Д.Наранбаатар: Бид дэлхийд анх удаа Д вирүсийн түргэвчилсэн оношлуурыг бүтээж, үйлдвэрлэлийг эхлүүллээ
 

Д.Наранбаатар: Бид дэлхийд анх удаа Д вирүсийн түргэвчилсэн оношлуурыг бүтээж, үйлдвэрлэлийг эхлүүллээ

/2024.6.27/ “Оном” сангийнхан дэлхий дахинд дуулгах нэгэн сайхан мэдээтэй болжээ. Бид “Оном” сангийн тэргүүн Д.Наранбаатар доктороос энэ талаар тодрууллаа.

Д.Наранбаатар доктор БНСУ-ын LUCA AICell биотехнологийн
компанид

-Манай улсад хепатитын В, Д вирүстэй хүний тоо хэд байгаа вэ?
-Манай улсын хэмжээнд хепатитын B вирүстэй 250 орчим мянган хүн байгаа. Эдгээрээс хепатитын В/D вирүсийн хавсарсан халдвартай хүн 120 - 150 орчим мянган хүн байна. Оном сангаас улс орны хэмжээнд, нийт 10 мянга гаруй хүнийг хамруулсан томоохон судалгааг санхүүжүүлж хийхээр ажиллаж байна. Үүний үр дүн гарахад тоо маш тодорхой болно. Энэ судалгааг хийж байгаа зорилго нь Элэг бүтэн монгол хөтөлбөрийг хэрэгжүүлснээс хойш 10 гаруй жил болсны дараах үр дүн, мөн В вирүсийн эсрэг вакциныг нэвтрүүлээд 30 гаруй жил болсны үр дүнг тодруулах юм. Мөн залуусын дунд халдвар хэрхэн тархсан, түүний шалтгаан зэргийг тодруулах зорилготой.

-Д вирүстэй хүмүүсийн оношилгоо хэр байгаа вэ?
-Хөдөө орон нутагт байдал ямар байгааг тодорхойлохын тулд хямд үнэтэй, зөөврийн түргэвчилсэн байдлаар хариу нь гардаг оношлуур хэрэгтэй. Зөвхөн манай улсад ч биш, дэлхий даяар ийм оношлуур хэрэгтэй байгаа юм. Манай Оном сангийн тухайд хепатитын Д вирүсийн гурван төрлийн оношлуурыг бүтээх гээд, санхүүжүүлээд явж байна. Манай эмнэлэгүүд лабораторийн аргаар тоон болон чанарын шинжилгээг ELISA хэрэглэн хийдэг.

-Д вирүстэй эсэхийг тодорхойлох нь ямар ач холбогдолтой вэ?
-Элэг бүтэн монгол хөтөлбөрийн хүрээнд 1,1 сая хүнийг шинжилгээнд хамруулж, 192 мянган хүнийг оношилж, С вирүстэй хүмүүс нь тоолуулаад, эмчилгээг нь нэвтрүүлж, улмаар тэдгээр хүмүүс С вирүсээ эмчлүүлсэн. В вирүсийг мөн илрүүлж, тоолуулсан. Д вирүсийг илрүүлэх түргэвчилсэн шинжилгээ байхгүй, зөвхөн лабораторит л шинжлүүлэх шаардлагатай байгаа. Манай улсын хувьд В вирүстэй хүмүүсийн 60 хувь нь Д вирүсийн хавсарсан халдвартай байна. Энэ хүмүүсийн хэд нь хавдартай байна вэ гэдгийг тодорхойлох шаардлагатай, яаралтай эмчилгээнд хамруулах шаардлагатай. “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хүрээн хепатитын Д вирүсийн эсрэг үйлчилгээтэй эмийг хэрэглээнд нэвтрүүлэхээр болоод удаагүй байна. Эхний ээлжинд 700 хүнийг хамруулах болсон бөгөөд тэр олон арван мянган хүнээс аль 700-г хамруулах вэ гэдэг нь өөрөө том асуудал болж байна шүү дээ. Цаашдаа эмчилгээний хүртээмжийг сайжруулж, хүний тоо нэмэгдэнэ.

-Та бүхний хийж байгаа оношлуурын талаар яриач?
-Солонгос, Сингапурын эрдэмтэдтэй хамтарсан хепатитын Д вирүсийн халдвар илрүүлэх түргэвчилсэн оношлуур юм. Эхний тестүүд хийгдээд, 200 ширхгийг туршиж үзэхэд өндөр үр дүн үзүүллээ. Энэ зургаадугаар сарын эхээр Италийн Милан хотноо болсон Олон улсын Элэгний конгресс дээр дэлхийн эрдэмтдэд танилцууллаа. Үүний өмнө эрдэмтдийн баг сүүлийн үед хийсэн шинэ бүтээлүүдээс шалгаруулж, энэ конгресст хэлэлцэх эсэхээ шийддэг. Тэр шийдвэрээр манай оношлуурыг хэлэлцэх нь зүйтэй гэж үзээд конгресст илтгэлээ танилцууллаа. Мөн судалгааны хураангуй нь олон улсын Хепатологи сэтгүүлийн хавсралтад хэвлэгдсэн. Германы эрдэмтэд оношлуур хийх гэж нэлээд олон жил ажилласан, гэхдээ үйлдвэрлэлд ороогүй байна. Манайх бол хэдийнээ үйлдвэрлэлд орчихлоо. Би энэ Сөүлд байхдаа үйлдвэр дээр очиж, үйл явцтай танилцлаа.

-Ямар хугацаа зарцуулсан бэ?
-Яг энэ ажил бол Ковидын үеэр эхэлсэн. 2020 оны үед. Сэдэл санаа, зарим ажлууд бүр 2018 онд эхэлсэн. Олон улсад хэрэглээнд нэвтрүүлээд, дэлхийн улс орнуудад бүртгүүлж борлуулна. БНСУ-д үйлдвэрлэл нь хийгдэж байна. Жишээ нь, АНУ гэхэд манайхаас хүн амын тоогоороо 100 дахин их ч,хепатитын Д вирүстэй хүний тоо манай улсынхтай адил. Гэхдээ тэнд Д вирүсийн оношилгоо, эмчилгээ эрчимтэй биш. Мөн Ази, Африкийн улс орнууд байна. Д вирүсийн хувьд торгоны зам дагаж их тархсан байдаг онцлогтой. Тэгэхээр энэ зам дагуух улс орнуудын хүн амд маш их хэрэгтэй. Ер нь дэлхийн олон сая хүнд хэрэгцээтэй оношлуур зохион бүтээгдсэн гэсэн үг.

-Олон улсад танилцуулагдсан гэж та хэллээ. Тэгэхээр улс орнуудаас хэрэглэгдэх хүсэлт очсон болов уу?
-Одоогоор Казакстан, Узбекистан, Турк улсууд хүсэлтээ илэрхийлээд, манай хамтарсан баг Узбекистан руу эхний 50 оношлуураа явуулчихсан. Мэдрэг чанар нь 99 хувьтай гарсан гэдэг хариу ирсэн. Аливаа улс оронд оношлуураа нэвтрүүлэхийн тулд эхлээд бүртгүүлнэ, түүний дараа нийлүүлэх эрх нь үүснэ. Тэгэхээр эхний ээлжинд бүртгүүлнэ гэсэн үг.

-Эрдэмтдийн багаа танилцуулаач?
-Олон хүн байгаа. Д.Наранжаргал доктор, Монголын Вирусологчдын холбооны дэд ерөнхийлөгч, доктор, профессор М.Алтанхүү байна, МУИС-ийн профессор, доктор О.Одгэрэл, Станфордын их сургуулийн Эрдэмтэн судлаач, Э.Анир доктор, A.Номин, Э.Саруул гээд залуу судлаач эрдэмтэд байна.Миний хүү Н.Аргун мөн энэ ажил дээр хамгийн залуу судлаач ажиллаж байна. Би Д.Наранжаргал доктортой хамтраад багаа ахлаад ажиллаж байна. Хамтарсан багуудын хувьд Сингапурын технологийн их сургуулийн эрдэмтэд, Солонгосоос болохоор LUCA AICell гээд түргэвчилсэн оношлуурын үйлдвэрлэл дээр ажиллаж байгаа компани байна. Энэ компани Kовидын үеэр түргэвчилсэн тестийг үйлдвэрлэж, энэ талаар туршлага хуримтлуулсан, биотехнологийн компани юм. Харин манай Оном сан судалгаа, эрдэм шинжилгээний ажлаа хийсэн.

-Энэ бүх санхүүжилт хаанаас гарч байгаа вэ?
-Үйлдвэрлэлийг
LUCA AICell биотехнологийн компани, Оном сан эрдэм шинжилгээний ажил, судалгаагаа хөрөнгө оруулалт гаргаж хийсэн.

-Ковидын тестийн үнэ нь 18 мянга хавьцаа байсан санагдаад байна. Түргэвчилсэн байдлаар оношлох Д вирүсийн түргэвчилсэн оношлуурын үнэ нь хэд байх вэ?
-Үнийн хувьд зарлаагүй байна. Ковидын тесстэй ойролцоо үнэтэй байх болов уу. Лабораторийн шинжилгээнил үнэ 35 мянга орчим байгаа. Эхний ээлжинд Солонгос, Монголын хамтын ажиллагаа гээд 10 мянган хүнд үнэ төлбөргүй оношилгоо явуулахаар ажиллаж байна. Бусад улс орнуудад борлуулахын тухайд гэвэл тухайн улс орны нэг хүнд оногдох дотоодын нийт бүтээгдэхүүн буюу тухайн орны орлогоос нь хамааруулж үнийг тогтооно. Узбекистан, Пакистан гээд өндөр тархалттай ч тийм өндөр хөгжилтэй биш улс орнуудад арай хямдаар борлуулах болов уу. Хэрэв өндөр үнэтэй байгаад, оношлуурыг маань дэлхийн улс орнуудад хэрэглэх боломжгүй болчихвол эрдэмтэд бидний оношлуур бүтээсэн гол зорилго маань биелж чадахгүйд хүрэх учир улс орнуудад тохирсон үнийн бодлого баримтална гэсэн үг.

-Зөөвөрлөх боломжтой гэдгээрээ давуу талтай байх уу?
-Тэгэлгүй яахав, өрхийн эмнэлэг, сумын төвүүд рүү авч яваад тестлэх бүрэн боломжтой болно. Цаашдаа бид нэг шинжилгээгээр В, Д вирүсийг хоёуланг нь илрүүлэх боломжтой байх тийм оношлуур бүтээхээр мөн судалгааны ажил эхэлсэн байгаа.

-Хэрэглээнд хэзээ нэвтрэх вэ?
-Одоо бид 900 хүний дээж дээр дахин өргөтгөсөн судалгаа хийх гэж байна. Энэ үр дүнгээ олон улсын нэр хүндтэй шинжлэх ухааны сэтгүүлүүд хэвлүүлнэ. Дараа нь эхлээд Монгол Улсдаа бүртгүүлж,дээр хэлсэнчлэн 10 мянган хүн дээр үнэ төлбөргүй оношилгоо хийнэ. Үүнтэй зэрэгцээд бусад улс орнуудад бүртгүүлэх, нийлүүлэх ажил эхэлнэ дээ.

-Судалгааны ажил нь амжилттай болж, үйлдвэрлэл нь эхэлж, хэрэглээнд нэвтэрсэн байна гэдэг эрдэмтдийн хувьд том амжилт. Тиймээс Та бүхэнд баяр хүргэе.
-Баярлалаа, Монгол хүний оюун сэтгэлгээ оролцсон дэлхийн шилдэг эрдэмтэдтэй хамтран бүтээсэн технологийн бүтээгдэхүүн тун удахгүй бэлэн болоод дэлхийн улс орнуудад нэвтрэх болчихлоо. Бидний хувьд үнэхээр том баяр юм. Манай улс ер нь цаашдаа уул уурхайд ганцхан найдах биш, шинэ технологи хөгжүүлэх, инноваци нэвтрүүлж, дэлхийн зах зээл дээр гаргаж ажиллах хэрэгтэй. Оном сангийн Эрдэмтдийн баг энэ чиглэлд манлайлж ажиллана аа.

Д.Наранбаатар доктор БНСУ-ын LUCA AICell биотехнологийн
компанийн эрдэмтдийн хамт
20 минутын дотор төрийн үйлчилгээ авах шинэ стандарт тогтооно
20 минутын дотор төрийн үйлчилгээ авах шинэ стандарт тогтооно
 
УИХ-д суудал авсан 5 нам, эвсэл болон 1% босго давсан намууд хэрхэн санхүүжилт авах вэ?
УИХ-д суудал авсан 5 нам, эвсэл болон 1% босго давсан намууд хэрхэн санхүүжилт авах вэ?
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.