/2024.03.27/: Засгийн газрын өнөөдрийн хуралдаан болж өнгөрлөө. Өнөөдрийн хуралдаанаар элэгний Д вирусын халдварын тархалт, эмчилгээ, оношилгооны өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээний талаар хэлэлцсэн юм.
Энэ тухай Эрүүл мэндийн сайд С.Чинзориг танилцууллаа.
Тэрбээр, "Манай улсад элэгний хавдрын өвчлөл, нас баралт өндөр байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар гепатит Д вирусийн халдвартай 66 мянган орчим иргэн байна" гэв.
Мөн тэрээр "Гедатит Д вирусийн иргэдийн төлөөлллийн байгуулсан ТББ-ын гаргасан судалгаагаар 150 орчим мянган иргэн байна гэсэн судалгаа байдаг. Өнөөдөр ХӨСҮТ дээр шинжилгээ өгч, мэдээллийн санд орсон 3800 иргэн байна.
Дэлхийд гепатит Д вирусийг эмчилдэг ганц эмчилгээ бий. ДЭМБ-д зөвшөөрөөгдсөн Интерферон гэж тариа бий.
ДЭМБ-ын тариаг худалдан авах ажиллагааг зохион байгуулж байна. Гэхдээ гаж нөлөө ихтэй байгаа учраас гепатит Д вирустэй иргэдийн төлөөлөл байгуулсан ТББ-аас шүүмжлэлтэй хандсан тул тендерийн асуудлыг түр түдгэлзүүлээд байна. Мөн Буриадад Монгол иргэдийг Д вирусийн эмчилгээнд хамруулах хэлэлцээг хийж санамж бичигт гарын үсэг зурсан.
ОХУ-д үйлдвэрлэсэн "Мирклудекс Б тарианы сарын эмчилгээ нь 160-175 мянган рублийн үнэтэй. Гэхдээ хэлэлцээр хийж сарын 145 мянга орчим рубль байж болгох боломжтой гэсэн үнийн санал ирсэн. Мөн АНУ-ын үйлдвэрлэж байгаа тариаг дундын зуучлалгүйгээр шууд ХӨСҮТ хөнгөлөлттэй үнээр оруулж ирэх хэлэлцээр хийж байна. Энэхүү АНУ-аас авах эмийг ДЭМБ бүртгээгүй байгаа ч манай улс 2021 онд өнчин эмийн бүртгэлд бүртгэж авсан байдаг.
Цаашдаа хоёр арга хэмжээ авна:
АНУ-аас оруулж ирсэн эмийг дотоодын эмчилгээнд хэрэглэвэл гаалийн татвар болон НӨАТ-аас чөлөөлхөөр болсон. Мөн энэ талаар Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэнэ. Ингэхдээ халдварт өвчний эмчилгээний зардлыг төр хариуцна гэсэн заалтыг үндэслэн Д вирусийн эмчилгээний зардлыг жил бүхний төсөвт тусгаж, санхүүжүүлхээр төлөвлөж байна. Учир нь энэхүү өвчний эмчилгээ нь маш өндөр өртөгтэй байдаг бөгөөд уг өвчнөөр өвчилсөн хүмүүсийн дийлэнхийг өндөр настай хүмүүс эзэлж байгаа тул амжиргааны түвшинд хүнд цохилт болдог" гэв.