоорой” гэж монголчууд бид нэгэндээ ерөөдөг.

Үртэй хүн жаргалтай ч гэх үг бий. Ер нь үр хүүхэдтэй холбоотой үгс нь дандаа сайн сайхныг билэгдэнэ. Ингэх нь ч зүй. Эдгээрээс хамгийн хачирхалтай нэг үг бол “Насны эцэст хөлөө хучуулах хүүхэдтэй болох”.

Энэ үгнээс үүдээд “Монголчууд яах гэж хүүхэдтэй болдог вэ?” гэх асуулт урган гарна.

“Олон хүүхдийн хэрэг алга. Урд цагт олон хүүхдээр мал хариулуулж, гэр хороололд бол ус зөөж, түлээ хагалах, газар тариалан эрхлэхэд туслалцаа авдаг байлаа. Одоо бол хүүхэд нэмэгдэхийн хэрээр зардал л нэмэгдэж байна” гэж ярих аавын үгийг сонсож билээ.

Өнөөх асуулт дахиад л гарна.

“Бид хүүхэдтэй” гэдэг блог сайтад энэ оны гуравдугаар сард “Хүмүүс хүүхэдтэй болохыг хүсдэг 10 шалтгаан” нэртэй нийтлэл хэвлэгджээ. Энэ 10 шалтгаанд:

  1. Гэр бүлээ бий болгох гэж
  2. Үр удмаа үлдээх
  3. Хүүхдэд хайртай учир
  4. Биологийн явц учир
  5. Эргэн төлөгдөх нөхцөлгүйгээр зүгээр л хайрлахын тулд
  6. Хүүхдүүддээ сайн сайхан ирээдүйг бий болгохын тулд
  7. Утга учиртай амьдралыг бэлэглэхийн тулд /бас өөртөө бий болгох/
  8. Сайн сайхан өсгөж хүмүүжүүлэхийн тулд
  9. Өөрийнхөө ээж, аавын гаргасан алдааг хүүхдүүд дээрээ засахын тулд
  10. Нийгмийн дарамт шахалтаас болж

Дээрх 10 шалтгаанаас харвал тэн хагас нь өөрийнхөө төлөө ажээ. Манай улсад гэхдээ энэ төрлийн асуулга явуулвал арай өөр үр дүн ч гарч болох юм.

ХҮҮХДИЙН ӨРТӨГ

Хүн өөрөө хайрын ургамал юм бол хүүхэд ч бас хүнд тооцогдох нь зүй биз дээ?

Гэвч дээрх аавын өгүүлсэнчлэн урд цагт хүүхдийг ахуйн ажил хөдөлмөрт туслуулах журмаар төрүүлдэг, бүр олныг төрүүлвэл ажиллах хүч улам бүр нэмэгдэх логиктой байжээ.

Харин одоо цагт хүүхдийн хөдөлмөрийн тус дэм тийм ч их байхаа больсон. Мэдээж гэр хороолол, нүүдэлчин амьдрал хэвээр байгаа. Гэвч багагүй зардал гаргаж өсгөж хүмүүжүүлсэн хүүхдүүд нь амьдралын энэ хэв маягаас аль болох зугтана. Залуу гэр бүл бүхний мөрөөдөл болсон орон сууцанд бол хүүхдийн хөдөлмөр бүр ч шалихгүй.

Ингээд бодвол “Яагаад хүүхэдтэй болох билээ” гэдэг асуултыг дахиад нухацтай тавиад үзье.

Мэдээж хүүхэд бол хүний амьдралын утга учир, энэ дэлхийг хайраар дүүргэгч гэгээн элч нар гэдгийг дахиад давтъя.

Хайрын элч нарыг гомдоож, дааруулж, өлсгөж, ер нь бол зовоож болохгүй шүү дээ. Тиймээс “тэдгээр” хайрын элч нарыг хүлээн авч, төрүүлж, өсгөхөд багагүй зардал гарна. Ерөнхийлөн тооцоолох гээд үзье.

Жирэмсэн эмэгтэйн хэрэглээ, шаардлага:

  • Витамин, шаардлагатай эм хэрэгсэл хэрэглэх
  • ЭХО-д 7-9 удаа харуулах
  • Сайн чанартай хоол унд хэрэглэх
  • Жимс жимсгэнэ, цагаан идээ, уургаар баялаг хүнс хэрэглэх
  • Агаарт гарч, амарч байх
  • Шаардлагатай шинжилгээнүүд өгч, эмчид үзүүлж байх
  • Жирэмсний зориулалтын хувцас хэрэглэл хэрэглэх
  • Хэрэв химийн бодистой ажилладаг бол жирэмсний хугацаанд ажлаасаа бүрмөсөн холдох гэх мэт шаардлагууд бий болдог.

Тухайлбал, зарим шаардлага нь тухайн эмэгтэйн орлогыг бууруулаад зогсохгүй, бараа бүтээгдэхүүнүүд нь багагүй үнэтэй. Үүн дээр монголын нийгмийн “онцлогоос” шалтгаалж зарим тохиолдолд авлигын үнэ нэмэгдэнэ.

За ингээд төрөхөөр эмнэлэгт хэвтэнэ. Хувийн эмнэлэгүүдийн хувьд зардал нь 3 сая төгрөгөөс эхэлнэ. Төрсний дараах асаргаа сувилгаа бүхий 7-14 хоногийн зардал нь 2 сая төгрөгөөс эхэлдэг.

Мэдээж улсын эмнэлэг бол үнэгүй л дээ. Гэхдээ зарим хүн хахууль өгдөг гэх.

Төрсний дараа хоёр нас хүртлээ хүүхдийн хувьд хэрэглээ нь:

  • Эмнэлэгт тогтмол үзүүлэх. Эмнэлэг нь олон янз шүү дээ, шүднийх, чих хамар хоолойнх, ханиадных гээд л. Зөвхөн нэг удаагийн үзлэг нь хувийн эмнэлэгт 40 мянган төгрөгөөс эхэлнэ.
  • Хүүхэд автомашины зориулалтын суудалтай байх ёстой.
  • Хүүхэд зориулалтын унтлагын хувцас, ор хөнжил, аяга халбага гээд хүний хэрэглэдэг бүхнийг хэрэглэх ёстой. Гэхдээ эдгээр нь хүүхдийн зориулалтынх байна.
  • Хүүхэд тогтмол агаар салхинд гарч, гүйж харайж, тоглож нааддаг байх ёстой. Тиймээс гүйж харайх талбай, тоглох тоглоомуудыг нас насны онцлогт нь тохируулан авч өгнө.
  • Түрүүлж төрсөн буюу ах эгч нар нь дүүгээ харах үүрэггүй. Тиймээс хүүхэд асрагч шаардлагатай. Манай нийгэмд хүүхэд асрагчийн цалин 800 мянган төгрөгөөс эхэлж байна.
  • Эрүүл хооллодог байх ёстой. Хүүхдийн хоол гэж бас л тусдаа зориулалтын зүйл байна. Өдөрт 3-с доошгүй удаа хооллох учиртай гэх мэт.

Хоёр наснаас дээш хүүхэд цэцэрлэг, сургуульд орно. Улсын цэцэрлэг үнэ төлбөргүй. Энэ жилээс БШУЯ-наас "Бүх хүүхдийг цэцэрлэгт хамруулах" шийдвэрийг хэрэгжүүлж байна.

Хүүхдийн хувийн цэцэрлэгийн төлбөр сарын 350 мянган төгрөгөөс эхэлнэ. Жилд 3,5 сая төгрөг гэсэн үг.

Хүүхдээ 60 хүүхэдтэй шахцалдуулахгүй, орилж хашгичих багшийн дуунаас хол байлгая гэвэл хувийн сургуульд өгч болно. Хувийн дунд сургуулийн төлбөр 3,5 сая төгрөгөөс эхэлнэ. Үүнд, формын хувцас, ном шаардлагатай материал, хоол, автобусны үнэ ороогүй гэдгийг анхааруулах нь зүй.

Дээр хэрэглэгдсэн, машины суудлыг насанд нь тохируулж томруулна. Хүүхэд байнга өсөж байдаг тул хувцас, гутлыг нь жил бүр шинээр авч өгөх хэрэг гарна. Хүүхдийн гутал 80 мянгаас эхэлдэг гээд л бодох нь.

Хүүхэд чинь томроод ирэхээрээ “Би өрөөтэй болмоор байна” гэдэг шаардлага тавьж эхэлнэ. Боломжгүй бол өөрийг чинь “Ядуу байж яах гэж намайг төрүүлсэн юм бэ” гэж загнаж ч мэднэ. Учир нь тэр бол хүүхэд шүү дээ.

Зөвхөн энэ хичээлийн жилийн хувьд хоёр хүүхэдтэй айл дунджаар хүүхдүүдийнхээ зөвхөн формын хувцсанд 400-500 мянган төгрөг зарцуулах тооцоо гарчээ.

За тэгээд нэг хүүхэд л ийм юм. Дахиад хэдэн хүүхэдтэй болмоор байна вэ?

Дулааны хангамжийн магистралийг өргөтгөх ажлыг эрчимжүүлэх үүрэг өглөө
Дулааны хангамжийн магистралийг өргөтгөх ажлыг эрчимжүүлэх үүрэг өглөө
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.